Дабль стандарт: Ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү!

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Ардын хувьсгалын 100 жил

Дабль стандарт: Ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү!

Дабль стандарт: Ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү!

Ардын хувьсгалын 100 жилийн ойг хугацаанд нь, гэхдээ цахимаар тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өчигдөр мэдээлэв. Үндсэндээ долдугаар сарын 11, 12-нд өнгөрсөн жилийнх шигээ МАН-ын дарга нар дэнж хотойтол, Монголын ард түмэн диван “гоцойтол” наадах дэг.  Одоо яах гэхэв, иргэд юу хүснэ, түүнийгээ олж авдаг хойно доо. Эрх чөлөө хүсвэл эрх чөлөөг, дарангуйлал хүсвэл дарангуйллыг олно.

Энэ жилдээ наадмаа түрдээ хойшлуулаад эрүүл мэндээ бодъё гэж их эртнээс л олон нийт сануулж, хэлсээр байгаа билээ. Атал арван тэрбумаар наадна чиг, найрлана чиг гэх эрх баригчдад иргэд  нь үхэх сэхэх хамаагүй болжээ. У.Хүрэлсүх наадам нээхгүй бол улсын Ерөнхийлөгч биш болчихгүй байлтай. Тэгээд ч цахим наадна гээд бөхчүүд нь цахимаар барилдахгүй, морьдоо цахимаар уралдуулахгүй нь лав. 1024 бөх барилдана гэдэг мянган хүний бөөгнөрөл тэнд үүснэ гэсэн үг. Сонгуулийн өмнө хөдөө, хотгүй тараасан халдварынх нь тархалтыг яая даа гэж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа нэмэр дээр нэрмээс болох хэрэг байна уу. Ковид ялгавартай ханддаг вирус биш бол наадам үзэцгээх дарга нар, барилдах бөхчүүд, уяач хүүхдүүд бүгд халдвар авах, тараах эрсдэлтэй.

Наадам  төрт ёсны их баяр, үндэсний өв соёл  мөн.  Гэхдээ арван тэрбумаар наадаж байхаар амьсгалын аппарат авч арван хүний ч болтугай амийг аврах хэрэгтэй биз дээ.  Цар тахлаас болж, өнөөдрийн байдлаар  469 хүн алтан амиа алджээ. Цаашдаа ч нас баралт улам нэмэгдэхийг  УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийнхөн сануулсаар байна. Авчиг 12 хоёр жилийн дараах ялалтаа тэмдэглээд Ардын намынхан зуун жилээрээ хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад зоогломоор байгаа юм байлгүй, эмч мэргэжилтнүүдийнхээ үгийг “гөлөөг” ч гэж тоож сонсох хүн алга. Медаль тараах, МАН-ын зуун жилийг яажшуухан тэмдэглэх талаар ярьж, бодож байгаа нь олон байна.

Цахим наадмаас хэмнэсэн мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахыг Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт үүрэг чиглэл болгосон. Үүнд талархах хаашаа билээ, өвчин туссан иргэд эм авах мөнгө ч үгүй байна.     

Зуун жилийн наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах “Херо” Б.Баатар найруулах гэнэ. Өнгөрсөн жилийн, Х.Баттулгын зуслан дээр болсон наадмын нээлтийг тэрбээр найруулж, аялал жуучлалыг даллах брэнд контент бүтээнэ, ураад, алаад өгнө гэсэн яалаа, уртаас урт клиптэй үлдсэн. Хөлс мөнгөгүй ажилласан хүнийг буруутгах бас учир дутагдалтай.  Гэхдээ заавал Ерөнхий сайдын төрсөн ахыг хөлс мөнгөгүй ажиллуулах албагүй. Хөлстэй, хөлсгүй байх нь хамаагүй, хуулиар бол ашиг сонирхлын зөрчил үүснэ.

Б.Баатарын үүсгэн байгуулсан “Херо” компанийн 50 хувийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг. Тиймээс  төсвийг  захиран зарцуулдаг дүү нь татвар төлөгчдийн мөнгөөр төрсөн ахынхаа клипийг ил цагаан санхүүжүүлээд суух нь хуультай, ёс зүйтэй, хариуцлагатай улсад бол цайрсан хулгайд тооцогдох биз. Даанч Монголд  байдаг үзэгдэл. “Аав хүнийхээ хувиар Эрдэнэтэд шахаа хийхэд нь  ярьж тусалсан юм аа” гээд хээв нэг хэвлэлийнхний амыг таглах нь хэвийн зүйл болсон доо.  Ард иргэд нь ч цагаан цаас гэдэг үнэн,  авлигач, эх оронч хоёроо, ашиг сонирхол, амин хувь хоёрыг ялгаж салгаж чаддаггүй. Ерөнхий сайдын төрсөн ах яагаад наадам найруулж болохгүй гэж асуудаг нь ч бий. Хуулиараа бол болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж албан тушаалаасаа огцрох үйлдэл мөн юм.

Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар гурав найруулахаар шалгарсан байдаг. Гэтэл цахимаар наадахаар Засгийн газар шийдвэрлэсэн учраас төсвийг хэмнэх үүднээс Б.Баатар ганцаараа найруулахаар болсон юм даг уу даа.

Шадар сайд  С.Амарсайханы Ерөнхий сайддаа тал засаж байгаа царай нь энэ байх, чааваас. Эхнэр, хүүхдээ илүү давуу эрхтэй гэж боддог  дабль стандарттай дарга нар иймэрхүү шийдвэр ичихгүй гаргана. Эсвэл танхимынх нь тэргүүн ингэж тушаасан байж магадгүй. Аль ч өнцгөөс нь харсан авлига, ашиг сонирхол байна аа гэсэн үг.

“Херо” цагтаа сайн, эрэлттэй найруулагч байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг өөр болсон. Үзэгчид хэрсүү болсон. Үнэндээ хэн нэгнийг хүчээр уйлуулдаг,  хэт уянгалсан бүтээлийг олон нийт таашаахаа болиод удаж байна. Задгай сэтгэдэг, чамбай найруулдаг залуус зөндөө бий.  Өчигдөрхөн Монголын үндэсний телевизээр давтан гарсан У.Хүрэлсүхийн нэвтрүүлгийг үз. "Херо"-гийн нэвтрүүлгээс хамаагүй амьдралтай байгаа биз дээ. Энтертаймент шоуг утгаар нь хийж, жинхэнэ огшуулж, омогшуулж чадах уран бүтээлч цөөнгүй. Яагаад заавал Б.Баатар гэж?! Ерөнхий сайдын төрсөн ах болохоор уу.

Зүй нь баяр наадмын комисс нээлттэй тендер зарлаж, сонгон шалгаруулалт явуулах ёстой байв. Төсвөөс санхүүжүүлж буй контент учраас Ерөнхий сайдын төрсөн ах амбицтай, авьяастай байлаа ч түүнд наадмын нээлтийг найруулах эрх олгох нь ёс зүйн талаасаа,  хууль дүрмийн хувьд ч хүлээн зөвшөөрөх үйлдэл яавч биш. Тэгээд ч Covid-19-ийн үед Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Карантин-14”, “ Мэдээллийн урсгал”, “Аса станц”-ын ард “Херо” Б.Баатар байсан нь хэнд ч ойлгомжтой болсон.

Хүүхдийн төлөө фондыг ахынхаа нэр дээр байгуулж ард түмний өгсөн хандивын мөнгийг хувийн дансанд нь авахаас эхлээд ах дүү хоёрын энэ бүх үйлдлийг харахад  ард түмнээ арай л дэндүү доромжилж, басамжлаад байх шиг.

Ерөнхий сайд нэгэнтээ ахыгаа Оскарын шагнал авах хэмжээний том уран бүтээлч байгаасай гэж боддог тухайгаа ярьсан байдаг. Хувь хүн талаасаа ахыгаа магтаж дэмжих хүний ёс. Гэхдээ цар тахлаас болж, иргэд нь ажил орлогогүй болчхоод байхад төрсөн ахаараа засгийн бүх пиараа хийлгэж, төсвөөс санхүүжүүлээд сууж байгаадаа Л.Оюун-Эрдэнэ ичих ёстой юм. Улс төрийн том тоглогч болъё гэж байгаа бол энэ мэт жишиг сажиг шуналаасаа салах хэрэгтэй. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад зөвлөхөд, ардын наадам болохоос ах дүү хоёрын баяр биш шүү!

                                                                  Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
БурууБуруу
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж