"Халдварын тоо эрс нэмэгдсэнээс аппаратын хомсдол үүссэн"

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

"Халдварын тоо эрс нэмэгдсэнээс аппаратын хомсдол үүссэн"

"Халдварын тоо эрс нэмэгдсэнээс аппаратын хомсдол үүссэн"

Монголд Covid-19 халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт  хүндэрсэн өвчтөнүүдийн тоо ч дагаад өсч буй.  Цар тахлын үед эмнэлэгт орны хүрэлцээнээс гадна хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэх  хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амьсгалын аппаратын хүрэлцээний асуудал үүсч байна.

ХӨСҮТ:  УУШГИ ОРЛУУЛАГЧ ECMO АППАРАТ БАЙХГҮЙ

Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвд зохиомол амьсгалын аппарат 54 байдаг. Үүнээс 30 орчмыг нь ашиглаж байгаа аж. Мөн тус төвийн гурван тасагт ханын хүчилтөрөгчийн нэгдсэн систем буюу ор болгонд хүчилтөрөгчийн аппараттай болохыг Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Чинбаяр хэлж байгаа юм. Тэрбээр “Манай төвд амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн аппарат дутагдсан асуудал байхгүй.

Гурван тасагт ханын хүчил төрөгчийн нэгдсэн системтэй тул хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг барагтай л хэрэглэхгүй. Эмчлүүлэгчид 100 хувь хүртэл хүчилтөрөгчийг авдаг. Харин уушги орлуулагч ECMO аппарат Халдварт өвчин судлалын үндэсний төвд байхгүй. Бид шаардлагатай болохыг хэлж байгаа.

Хэрэв маш хүнд өвчтөнд ECMO аппарат хэрэглэх шаардлагатай бол Эрүүл мэндийн яамаар дамжуулан Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй ярилцаж ашигладаг” гэв.

                           АМЬСГАЛЫН АППАРАТ ХАНГАЛТТАЙ Ч АЖИЛЛУУЛАХ ХҮН ХҮРЭЛЦДЭГГҮЙ

Дүүргүүдийн эмнэлэгт  хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын хүрэлцээ хангалтгүй байна. Харин амьсгалын аппаратын хүрэлцээ хангалттай байгаа ч хүний нөөц хүрэлцэхгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

-Цар тахлын үед  хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын хүрэлцээ хэр зэрэг байна вэ, эмнэлгүүдэд хүрэлцээ хангалттай байгаа юу?

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын хүрэлцээ хангалттай бий. Гэсэн ч сүүлийн үед  батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүрэлцэхгүй байх асуудал үүсч байгаа нь үнэн.

Эмнэлгийн ор бүрт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат залгах боломжгүй ч зарим өвчтөнүүдэд сэлгэж хэрэглэх тохиолдлууд гарч байна. Covid-19 халдвар нь уушгийг гэмтээдэг тул хүчилтөрөгчийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай. Иймд Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссоос хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэхээр татан авалтыг эхлүүлсэн.

-Улсын хэмжээнд хэчнээн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат байна. Ялангуяа орон нутагт хангамж хэр байдаг вэ. Нөгөөтээгүүр хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон амьсгалын аппарат хоорондоо ямар ялгаатай вэ. Ямар үед хүчилтөрөгч өтгөрүүлэгч хэрэглэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Улсын хэмжээнд хүчилтөрөгч аппарат 1500-аас илүү байна. Орон нутагт Эрүүл мэндийн яамнаас хангалт нийлүүлдэг. Эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүд ч бас өөрсдийн санаачилгаар худалдан авч байгаа. Үүнээс гадна эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн систем гэж бий. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн оронд хананд залгасан хүчилтөрөгчийн аппарат гэсэн үг. Баллонтой хүчилтөрөгчийг ханаар дамжууланд өвчтөнд хүргэдэг.

Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат нь хоорондоо эрс ялгаатай. Тухайлбал, хүчилтөрөгчийн хэрэгцээ бага, хүндэвтэр өвчтөнүүд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хэрэглэдэг. Харин амьсгалын аппарат бол хүчилтөрөгчийн хэрэгцээг 100 хувь хангаж, шаардлагатай тохиолдолд уушгийг орлодгоороо онцлог. Хүний амьсгал зогсвол  амьсгалын аппарат нь амьсгалыг зохиомлоор удирдаж, хүчилтөрөгчийн хэрэгцээг хангадаг. Мөн амьсгалын тоо, зүрхний хэмнэлийг хэмждэгээрээ маш ялгаатай.  

Нэг үгээр хэлбэл, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь хүний хэрэгцээг 50 хувь хангах бол амьсгалын аппарат хүчилтөрөгчийн хэрэгцээг 100 хувь хангадаг. Үүгээрээ хоорондоо эрс ялгаатай.

-Нийслэлд дүүргүүдийн эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хүрэлцдэггүй гэх асуудал одоо ч байна?

Нийслэлд Covid-19 халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хомсдол үүсч байна. Үүнд иргэдийн айдас ч бас нөлөөлж байна. Заавал хүчилтөрөгч хэрэглэх шаардлагатай гэж бодох нь хэрэгцээг нэмэгдүүлэх шалтгааныг нэг болж байгаа юм.

-Хүчилтөрөгч болон амьсгалын аппарат хүрэлцэж байна уу. Эдгээр аппарат хоорондоо ямар ялгаатай вэ?

Хүчилтөрөгч бол баллоноор хангагддаг. Улсын хэмжээнд хүчилтөрөгчийн дөрвөн үйлдвэр байна. Өнөөдрийн нөхцөлд үйлдвэрээс гарч буй хүчилтөрөгчийн хэмжээ эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байна. Харин амьсгалын аппарат улсын хэмжээнд 1087 байна.

Бид эрчимт эмчилгээний орноос  нэг дахин их аппаратыг ашиглаж байгаа юм. Хамгийн гол нь, амьсгалын аппаратын хэрэгцээ, хомсдол, нөөцөөс илүү энэ төхөөрөмжийг ажиллуулж буй хүний нөөцийн хомсдол хэрэглээг хязгаарлаж байна. Өнөөдрийн нөхцөлд хүний нөөцөөс шалтгаалсан асуудал үүсч байгаа болохоос амьсгалын аппарат хүрэлцэхгүй гэсэн асуудал байхгүй.

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уушги, зүрх орлуулах гурван л аппарат бий. Эдгээр аппаратыг хаана, ямар нөхцөлд ашиглаж байна вэ. Аль эсвэл Эрүүл мэндийн яаманд ашиглаагүй хэвээр байгаа юу?

-Улсын хэмжээнд уушги орлуулах  гурван ECMO аппарат бий. Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт ашиглаж байна. Ямар нэгэн байдлаар нөөцөд байхгүй. Энэхүү аппаратыг ашиглахад нэг удаагийн хэрэглээ нь асар өндөр зардал гардаг. Жишээ нь, нэг өвчтөнд дунджаар 35 сая орчим өртөг бүхий нэг удаагийн хэрэгсэл гардаг. Уг аппаратын үйлдвэрлэл нь ч бас дэлхийд тогтвортой байдаггүй. Зах зээлд байнга бэлэн байдаггүйтэй холбоотойгоор нэг удаагийн хэрэгслийн хомсдол үүсч байна. Эрүүл мэндийн яамнаас аль болох шаардлагатай хэмжээгээр захиалсан. Харин үйлдвэрлэлтэй холбоотой тодорхой хэмжээнд саатал үүссэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж