Тоглолтын өмнө: Ялагдашгүй Армадачууд ялалт байгуулах уу?

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Тоглолтын өмнө: Ялагдашгүй Армадачууд ялалт байгуулах уу?

Тоглолтын өмнө: Ялагдашгүй Армадачууд ялалт байгуулах уу?

Евро-2020 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өнөөдөр/2021.06.23/ шөнө өндөрлөх гэж байна. Өнөөдрийн онцлох тоглолтуудын нэг мэдээж хэрэг Словак, Испанийн шигшээ багуудын хооронд явагдах болно. Учир нь "Ялагдашгүй Армадачууд" одоог болтол ялалт байгуулаагүй, ердөө хоёр оноотой явж байгаа нь тэднийг хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлэх эрсдэлд оруулаад байна. Харин Словакийн хувьд нээлтийн тоглолтдоо Польшийг буулган авсан ч Шведийн багт ялагдсанаар мөн л хэсгээс гарах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Польшийн баг энэ тоглолтоос ердөө тэнцээ авахад л хэсгээсээ гарах боломжтой болох бол эсрэгээрээ испаничууд хожлын төлөө тоглох ёстой. 

Испанийн шигшээ багийн довтолгооны шугам хангалттай ажиллаж чадахгүй байгаа. Өмнөх тоглолтод Алваро Мората нэг гоол хийсэн ч энэ нь ялалт байгуулахад хангалтгүй байсан. Эсрэгээрээ Словакийн багийн хамгаалалт энэ тэмцээнд тун сайн байгаа. Интер Милан клубын хамгаалагч Милан Шкринар хамгаалалтын шугамаа тун сайн удирдаж байгаагаас гадна Ньюкасл Юнайтэдын хаалгач Дубровка тэдэнд байгааг мартаж болохгүй.

Энэ тоглолтын талаар Испанийн шигшээ багийн хамгаалагч Цезар Аспиликүэта “Өнөө шөнийн тоглолт бүхнийг авах эсвэл алдах маш хариуцлагатай тоглолт. Тийм учраас бид заавал ялна гэсэн сэтгэл зүйтэй гарах ёстой” гэж хэлсэн нь тоглолтын ач холбогдол ямар өндөр болохыг харуулж байна. 

Тэнцээг хүсч буй Словакчууд Иван Шранз, Дэнис Вавро наргүй тоглолтод оролцоно. Сөрөг довтолгоогоос гоол оруулах боломжоо хайх тэдний хувьд Мак, Харашлин нарын хурдтай тоглолт гол зэвсэг нь. Дасгалжуулагч энэ тоглолтод тактиктаа ямар нэгэн өөрчлөлт оруулалгүй 4-2-3-1 байрлалаар тоглоно хэмээн таамаглаж байна.

Онцлох тоглогч:

Өнгөрсөн жил Интер Милан клубын хамтаар Италийн Сери-А-ийн аварга болсон Милан Шкриниар Словакийн багийн хамгаалалтын гол ноён нуруу. Тэрбээр талбайн бүхий л хэсэгт идэвхтэй тоглон багийхныгаа манлайлж байгаа бөгөөд эхний тойрогт Польшийн багийн хаалганд гоол хийгээд амжсан. Нэг тоглолтод дунджаар 7.5 бөмбөг аюулгүй болгож цэвэрлэж байна гэсэн статистик түүнийг ямар үр нөлөөтэй нэгэн гэдгийг баталж буй. Польшийн багийг хожсоныхоо дараа “Өнөөдөр миний энэ түвшинд тоглож байгаа нь клубтэй минь холбоотой. Интер Милан гэж агуу багийн нэг хэсэг байна гэдэг тоглогчийн хувьд ч нэг шат ахиж байна гэсэн үг. Би өмнөх багтаа байсан бол ингэж багаа манлайлж чадахгүй байсан” гэж хэлэн аргагүй л том багийн тамирчны “зангаргыг” заагаад авсан. Хэрэв тэр өнөөдөр Моратаг сайн хамгаалж чадвал Испанийн шигшээг тэмцээнээс хасах боломжтой.

Тоглолтын тухай баримт:

  • Хоёр баг түүхэндээ зургаан удаа таарч тоглоход Словак ердөө нэг л удаа ялж байсан.
  • Испани Словакийг талбайдаа хүлээн авсан сүүлийн гурван тоглолтод 11 гоол оруулж, хоёр гоол алдсан.
  • Словакийн шигшээ сүүлд оролцсон хоёр том тэмцээнийхээ хэсгийн сүүлийн тоглолтод ялагдаагүй. 2010 оны дэлхийн аваргад Италитай тоглож хожсон бол 2016 оны Еврод Англитай тэнцсэнээр аль алинд нь хэсгээс шалгарсан байна. 
  • Словак Шведийн эсрэг 1-0-ээр ялагдахдаа 10 удаа хаалганд цохьсон боловч нэг ч удаа хаалгаа оноогүй. Энэхүү үзүүлэлт нь 1980 оноос хойшх 5 дахь удаагийн тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2016 оны Еврод Хорват Португалын эсрэг 17 удаа цохьсон ч нэг ч хаалгаа оноогүй аж. 
  • Словакийн шигшээ Стэфан Тарковичийн удирдлага дор сүүлийн 11 тоглолтоос 2 ялагдал хүлээсэн. Харин хоёр дараалж ялагдаж байгаагүй.
  • Испанийн шигшээ 2004 оны ЕАШТ-аас хойш анх удаа ЕАШТ-ийн хэсгийн шатнаас мултрах аюулд ирээд байна.
  • Ялагдашгүй Армада том тэмцээний хүрээнд хийсэн сүүлийн дөрвөн тоглолт дараалан тэнцсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж