Цар тахлын голомтод ажиллаж буй резидент эмч нарын төлөөлөл Б.Алтансувдтай ярилцлаа. Тэрбээр "Эмч болох итгэлийг минь битгий унтраагаач. Цар тахлын голомтод 2021 оны хоёрдугаар сараас өдий хүртэл тасралтгүй дайчлагдан ажиллаж байна. Айдастай эхэлсэн ч хүний л хийж буй ажил тул бахархаж, хүндэтгэж цаг тухай бүрт нь сургалтад хамрагдаж улаан бүс рүү орж ажилласан. Мэдээж ар гэр, хайртай хүмүүсээ бодоод халдвар хамгааллаа барьж ажиллаж байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам байдал дээрдэх биш улам бүр дордож, мэргэжил нэгт эмч нар маань өвдөж, ажлын ачаалал дарамтаасаа халширч салбараа орхиж байна" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлсэн юм. Ингээд түүний яриаг хүргэе.
-Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Эмч, мэргэжилтнүүд дутагдалтай улаан бүсэд резидент эмч нарыг дайчлан ажиллаж буй. Хэзээнээс халдварын голомтод ажиллах болов?
-Би “Ач” анагаах ухааны их сургуулийг 2020 онд уламжлалтын эмч мэргэжлээр төгссөн. Одоо Эрүүл мэндийн хөгжлийн төвийн харьяат резидент. Миний хувьд 2020 оны аравдугаар сард резидент эмч болж, халдварын голомтод ажиллах сургалтад үе шаттайгаар хамрагдсан. Улаан бүсэд өнгөрөгч хоёрдугаар сараас орж, тусгаарлан ажиглах байранд дөрвөн удаа ажилласан. Баянгол дүүргийн тандалтын багт зургадугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн.
-Халдварын тоо өдөр бүр нэмэгдэж, 2000-аас буурахгүй байна. Үүнтэй холбоотойгоор тандалтын багийн ачаалал хэр нэмэгдсэн бэ?
-Covid-19 халдвар авсан хүний тоо нэмэгдэх тусам бидний ажиллах нөхцөл хүндэрч байна. Бид амрах саналаа удаа дараа хэлж байгаа ч эрүүл мэндийн салбарын хүн хүчний байдлаас болоод амралтгүйгээр ажиллаж байгаа. Ажлын цагаараа өглөө 09:00-18:00 цаг хүртэл ажиллах ёстой. Хэзээ ч энэ цагтаа ажиллаж чаддаггүй. Дуудлага ихтэй өдрүүдэд шөнө гэртээ харьдаг.
Бид анх хоёр, хоёроороо баг болж, дуудлагад гардаг байсан. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо эрс нэмэгдэж, ганцаараа дуудлагад гардаг болсон. Өглөө ажил дээрээ очоод Gerege.mn сайтаас батлагдсан тохиолдлуудын нэрсээ авч, дуудлагад гардаг. Ачаалал ихтэй өдрүүдэд нэг хүн 20-40 дуудлагад явдаг. Буцаад цайны цагаараа ажил дээрээ ирж чадалгүй 15:00 цагт ирж, дахин дуудлагын нэрсээ аваад гардаг.
-Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, ор дүүрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Иргэдийн зүгээс бухимдаж, санал гомдлоо хэлж байгаа. Халдвартай иргэдэд дуудлагын дагуу хэрхэн үйлчилж байна вэ. Ямар шатандаа цаг алдаж байна?
-Хүмүүс маш их бухимдаж байна. Бид хүндээ хүрч ажиллахаар шинж тэмдэг илэрч байгаа хүнээ очиж үзээд, үнэлдэг. Биеийн байдал хүндэрч, хэвтүүлэх шаардлагатай бол нэрийг нь өгдөг. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсан. Ор нь дүүрчихсэн учраас тусгаарлан ажиглах байр гаргасан. Иргэд тусгаарлан ажиглах байранд очоод “Гэртээ харьмаар байна” гэж бухимдах тохиолдол их гарч байгаа. Бид тусгаарлах байр нэг эмчтэй, зөвхөн эмэн эмчилгээ хийдэг гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
Зарим иргэд эмч нарт гар хүрэх тохиолдол гарсан. Надтай хамт ажиллаж байгаа эмчид хоёр ч удаа гар хүрсэн. Тандалтын багт дуудлага ирэхдээ жаахан уддаг. Бид дуудлагаа авч, түгжрээнд яваад очихоор “Та нар биднийг тоохгүй байна. Удаж ирлээ” гэж бухимддаг.
Иргэдийн зүгээс гэрийн хаягаа буруу зааж өгөх тохиолдол гардаг. Мөн дур мэдэн эм ууж хүндрүүлэх тохиолдол ч гарна. Дүүргийн машинууд тусгай дохио байхгүйгээс замын түгжрэлд хамаг цагаа зарцуулж байна.
Зам түгжрээтэй үед яаралтай дуудлагад явахдаа цонхоороо зам тавьж өгөхийг хүсэхэд жолооч нар хүлээж авдаггүй. Сэтгэл эмзэглүүлсэн нэг асуудал нь гэр хороололд дуудлагаар яваад очиход хүмүүс эм авах байтугай түлээ, хоолгүй байгаа нь маш хүнд санагдсан.
-Сүүлийн өдрүүдэд биеийн байдал хүнд хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Дуудлагаар очсон иргэдийн хэдэн хувь нь хүнд байна вэ?
-Намайг зургадугаар сарын эхээр тандалтын багт ажиллаж эхлэхэд иргэдийн биеийн байдал харьцангуй хөнгөн байсан. Сүүлийн долоо хоногт хүмүүсийн биеийн байдал маш хурдан хүндэрч байна. Хүнд хүмүүсийн дуудлага нэмэгдэж, яаралтай арга хэмжээгээ авч, эмнэлэг рүү зөөж байгаа. Тэр дунд өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд халдвар авч байна.
Саяхан нэг хүний бие муудахад хүчилтөрөгч өгөх зүйл байгаагүй учир замаараа тусгаарлалтын байранд хүн оруулж өгөхдөө тэндээс төмөр баллонтой хүчилтөрөгчийг өргөөд хар хурдаараа машин руугаа гүйсэн. Тэгээд тухайн өвчтөнд яаралтай ор гаргаж өгөхөд л дотор уужирч, баярласан.
Хүнд хүн тээвэрлэж явахад үнэхээр сэтгэл эмзэглэдэг. “Эмнэлэг ор гарлаа” гэх юм бол хүнээ оруулж өгөөд л амьсгаа авч эхэлдэг. Ер нь ажлын нөхцөл хүнд ч гэсэн жаахан зүйлээс урам авч ажилладаг.
-Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчид халдвар хамгааллын дэглэмээ барьж чадаж байна уу?
-Бид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж байна. Бүх сургалтад хамрагдсан учраас хувцсаа хэрхэн тайлах, өмсөхөөс эхлээд алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Биднийг эмнэлгийн үүдэнд орж ирэхэд ариутгагч эгч угтан авч, хувцсаа солиод, гутлаа ариутган, ам зайлаад, гараа ариутгадаг. Хэрэглэсэн эд зүйлээ спирттэй хөвөнгөөр арчиж ордог. Хамгаалалтын хувцастай үед хоол ундаа идэж, бие засах боломжгүй учир улаан бүсэд ч цэнхэр халад өмсөхийг эрдэмтэд уриалж байгаа.
Хамгийн хэцүү асуудал нь бид өдөржин улаан бүсэд ажиллаад шууд гэртээ харьдаг. Гэрийнхэндээ халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс гэртээ ч амны хаалтаа байнга зүүдэг.
-Резидент эмч нар мэргэжлээрээ ажиллахаас илүүтэй хоол, цай зөөж, биеийн халуун үздэг гэх шүүмжлэл байсан. Халдварын голомтод резидент эмч нар яг ямар ажил хийж байна вэ?
-Цар тахлын эхний үед 0-3 насны хүүхэдтэй, жирэмсэн резидент эмч нар улаан бүсэд ажиллахаас чөлөөлөгдөж, 119 дуудлагын утсан дээр ажиллаж байсан. Одоо бүх резидент эмч голомтод ажиллаж байна. Резидент эмч нар тусгаарлан ажиглах байранд ажиллахад хоол зөөх, хүний биеийн халуун үздэг байсан. Тэнд эмчтэй холбоотой ажил огт хийгээгүй.
Цалин хөлсний хувьд төрөөс резидент эмч нарт олгож байгаа 703 мянган төгрөгийн цалин авдаг. Цалингаасаа татвараа төлөөд гар дээр 500 мянган төгрөг бэлнээр авдаг. Долоо хоногийн хоол, унааны мөнгө гэж 49 мянган төгрөг өгдөг. Бидэнд энэ цалин маань хүрэлцдэггүй. Өөрсдийгөө халдвараас сэргийлэхийн тулд дархлаа дэмжих бүтээгдэхүүн авч хэрэглэдэг.
Холбоотой мэдээ