Эрхэм хүндэт фанатуудаа, хөлбөмбөгийн сонгодог тулаан ЕАШТ-ий хоёр удаагийн аварга Францын шигшээ, аваргаа хамгаалагч Португалын шигшээ багуудын тоглолт Унгарын Будапешт хотын Пушкаш цэнгэлдэх хүрээлэнд явагдах гэж байна. Хоёр багийн хувьд хэсгийн байрлалаа шийдэх тоглолт. Франц бүтэн 3 оноогоо авч чадвал "F" хэсгийг тэргүүлж шөвгийн 16-д шалгарна. Харин Португалын шигшээ нэгээс олон гоолын зөрүүгээр хожих шаардлагатай. Учир нь Германы шигшээ багтай яг адилхан 3 оноотой байгаа. Германы шигшээ нөгөө талд харьцангуй сул өрсөлдөгчтэй тоглоно. Багуудын хувь заяаг шийдэх үнэхээр сонирхолтой тоглолт биднийг хүлээж байна.
Хоёр баг хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтдоо хүссэн үр дүнгээ авч чадаагүй. Францын шигшээ Унгарын эсрэг тоглож 1-1 харьцаатай тэнцсэн билээ. Ихэнх хөлбөмбөг сонирхогчид тэднийг төвөггүйхэн хожно гэж таамаглаж байсан ч Унгарын шигшээ онцгой сайн байж таамгийг эвдсэн. Португалчууд хүчирхэг Германы шигшээтэй учраа таарч тоглоход тоглолтын эхний гоолыг Криштиану Роналду оруулж тэргүүллийг аваад байсан ч дараалан 4 гоол алдаж хожигдол хүлээсэн билээ.
Энэ Еврог чимэж байгаа нь гарцаагүй үхлийн хэсэг. Хөлбөмбөгийн гурван том үндэстэн нэг хэсэгт багтана гэдэг анхнаасаа л том өрсөлдөөн гарна гэдгийг илтгэсэн.
Гарааны хувьд Португалчууд төвийн хагас хамгаалагч Карвалью сэлгээнд сууж Рэнату Санчэш гараанд гарах магадлал тун өндөр байна. Бусад байрлал дээр Фернанду Сантош дасгалжуулагч төдийлөн өөрчлөлт оруулахгүй байх гэж бидний зүгээс таамаглаж байна.
Францы хувьд хэсгийн хамгийн сул өрсөлдөгч Унгартай тэнцсэнээр нөхцөл байдлаа ээдрээтэй болгосон. Мэдээж 4 оноотой гэдэг утгаараа хэсгээс гарах нь тодорхой боловч байрлалын хувьд гуравдугаар байр руу ч унаж магадгүй байдалд байгаа.
Онцлох тоглогч:
Португалийн шигшээ багийн итгэл найдвар, амин сүнс болох Криштиану Роналду Дос Сантос Авейро энэ тоглолтын онцлох тоглогчоор нэрлэгдэх нь мэдээжийн хэрэг. Евро 2016 дээр 4 гоол оруулж аварга авч байсан бол энэ тэмцээнд хэсгийн эхний хоёр тоглолтод аль хэдийнээ 3 гоол оруулаад байна. Португалчууд хэрэв энэ тоглолтод хожиж аваргаа хамгаалах боломжоо хадгалж үлдэнэ гэвэл Роналду ээлжит удаагаа сайн тоглолт гаргах шаардлага үүснэ.
Харин эсрэгээрээ энэ тэмцээнд тун чимээгүй байгаа тоглогч бол Килиан Мбаппэ. Тэрээр хэсгийн эхний хоёр тоглолтдоо нэг ч гоол оруулаагүй байгаа бөгөөд 198 минутыг талбай дээр өнгөрүүлээд байна. Өмнөх улиралд Францын лигтээ 27 гоол оруулсан бөгөөд түүний хэр тоглохоос шалтгаалж Францийн шигшээ баг хэсгээс гарах эсэхээ шийдэх юм.
Чих тавих тоглогч:
Английн Ливерпүүл клубын довтлогч Диего Жота. Одоо 24 настай тэрбээр клуб болон шигшээдээ довтолгооны гол хүчнүүдийн нэг болоод байна. Өнгөрсөн улиралд клубтээ тун сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд бэртээгүй байсан үзүүлэлтийн хувьд бүр ч өндөр байх байв. Энэ Еврод ч шигшээ багийнхаа төлөө сайн тоглолт үзүүлж байгаа бөгөөд одоогоор 1 гоол, 1 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Португалын шигшээ багийн бүрэлдэхүүн дэх довтолгооны аюултай тоглогчдоос Криштиану Роналдугаас гадна Диего Жота нэрлэгдэх нь гарцаагүй. Тэр өнөөдөр довтолгоонд хэдий чинээ сайн оролцоно төдий чинээ Португал хожих магадлал ихсэх юм.
Тоглолтын статистик:
– Хоёр баг түүхэндээ 13 удаа учраа таарч тоглож байсан бөгөөд Португалын шигшээ 1 удаа, Францын шигшээ 12 удаа хожиж байжээ. Нэг ч тоглолт тэнцээгээр өндөрлөж байгаагүй нь сонирхолтой.
– Үхлийн хэсэг гэгдээд буй F хэсгийг Герман, Францын, Португал, Унгарын шигшээ багууд бүрдүүлээд байгаа билээ. Энэ нь Франц, Португалын шигшээ багууд анх удаагаа том тэмцээний нэг хэсэгт багтаж байгаа явдал болсон байна.
– Хоёр багийн сүүлийн дөрвөн учраанд ердөө 3 гоол оржээ.
Португал:
– Тэд сүүлийн 31 тоглолтдоо ердөө 3 хожигдоод байгаа аж. (19 хожил, 9 тэнцээ)
– Өмнөх тойрогт тэд Германы шигшээд 4-2 харьцаатай хожигдсон билээ. Тэгвэл Португалчууд түүхэндээ анх удаагаа Европын Аваргын тоглолтод хаалгандаа 4 гоол алдсан тохиолдол болжээ.
Франц:
– Өмнөх тойрогт Унгарын шигшээ багтай 1-1 харьцаатай тэнцсэн билээ. Тэд 527 минутын дараа анх удаагаа хаалгандаа гоол алджээ.
– Францчууд том тэмцээний хүрээнд сүүлийн 9 тоглолтдоо нэг ч хожигдоогүй амжилттай байна. (7 хожил, 2 тэнцээ)
– Тэд сүүлийн гурван том тэмцээнд хэсгийн сүүлийн тоглолтдоо тэнцээд байгаа аж.
Newmeta – М.Пүрэвдорж
Холбоотой мэдээ