16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхлээд 14 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Зарим хэсгийн тоглолтууд дуусч, үлдсэн хэсгүүдийн сүүлийн тоглолтууд өнөөдөр/2021.06.23/ шөнө явагдах хуваарьтай байгаа билээ. Одоогоор хэсгийн тоглолтуудад нийт 71 гоол бүртгэгдээд байгаа бөгөөд 49 тоглогч эдгээр гоолуудыг оруулжээ. Үүнээс 12 тоглогч нь нэгээс олон удаа хаалганы торыг хөдөлгөөд байгаа аж. Тэгвэл бид та бүхэнд зориулж хэсгийн тоглолтуудад гоол оруулсан хамгийн залуу таван тоглогчийг хүргэж байна.
- Миккел Дамсгаард (20 нас 346 хоног)
Энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд одоогоор гоол оруулсан хамгийн залуу тоглогч Миккел Дамсгаард болоод байна. Тэрбээр Данийн шигшээ багийн довтлогч бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтод ОХУ-ын эсрэг эхний гоолыг оруулсан. Гарцаагүй энэ тэмцээний нээлт болоод байгаа залуу юм. Түүнийг аль хэдийнэ Европын том багууд онилоод байгаа. Италийн Сампдориа клубт хүчин зүтгэдэг тэрбээр өнгөрсөн улирал Сери-А лигт 35 тоглолтод оролцож, хоёр гоол оруулсан байна.
- Кристоф Баумгартнер (21 нас 310 өдөр)
Германы Хоффенхэйм клубын хагас хамгаалагч 21 настай залуу Австрийн шигшээ багийнхаа гол тоглогчдын нэг болжээ. Тэрбээр Украины шигшээ багийн эсрэг тоглолтын цорын ганц гоолыг оруулж багаа шөвгийн 16-руу багаа хөтөлсөнөөр энэхүү жагсаалтын хоёрдугаар байранд бичигдэж байна. Австри 1934 оноос хойш анх удаагаа уг тэмцээний хасагдах шатанд шалгарсан байгаа бөгөөд үүнээс түүний гоол ямар үнэ цэнтэй байсныг харж болно. Өнгөрсөн улирал тэрбээр Бундеслигийн 31 тоглолтод оролцож, зургаан гоол оруулаад амжсан.
- Кай Хаверц (22 нас 356 өдөр)
Хэдийнэ германчуудын хайр хүндлэлийг хүлээж, од болоод байгаа залуу бол Кай Хаверц. Тэрбээр энэ жилийн Аваргуудын лигийн финалын тоглолтын цорын ганц гоолыг оруулж багтаа Европын хамгийн нэр хүндтэй тэмцээний цомыг авчирсан билээ. Кай Хаверц өнгөрсөн улирал нийт 45 тоглолтод оролцож есөн гоол оруулжээ. Тэрбээр Евро-2020 тэмцээний хэсгийнхээ хоёр дахь тоглолтод аваргаа хамгаалагч Португалийн эсрэг гоол хийснээр энэхүү жагсаалтын гуравдугаар байранд бичигдэж байна. Мөн Кай Хаверц Германы шигшээ багийн өмсгөлтэй Европын аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулсан хамгийн залуу тоглогч болоод байгаа юм.
- Мануэл Локателли (23 нас 159 өдөр)
Италийн Сассуоло клубын хагас хамгаалагч Мануэл Локателли. Бүр багаасаа л гялалзаж эхэлсэн Локателли Италийн шигшээгийн бүх насны ангилалд тоглоод үзчихсэн гэхэд хилсдэхгүй. Мөн тэрбээр АС Милан клубын хүүхдийн академид суралцаж байсан. Локателли Миланы үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадсан бөгөөд гурван жил тоглоод Сассуоло клубыг зорихоор болж байв. Евро 2020-ийн хэсгийн хоёр дахь тоглолтод Италийн шигшээ баг Швейцарийн шигшээг 3-0 харьцаатай хожиход Мануел Локателли хоёр гоол хийснээр энэхүү жагсаалтын дөрөвдүгээр байранд бичигдэж байна.
- Жоаким Маехль (24 нас 32 өдөр)
Данийн шигшээ багийн хамгаалалтын гол тоглогчдын нэг болоод буй Жоаким Маехль. Тэрбээр Италийн Аталанта клубын төлөө хүчин зүтгэдэг. Клубынхээ ч гол хамгаалагчдын нэг болоод байгаа залуу. Европын аваргын дараа буурь сэлгэж магадгүй тоглогчдын нэгээр тооцогдож байгаа. Тэрбээр өнгөрсөн улирал Аталанта клубынхээ төлөө 25 тоглолтод оролцсон аж. Евро-2020 тэмцээнд тэрбээр хэсгээсээ хасагдах аюултай чухал тоглолтод Оросын эсрэг гоолдсоноор энэхүү жагсаалтын тавдугаар байранд бичигдлээ.
Холбоотой мэдээ