Цар тахлын эдийн засаг дахь сөрөг үр дагавар үлэмж их. Дэлхийн чинээлэг орнууд энэ жил эдийн засгийн томоохон хөшүүрэг хийхээр төлөвлөсөн бол бусад үндэстнүүдийн хувьд ядуурлын эсрэг тэмцсэн олон арван жилийн амжилтаасаа ухарч болзошгүй байдалд хүрч байна.
Олон улсын шинжээчид хөгжиж буй орнуудад вакцины хангамж тааруу байгаа нь эдийн засгийн хувьд урт хугацааны тогтвортой байдал, өсөлтөд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг анхааруулж буй юм. Дэлхий даяар цар тахлын давлагаа улам сунжирч, түүний эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд удаа дараа авагдсан ч хэвийн байдалд шилжихэд ихээхэн хугацаа зарцуулагдахыг шинжээчид онцолж байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх улс орнууд өнгөрсөн 2020 оны туршид эдийн засгийн маш хүнд үеийг даван туулсан, өдгөө ч байдал “хурцадмал” хэвээр. Азийн хөгжлийн төлөв (АХТ)-2020 тайланд Азийн эдийн засаг 1960-аад оны эхэн үеэс хойш агшсан анхны тохиолдол болсныг тэмдэглэсэн билээ. Харин суурь үеийн нөлөөгөөр 2021 онд эдийн засагт мэдэгдэхүйц өсөлт гарч, 6.8 хувьд хүрэх төлөвтэйг мэдээлсэн.
Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) цар тахлын өмнөх үеийн төсөөллөөс доогуур байхаар төсөөлөгдөж, эдийн засагт “V” бус, “L” хэлбэрийн өсөлт ажиглагдана гэж үзсэн.
Эдийн засагчид Covid-19 цар тахлын энэ үед дэлхийн эдийн засагт “К” хэлбэрийн сэргэлт болж байгааг онцолж буй юм.
Зарим салбарууд хүлээгдэж байснаас илүү хурдан сэргэж, зарим нь тийм ч сайн биш байна. Энэ нь зарим шинжээчдийг эдийн засгийн сэргэлт “К” хэлбэртэй болно, ялагчид нь технологийн салбарынхан байна гэж үзэхэд хүргэв.
Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн уналт, өсөлтийн хэлбэлзлээс манай улсын эдийн засгийн байдал ихээхэн хамааралтай. Тиймээс хөрөнгө оруулагчдын толгойд “Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх вэ” гэсэн асуулт эргэлдэж байгаа нь лавтай.
Ашигт малтмалын үнэ өсч, Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээ эргэн нэмэгдсэн нь далайд гарцгүй Монгол Улсын эдийн засагт дахин сэргэх боломж олгосон билээ.
Монголын бондуудад хөрөнгө оруулж байсан “Capitulum Asset Management” сангийн мэргэжилтэн Лутц Рёмейер "Bloomberg"-т өгсөн ярилцлагадаа “Монголын экспортоос олох орлого нэмэгдэж, эдийн засаг сэргэж буй нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотой. Монголын эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал хэр удаан үргэлжлэх нь Монголын эрх баригчид ашиг малтмалын үнийн өсөлтийн мөчлөгийн хугацаанд эдийн засгаа хэр зөв жолоодож, ямар арга хэмжээ авахаас шалтгаална” гэж онцлон тэмдэглэсэн юм.
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас 2022 оны төлвийг илүү өөдрөг байх боломжтой гэж үзсэн. Учир нь 2021 онд иргэдээ бүрэн вакцинжуулж дууссанаар Covid-19 цар тахлын эрсдэл мэдэгдэхүйц буурах, үүнтэй уялдан 2022 онд дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, зээлийн өсөлт нэмэгдэх эерэг хүлээлттэй бий бөгөөд Монголын эдийн засаг дунд хугацаанд сэргэнэ гэж төсөөлж буйгаа танилцуулсан. Гэхдээ энэхүү төсөөллийг бууруулах эрсдэлүүд бийг анхаарах шаардлагатайг онцолсон билээ.
Тухайлбал, Covid-19-тэй холбоотой эрсдэл буурахгүй байх, хөрөнгө оруулалтын орчин муудах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн асуудлууд ужгирах, санхүүгийн салбарын эрсдэл нэмэгдэх зэрэг эрсдэлүүд бий юм. АХБ-ны суурь төсөөллөөр эдийн засаг ойрын жилүүдэд өсөхөөр байгаа ч өсөлтийг тогтвортой хадгалах, улмаар өсөлтийн хүртээмж, чанарыг сайжруулах нь хамгийн чухал сорилт болох билээ.
АХБ-ны гол тайлан болох “Азийн эдийн засгийн интеграцын тайлан 2021”-д Ази, Номхон далайн бүс нутгийн аль ч салбарын жижиг, том гэлтгүй бүх бизнес эрхлэгчид дижитал платформ болон бусад технологид суурилсан хэрэгсэл өсөлтийн шинэ боломж бий болгоно” хэмээн онцолсон юм.
Шинжээчид Covid-19-ийн дараа Монголын эдийн засаг өсөх нь тодорхой ч цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэхээс ямар хэлбэрийн эдийн засаг "ноёлох" нь хамаарна гэж хэлж буй. Мөн эдийн засгийг бүтцийн хувьд төрөлжүүлэх, тогтвортой бөгөөд чанартай ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах нь чухлыг онцолж буй юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, Covid-19 цар тахлаас үүдэн манай эдийн засаг 2020 оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Гэхдээ үүнээс хойш эдийн засагт “V” хэлбэрийн сэргэлт гарч, энэ хандлага үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл, Covid-19-ийн хүндрэлийг аажим давж, цар тахлын дараа эдийн засаг огцом өсөх хүлээлт байгаа юм.
2021 оны нэгдүгээр улиралд эдийн засаг өмнөх оны мөн үеэс 15.7 орчим хувиар өссөн. Эдийн засаг ийнхүү сэргэхэд экспортын эрдэс түүхий эдийн гадаад эрэлт, үнийн өсөлт, түүнийг дагасан уул уурхай олборлолт, тээвэр, боловсруулах үйлдвэрийн салбарын идэвхижил, цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ гол нөлөө үзүүлжээ.
Олон улсын шинжээчид "Хятад, Орос гэсэн хоёр том гүрний хооронд оршиж буй Монгол Улсын эдийн засаг аюулын бүсээс холдох болоогүй" хэмээн анхааруулсаар байна.
Холбоотой мэдээ