Өдрийн тойм: Англи чонын амнаас гараад барын аманд орлоо

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Өдрийн тойм: Англи чонын амнаас гараад барын аманд орлоо

Өдрийн тойм: Англи чонын амнаас гараад барын аманд орлоо

Евро-2020 тэмцээний D хэсгийн тоглолтууд өчигдөр/2021.06.23/ явагдаж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорлоо.


Англи – Чех

Хоёр багийн тоглолт Уэмблид болох үед олон гоол ордог гэсэн үзүүлэлт байдаг ч урд шөнийн тоглолт тийм байсангүй. Тоглолтын 12 дахь минутад Рахим Стерлинг мөргөж гоол оруулсанаас хойш хоёр баг аль аль нь дахиж хаалганы торыг хөдөлгөсөнгүй. Англичууд Чехийн эсрэг Жордан Хэндэрсон болон Харри Магуйар нарыг гараанд гаргаснаас гадна Сака, Шоу, Грилиш нарыг анх удаа туршсан юм. Тэд дасгалжуулагчийн итгэлийг алдалгүй сайн тоглож Грилиш тоглолтын цорын ганц гоолын дамжуулалтыг өгсөн бол Сака тоглолтын шилдгээр шалгарлаа. Английн шигшээ хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан нь тэдний хувьд тийм ч сайхан мэдээ биш. Учир нь тэд “үхлийн хэсэг” гэгдэж байгаа F хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багтай хасагдах шатны эхний тоглолтоо хийх юм. Тэднийг Герман, Португал, Францын хүчирхэг шигшээ багуудын аль нэг нь угтан авах юм. Тиймээс "Гурван арслангууд" Чех, Хорват, Шотланд зэрэг жижиг чононуудын амнаас гараад Герман, Португал, Франц зэрэг сүүлийн гурван Европ, дэлхийн аваргад түрүүлсэн том баруудын аманд очлоо. 

Харин Чехийн баг дөрвөн оноотой хэсэгтээ гуравдугаар байранд орсон бөгөөд тэд ямартай ч хэсгээс гарах нь ойлгомжтой. Тэд бусад хэсгийн байдлаас шалтгаалан Нидерланд юм уу Бельгийн багуудын аль нэгтэй нь тулах болно. 

Тоглолтын хувьд хоёр баг хоёул 4-2-3-1 гэсэн тактикаар тоглосон. Чехийн баг заавал хожихын төлөө улайрч дайраагүй. Энэ нь ч тоглолтын хоёр угаар үед Патрик Шикийг сэлгээнд суулгаснаар батлагдсан.

Хорват – Шотланд

Хоёр баг аль аль нь хожиж байж хэсгээс гарах болзлоо хангахаар байв. Ийм ч учраас тэд хамгаалалтдаа ямар нэгэн алдаа гаргахыг хүсэлгүй их нягт тоглож байсан. Шотландын хувьд энэ тоглолтод багийн гол тоглогчдын нэг Билли Гилмургүйгээр оролцсон нь тэдний тоглолтын арга барилд нөлөөлсөн нь дамжиггүй. Хоёр багийн тоглолт 62 дахь минут хүртэл 1-1 харьцаатай явж байсан бөгөөд хэрэв энэ хэвээр тоглолт дуусвал хоёул хэсгээс мултрах аюулд ороод байсан. Ийм ч учраас аль аль нь довтолгооны сэлгээнүүдийг ихээр хийж байв. Харин тоглолтын 62 дахь минутанд  багийн ахлагч Лука Модричийн гайхалтай цохилт Шотландын торыг хөдөлгөсөн бөгөөд үүнээс 15 минутын дараа булангийн цохилтоос өнөөх л Модричийн дамжуулалтыг Иван Перишич мөргөн гоол оруулсанаар Хорватын шигшээ ялалт байгуулсан. 

Хорват дараагийн шатанд Е хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан багтай тоглох бол Шотланд ийнхүү нутаг буцахаар боллоо.

NEWMETA - Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж