Б.Энхбаяр: ЭМД-ын мөнгийг ашиглавал С.Энхболд шоронд орно шүү

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: ЭМД-ын мөнгийг ашиглавал С.Энхболд шоронд орно шүү

НЭМЭЛТ:

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Одоо хөл хорио тогтоогоод ямар үр дүнд хүрэх талаар тодорхой мэдээлэл өгмөөр байна. Гурван удаагийн хөл хорио тогтоож, халдварын үеийн тусгай хууль хүртэл гаргаад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Гэтэл халдварын голомт хумигдахгүй байна. Үүний шалтгааныг юу гэж харж байгаа юм бэ?  Энэ удаагийн хөл хориогоор ямар арга хэмжээ авах вэ? Бид үр дүнд хүрч чадах уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Халдварт өвчний үеэр авах сонгомол арга хэмжээ нь хөл хорио тогтоох юм. Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал оруулж ирсэн. Одоогоор Засгийн газар болон УОК-оос хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гараагүй байна. Халдварын тархалт иргэдийн хөдөлгөөнтэй шууд холбоотой. Иргэдийн хөдөлгөөнийг хумьж байж халдварын тархалтыг зогсооно. Сая шагнал, найр зэргийн улмаас тархалт нэмэгдсэн.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Халдварын тархалтыг хумих нь дан ганц төрөөс бус иргэд, ААН-үүдийн хичээл зүтгэлээс ч мөн хамаарна. Шүүмжлэх бол амархан. Эмнэлгийн байгууллагынхан өдөр шөнөгүй ажиллаж байна. Тиймээс эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нь нэмэх тал дээр тодорхой шийдэл гаргах ёстой. Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулаад  халдвар авсан хүмүүст эмчилгээний багцыг үнэ төлбөргүй хүргэх өгөх үйл ажиллагааг зохион байгуулах нь  зөв. Хамгийн багадаа нэг хүнд эмчилгээний 400 мянган төгрөг зарцуулж байна. Гэр бүлийн нэг хүн өвдөхөд гэр бүл нь бүгд өвдөх жишээний. Тэгэхээр зэрэг таван ам бүлтэй айл хамгийн багадаа хоёр сая төгрөг эмчилгээнд шаардагдана. Тиймээс эрүүл мэндийн  даатгалын мөнгийг энэ үед  ашиглах хэрэгтэй. Эрүүл мэндийн сайдыг шүүмжлэхээс илүүтэй  тус дэм болох талаар яримаар байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Covid-19 халдвартай тэмцэхэд Засгийн газарт өгч байгаа УИХ-ын дэмжлэг дутаагүй. УИХ бүх талаар дэмжихээс гадна Засгийн газарт бүх эрхээ шилжүүлсэн. Covid-19 халдварын  хуулийг сунгах асуудал өчигдөр орж ирсэн. Үүн дээр нэг ноцтой асуудал нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг  захиран зарцуулах журмыг Засгийн газар батлаад хэрэгжүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газар зарцуулах гэж байна гэсэн үг. Засгийн газар дураараа  захиран зарцуулдаг сан биш. Эрүүл мэндийн даатгалын сан бол улсын төсөв биш. Иргэд Covid-19 халдвараас бусад өвчнөөр өвчилж болно.  Бүх өвчнийг нь эмчлэхийн тулд даатгалын сан байдаг. Гэтэл бүгдийг нь халдвартай тэмцэхэд зарцуулахаар болчихоод байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг С.Энхболд та юунд зарцуулах гэж байгаа юм. Юу дутаад байна. Хэрэв ингэж зарцуулах юм бол  шуудхан хэлэхэд С.Энхболд сайд шоронд орно. Энэ бол Засгийн газрын дураараа зарцуулдаг хөрөнгө биш. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний хууль хүчинтэй байгаа. Хууль хүчин төгөлдөр байхад тухайн хуулийг царцааж, хуулийн үйлчлэлийг Засгийн газар журам гаргаж зогсооно гэдэг ойлголт байхгүй. Засгийн газар хуулийн хүрээнд журам гаргадаг болохоос биш хуулиас давсан журам гаргаж сангийн хөрөнгийг зарцуулах ёсгүй. Энэ нь Үндсэн хууль зөрчинө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад зарцуулна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон Covid-19 халдварын  үед хэрэглэх эм, эмнэлгийн хөрөнгийг даатгалын сангаас гаргана. Түүнээс өөр хуулиас давсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний хүрээнд зарцуулна. Үүнийг өөр зүйлд зарцуулахгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний хуулийн хүрээнд зарцуулна гэж С.Энхболд сая хэллээ. Хэрэв тийм юм бол Covid-19 үеийн хуулийн нэмэлт өөрчлөлт ямар хэрэгтэй юм бэ. Нөгөө талаараа Засгийн газар, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах журам гаргана гэх хуулийн өөрчлөлт нь хэрэггүй юм биш үү. Яагаад ийм заалт хуульд ороод байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнийхээ хуулиар явж болж байгаа юм бол яагаад энэ хуулийн үйлчлэлийг царцаах гээд байна вэ. Хуулийн үйлчлэлийг сунгах шаардлагагүй юм биш үү.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөгөөр баталсан. Бодит байдал дээр санхүүжилт нь 200 тэрбум төгрөгөөр дутуу байгаа. 460 тэрбум төгрөг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан. Зөвхөн энэ хугацаанд 27.5 тэрбумыг ковидын тусламж үйлчилгээнд зарцуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Гишүүд яагаад халдвар ихсээд байгаа вэ гэдгийг гишүүд асуугаад байгаа учраас үүнд тодорхой хариулмаар байна. Сүргийн дархлаа буюу нийт хүн амын 60-аас дээш хувийг вакцинд хамруулж байж халдварын тархалт буурна гэдгийг хэлэхгүй байна. Вакцинд хамруулсан хүмүүсээ 90, 80, 100 хувь гэж яриад мэдээллийн алдаа гаргаад байна. Нэгдүгээр тун авсан 1.9, хоёр дахь тун авсан 1.6 сая хүн байна. ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээлэл вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн тоог ярьчхаад нийт хүн амыхаа 60-аас дээш хувь гэдгээ яриагүй учраас энэ нь нэг том алдаа. Covid-19-тэй тэмцэхэд УИХ-аас ямар дэмжлэг шаардлагатай байна вэ гэдэг гаргалгаагаа өг. Эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг ярь л даа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн яам УИХ-аас төсвийн тодотгол хийж өгөхийг хүсч байна. Эм, оношлуурын нөөцийг бэлдэхийн тулд Засгийн газар бүх талаар дэмжиж байгаа. Өдөрт бид дундаар 10 мянган PCR шинжилгээ хийж байна.  Өмнө нь нэг PCR шинжилгээ хийх үнэ  55 мянган төгрөг байсан одоо 30 мянга болсон. Тэгэхээр зөвхөн шинжилгээнд өдөрт 300 сая төгрөг зарцуулж байна гэсэн үг. Оношлуур, эм тарианы нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Шинжилгээний  40 явуулын баг иргэдэд хэр хүртээмжтэй байгаа юм бэ. Үүнээс гадна нэг хүнд ногдох эмчилгээний зардал 6-8 сая төгрөг гээд сошиолд явж байна. Нэг хүнд хэдэн төгрөгөөр эмчилгээ хийж байгаа юм бэ? Эрсдэлийн үеийн тодорхой бодлого шийдвэр хэрэгтэй байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: ЭМЯ, УОК-руу санал оруулахдаа мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтэд үндэслэдэг. Ийм л  зарчмаар явагддаг. Халдварын өмнө Монгол Улс төдийгүй олон улс барьц алдаж байна. Явуулын 40 баг шинжилгээ авахаас гадна  гэрээр байгаа хүмүүст зөвлөгөө өгч үзлэг шинжилгээ хийж байна. Энэ нь үр дүнтэй байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Асуусан асуултдаа тодорхой хариулт авч чадахгүй  юм. Сэтгэл дундуур байна. Хөл хорио тогоох юм уу яах юм. Иргэд төөрөгдөл дунд байна шүү дээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг: 12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос вакцин хийж эхлэх юм байна. Дэлхийн улс орнуудад "Файзер" вакциныг 12-15 насны хүүхдэд хийхэд эрсдэлгүй гэдгийг нотолсон уу. Эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхээс болгоомжилж байна. Үүнд эрдэмтдийн баг судалгаа хийсэн үү.  Ямар шинжлэх ухааны үндэслэлээр хүүхдүүдийг вакцинжуулахад эрсдэлгүй гэж үзэж байна вэ? Хоёрдугаарт эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх нь чухал. Үүнтэй нийгмийн бодлогын байнгын хороо санал нэг байна. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас шийдэж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас цалин хөлс нэмэх нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс зөвхөн төсвийн тодотголоор шийднэ. Эрүүл мэндийн сайд Сангийн сайд Б.Жавхлантай яагаад үүн дээр ойлголцож чадахгүй байна вэ.  Өмнөх Т.Мөнхсайхан сайд энэ асуудлыг хуулийн зөрчилтэй байна гэж үзэж байсан. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд  тамгын газрын хүмүүсээсээ хуулийн зөрчлийн талаар асууж лавлан,  гаргалаа олоод нийгмийн бодлогын байнгын хороон дээр саналаа өг.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Хүүхдийг вакцинжуулах нь эрсдэлгүй гэдэг нь олон улсад  туршигдаад судалгаа шинжилгээ хийгдсэн. Европын холбоо зөвшөөрч гадаадын орнууд хүүхдүүдээ вакцинжуулаад эхэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вакцинжуулалтын зөвлөлөөс бид зөвлөгөө авсан. "Файзер" вакцинаар зөвхөн жирэмсэн эмэгтэй болон хүүхдүүдийг вакцинжуулж байна. Улсын хэмжээнд улаан бүсэд ажилласан 13016 хүн байна. Эдгээр хүмүүсийн цалингийн нэмэгдлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохгүй. Улсын төсвөөс гаргахаар ярилцаж байна. Одоогоор Covid-19 халдварын үеийн эмчилгээний эмнүүд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаас ЭМЯ-ыг хурдтай, зохион байгуулалтай сайтай ажиллахыг  зөвлөлөө.

Хуралдааны төгсгөлд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг “Эрүүл мэндийн даатгалын сангаас шимтгэл төлж байгаа хүн бүхэн ашиг хүртэх ёстой. Өнөөдөр Covid-19 халдвараар өвдөөд бусад өвчлөлийг хаяаад байна. Гэтэл хүнд болоод маш хүнд өвчлөлөөр нас барсан хүмүүсийн ихэнх нь архаг хууч өвчтэй  хүмүүс. Үүнээс харахад хамаг анхаарлаа Covid-19-д хандуулаад өөр бусад өвчнийг  хаяад байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын менежмент, зохион байгуулалт маш чухал байна. Тулгамдаж буй асуудлуудаа шаардлагатай тохиолдолд байнгын хороо руу оруулж, байнгын хороо Засгийн газарт тогтоолоор үүрэг өгвөл Засгийн газар хэлэлцдэг хуультай. Тиймээс өнөөдөр Covid-19 халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талааар сонслоо. ЭМЯ-аас  оруулж ирсэн санал дээр үндэслэж байнгын хороо чиглэл өгөх, тогтоол гаргах эсэхээ шийддэг. Төсөв тодотгол хийсэн, хийгээгүй эрүүл мэндийн салбарын ажилчдыг цалин нэмэх асуудал яригдах учраас энэ асуудлыг маш яаралтай оруулж ир” гэлээ.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн: Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо эмнэлгээс гарч байгаа хүний тооноос бага байна. Тиймээс эмнэлгийн ачаалал долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 34 мянган хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ тоо 40 мянгад хүрэх магадлалтай. Мөн нас баралт долдугаар сарын эхэнд оргил үедээ хүрэх магадлалтай. Нас баралт одоогийн байдлаар өдөрт 10-11 бүртгэгдэж байгаа бол долдугаар сарын эхээр 15-д хүрч магадгүй.

Бид тодорхой тооцооллыг хийж үзсэн. Ингэхэд зургадугаар сарын 25-аас 16 хоногийн хөл хориог тогтоовол нийт тохиолдлын тоо 220 мянгаас 170 мянга хүртэл буулгах боломжтой гэж үзсэн. Ерөнхийдөө дөрвөн хүн тутмын гуравт нь вакцины дархлаа тогтож байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын нөхцөл байдал сүүлийн 14 хоногийн хугацаанд тогтмол нэмэгдэж байгаа. Үүнээс сүүлийн дөрөв хоногийн хугацаанд тогтворжих буюу нэг түвшинд байна гэсэн дүгнэлтийг эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан. Сүүлийн таван хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2200-2400 хооронд байна.

Халдварын тархалт хөдөө орон нутагт ялангуяа, Говь-Алтай Орхон, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт халдвар өндөр байна. 21 аймгаас нийт тохиолдол өдөрт 1000 тохиолдлоор бүртгэгдэж байна.

Нийт тохиолдлын дунд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Долоо хоногийн тойм мэдээллээр 22221 хүүхэд халдвар авсан. Үүнээс 2014 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насны хувьд 0-4 насны хүүхэд 22.6 хувийг, 5-9 насны хүүхэд 32 хувь, 10-14 насны хүүхэд 30 хувь, 15-17 насны хүүхэд 14 хувийг тус, тус эзэлж байна.

Энэ нь нийт өвчлөлийн 23.3 хувийг эзэлж байна. Сүүлийн үед хэвтэн эмчлүүлж байгаа нийт тохиолдлууд дундаас жирэмсэн эхчүүд илүү хүндэрч байна. Улсын хэмжээнд 1594 жирэмсэн эх халдвар авсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 610 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Насны бүлгээр авч үзвэл 25-37 насны эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар нийт нас баралт 469-д хүрсэн. 65-аас дээш насныхан ихэнх хувийг эзэлж байна. Орны ачаалал хүрэлцэхгүй байна. Улсын хэмжээнд 27 мянган эмнэлгийн ор бий. Үүнд рашаан, сувиллын ор хүртэл багтсан. Одоогийн байдлаар 11 мянга гаруй орыг зөвхөн Covid-19 халдвартай хүмүүсийг эмчлэхэд зориулж дэлгэсэн. Үүнээс 6200 нь нийслэлд байна. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч нарын хүрэлцээ дутмаг байна. Монголд 330 эрчимт эмчилгээний эмч бий. Эрүүл мэндийн салбарын бүх түвшинд нөөцийг шавхаж байна.


УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр /2021.06.23/  Байнгын хороо хуралдана. 

1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдах бөгөөд:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн  мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Covid-19 халдварын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл зэргийг сонсоно. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж