Төрийн албан хаагчид, доноруудтай цахимаар чууллаа

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид, доноруудтай цахимаар чууллаа

Төрийн албан хаагчид, доноруудтай цахимаар чууллаа

Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байна. Энэ жилийн хувьд “Ирээдүйн төрийн албыг цогцлоох нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа нь төрийн албаны өмнө тулгарч буй сорилт бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замыг олох шинэ санаа, шийдлээ хэлэлцэх боломж бүрдүүлж байгаагаараа онцлог болж байна.

НҮБ-ын Төрийн албаны өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн албан хаагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, төрийн албаны шинэтгэлийг дэмжиж ажилладаг Засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, тэтгэлгээр суралцаж төгссөн, суралцаж буй 400 гаруй төрийн албан хаагчийн цахим уулзалтыг Төрийн албаны зөвлөлөөс санаачлан өнөөдөр анх удаа зохион байгууллаа.

Уулзалтад НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  Жалгас Адылбаев Жумаевич, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, АНУ, БНХАУ, ОХУ, БНТУ, Япон Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Саймон Фразер, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, БНСУ-ын КОЙКА-гийн суурин төлөөлөгчийн сургалт, тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан орлогч дарга Лий Жа Ён нар болон холбогдох бусад байгууллагын ажилтнууд урилгаар оролцсон юм.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ, Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд үед төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангахад технологийн гүйцэтгэх үүрэг урд урдаас илүү чухал болж байна. Монгол Улс “Алсын хараа” урт хугацааны хөгжлийн хөтөлбөртөө дижитал инновацийг оруулж ирсэнд туйлын талархалтай байна. Өнөөдрийн үйл ажиллагаа нь төрийн албанд шинэ мэдлэг, шинэ сэтгэлгээг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг илтгэсэн, цаг үеэ олсон ажил боллоо. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн үр дүнд төрийн албанд инноваци хөгжүүлэх, цахимжуулалтыг эрчимжүүлэх, шинэ боломж, шинэ санаагаар баяжуулж байна. Монгол Улсынхаа төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлж буй та бүхнийхээ тууштай хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байна хэмээн онцоллоо.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг уулзалтын үеэр “Хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед төрийн албыг төлөвшүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд хүргэх төрийн албаны шинэтгэлийг дэмжин хамтран ажиллаж байгаа Засгийн газар, олон улсын байгууллагуудад болон бидний урилгыг хүлээн авч энэхүү уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, амжилттай суралцаж төгссөн төрийн албан хаагчдын шинэ мэдлэг, ур чадварыг ашиглах нөхцөлийг бүрдүүлж, чадварлаг албан хаагчдыг шатлан дэвшүүлэн, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд ажиллуулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн “Хамтын ажиллагаатай улс орнууд, олон улсын байгууллагуудын бодлого, үйл ажиллагааны дэмжлэгийн үр өгөөжийг дээшлүүлж, төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад бүрэн дүүрэн ашиглахыг Төрийн албаны зөвлөл эрхэмлэж байгаа байр сууриа тодотгон илэрхийлсэн.

Уулзалтаар Австралийн Засгийн газрын тэтгэлэг, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг, Японы JDS хөтөлбөр, БНСУ-ын КОЙКА-гийн тэтгэлэгт хамрагдсан төрийн албан хаагчид суралцах явцад тохиолдсон сургамжтай мэдээллээ солилцож, цаашид суралцахаар төлөвлөж байгаа хүмүүст зөвлөгөө өгсөн юм.

Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж