Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Цаг агаар сэрүүснэ

Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ, агаарын температур тогтворгүй болж хэт халалт, цочир хүйтрэлт, усархаг бороо ээлжилсээр байна. Ойрын өдрүүдэд хур тунадас, цаг агаарын төлөв ямар байх талаар Ус цаг уурын хүрээлэнгийн цаг уурч Т.Дүүрэнгээс   тодрууллаа.

-Ирэх өдрүүдэд цаг агаар нийт нутгаар ямар байх вэ?

-Ерөнхийдөө ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Энэ сарын 14-өөс эхлээд Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн бүсийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо орж сэрүүсэх төлөвтэй. 15-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр 16-нд баруун бүсийн ихэнх нутаг, төвийн аймгуудаар, 17-нд нутгийн зарим газраар салхины хурд ширүүсч  усархаг бороо орох урьдчилсан мэдээ харагдаж байна. Мөн хангай хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Иймд ард иргэд, малчид тариачид та бүхнийг цаг агаарын мэдээгээ цаг тухайд нь сонсож болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

-Хур борооны үед салхины хурд ямар байх вэ?

-Ихэнх нутгаар салхины хурд 16-18 м/сек хүрнэ. Зарим газраар 24 м/сек хүрэх учир хөдөөгийн малчин ард иргэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Салхины хурд, хур тунадас их байгаа газарт агаарын температур 15, 16-нд сулавтар байх боловч 14, 17-нд нутгийн зүүн хойт хэсгээр өдөртөө 0-5 градус дулаан. Харин говийн бүсийн нутгаар өдөртөө 15-20 градус байна.

-Сарын эхээр орсон хур борооны үеэр зарим газраар нойтон цас унасан. Ойрын өдрүүдэд үеэр агаарын температур хасах хэм рүү орох уу?

-Энэ сарын эхээр хангай хэнтийн уулархаг нутгаар 2-3 хоног үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас  хөрсөн дээр цочир хүйтэрч зарим газраар нойтон цас унасан. Тэрэлж, Хөвсгөлийн Хатгал -1-3 хэм хүйтэрч Улаанбаатарт +3 хэм хүрсэн. Хамгийн их хүйтэрсэн газар бол Баянхонгор аймгийн Баян булаг сумын нутагт -4 градус хүрсэн тохиолдол бий. Ойрын 3-5 хоногийн хугацаанд нойтон цас орох төлөвтэй байгаа ч яг одоогоор хасах хэм рүү орох эсэх нь  тодорхойгүй байна.

-Өмнөх жилүүдэд  найман сарын эхээр ингэж сэрүүсч байсан уу?

-Олон жилийн дундаж үзүүлэлттэй  харьцуулахад энэ жил харьцангуй эрт сэрүүсч байна. Манай улсын цаг агаарын нөхцөл байдал 1999-2007 оны хооронд хуурайшилтай байсан. Харин сүүлийн 2-3 жилд хур тунадасны хэмжээ нэмэгдэж байгаа.  Тухайлбал, 2008 онд  төв, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орж ихээхэн хэмжээний хохирол учруулж байсан.  Өнгөрсөн онд Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дундажаас ахиу хур  тунадас унасан байдаг.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж