Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 13

Наймдугаар сарын 13-ны баяр

Төв Африкийн улсын тусгаар тогтнолын өдөр

Францаас тусгаар тогтнолоо 1960 онд авсан Төв Африкийн бүгд найрамдах улс дандаа бүгд найрамдах улс байсангүй. 1966 онд санхүүгийн хурц хямралд орсон оронд төрийн эргэлт хийгдлээ. Шинэ дарангуйлагч жинхэнээсээ хүний мах иддэг байсан Бокасса 1976 онд өөрийгөө эзэн хаан, улсаа эзэнт улс гэж зарлав. Түүний дэглэм гурван жил үргэлжилсэн юм. АНУ, Зөвлөлт ба Франц түүнийг дэмжихээ зогсоосон байлаа.

Солгой гартнуудын олон улсын өдөр

Орчин үеийн дэлхий баруун гараагаа гол ажлаа хийдэг хүмүүсийнх юм. Бичиг хэргийн ба ахуйн бүх багаж төхөөрөмж зөвхөн баруун гартнуудад зориулагдсан байгаа. Азаар солгой хүүхдүүдийг баруунаараа бич гэж шахдаггүй.

Солгой гартнуудын олон улсын өдрийг (International Lefthanders Day) анх удаагаа 1992 оны энэ өдөр Британийн солгой хүмүүсийн клубын санаачилгаар хийжээ. Энэ өдөр тэд үйлдвэрлэгч нарын анхаарлыг өөрсдийн тавгүй орчинд хандуулахаар уриалан олон янзын арга хэмжээ авдаг.  Статистикийн мэдээгээр дэлхийн хүн амын 10 хувь нь солгой ажээ. Марк Твен, Леонардо да Винчи, Микеланжело, Бетховен, Сергей Рахманинов, Пол Маккартни ба Ринго Старр, Мерилин Монро, Роберт де Ниро нарыг нэрлэж болно. Түүхэн хүмүүсээс Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонапарт, Карл хаан, Уинстон Черчилль ба Жанна Д"Арк, мөн Америийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч  Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар бас л солгой.

Үйл явдал

Эрнан Кортес  Ацтекийн нийслэлийг эзлэв

1521 ОН: Эрнан Кортес Ацтекийн эзэнт улсын нийслэл  Теночтитлан хотыг эзэлсэн байна. Амьд хүчин ихтэй мексикчууд эсэргүүцэл үзүүлсээр байсан учир Кортес хотыг бүслэн хааж байгаад 1521 оны энэ өдөр түүнийг дайран орж эзэлжээ. Энд мексикчуудаас 24-70 мянган хүн үрэгдсэн гэдэг. Испаничуудын хохирол бас тодорхойгүй. Тэднээс 100 цэрэг олзлогдоод тэнгэрийн тахилга болсон гэх баримт бий. Бүслэлт 75 хоног үргэлжилжээ. 1524 он хүртэл испаничууд Мексикт хэд хэдэн хотыг үндэслэсэн байв. Кортес өөрөө Теночтитлан хотыг сэргээн босгох ажлыг гардан хийжээ. Энэ хотын буурин дээр Мехико гэсэн колонийн хот бий болсон юм.

Ришелье Францын тэргүүн сайд болов

1624 ОН:
Үүнээс хоёр жилийн өмнө Их хамба болж байсан  39 настай Арман Жан дю Плесси де Ришелье Францын тэргүүн сайдаар томилогдов.
Кардинал Ришелье

Дараагийн бүх жилүүдэд тэрээр төрийг удирдаж байлаа. 1631 онд түүнд герцог цол олгосон байв. Тэрээр хааны хязгааргүй эрхийг бататгах эрмэлзлээсээ гадна Францын соёл, уран зохиолыг дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Сорбонны их сургуулийг тэрээр шинэчилсэн ба Францын Шинжлэх ухааны академийг бий болгох хааны зарлигийг тэрээр зохиосон бөгөөд Европын хамгийн шилдэг номын санг тэр Сорбонны их сургуульд гэрээслэн үлдээсэн байлаа.

Их хамба  зураач, уран зохиолчдыг дэмжин Францын урлагийн классицизмыг цэцэглүүлсэн хүн ажээ. Ришилье Европын түүхэнд хүчтэй нөлөө үзүүлсэн ба дотоод бодлогодоо католик ба протестант сүсэгтнүүдийн хооронд бүрэн хэмжээний иргэний дайн гарахыг  зайлуулжээ.  Тэрээр дуэлийг зогсоож чадаагүй ч хаанд үл захирагдах нь таашаал биш харин улсын эсрэг гэмт хэрэг гэж тогтоож өгсөн байв.    

Фидель Кастро төржээ

1926 ОН: Кубын Орьенте мужийн Биранад Социалист Кубыг байгуулагч ба удирдагч Фидель Кастро төржээ.

Телевизийн анхны өнгөт нэвтрүүлэг гарчээ

1928 ОН:  Өнөөгөөс 82 жилийн өмнө Лондонд Шотландын эрдэмтэн Жон Бэрдын Европын хувь нийлүүлэгчдийн радио станцаар телевизийн анхны өнгөт нэвтрүүлгийг дамжуулан үзүүлжээ. Бэрдын телевизийн систем нь Пауль Нипковын бүтээсэн нүхтэй металл зээрэнцгийг ашигласан байв. Түүгээр дүрсний буулгалтыг хийсэн байв. Ердийн дунд долгионы радио системийг ашиглан дүрсийг гаргажээ. Анхны дүрслэл нь шуудангийн маркийн хэмжээтэй дэлгэцнээ маш бага өнгийн шийдэлтэй байсан юм. Хоёр жилийн дараа Бэрд анх удаагаа өнгөт телевизийн ажиллагаатай загварыг хийсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж