Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.6.23/ мэдээлэл хийлээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах хуваарьтай ажиллаж байгаа. Энэ онд улсын хэмжээнд 40420 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзаж энэхүү шалгалтын товлолт хугацааг албан ёсоор хойшлуулахаас өөр сонголтгүй боллоо. Шалгалтыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг гаргаж байна.
ЕСӨН АЙМАГТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, 1500 ХҮҮХЭД ХАЛДВАР АВСАН
Өнөөдрийн байдлаар 1500 орчим хүүхэд халдвар авсан, нэгдүгээр хавьтал болсон нь батлагдсан. Мөн шалгалтын комисст ажиллах 9620 багшаас тодорхой тооны хүмүүс халдвар авсан. Үүнээс гадна Улаанбаатар хотоос орон нутагт очиж шалгалт зохион байгуулах 66 багшаас 10 нь халдвар авсан байна. Эдгээр шалтгааныг бид хүндэтгэн үзэх зайлшгүй шаардлагатай.
Мөн 7600 орчим хүүхэд сумаас аймаг руу очиж Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө. Гэтэл есөн аймагт одоогийн байдлаар хөл хорио тогтоосон байгаа учраас Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулж байгаа юм. Тодорхой хуваарийг долдугаар сарын 10-нд эцэслэж албан ёсоор зарлана.
Дархлаажуулалтад хамрагдсан байдлын тухайд 30982 хүүхэд хоёрдугаар тунд хамрагдсан. Энэ нь шалгалтад бүртгүүлсэн нийт хүүхдүүдийн 76 хувь нь вакцинаа хийлгэсэн гэсэн статистик. Наймдугаар сард шалгалтыг зохион байгуулахад бүх хүүхэд вакциндаа хамрагдсан байна гэж тооцоолсон. Тиймээс эдгээр зүйлсийг харгалзаж энэхүү шийдвэрийг гаргасан.
БҮХ ХҮҮХЭД ВАКЦИНД ХАМРАГДВАЛ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ТАНХИМЫН ХИЧЭЭЛ ЭХЭЛНЭ
2021-2022 оны хичээлийн шинэ жил товлосон хугацаандаа эхлэх эсэх нь бүх хүүхэд вакцинд хамрагдсан тохиолдолд яригдана. Харин хоёр настай хүүхдүүдийн тухайд энэ намар цэцэрлэгт авахгүй гэдэг ойлголт байхгүй. Хоёр настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдана. Ирэх жилээс хуулийн төслийг өргөн бариснаар яслийн асуудал яригдана гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Холбоотой мэдээ