Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй 13 хүнтэй бүлэглэн хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол бай болж, Цагдаагийн ерөнхий газраас ч эрэн хайх ажиллагааг идэвхтэй явуулсан. Үүний үр дүнд сэжигтнүүдийг зургадугаар сарын 03-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Тэгвэл тус хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс баривчлагдсан бол банкнаас залилж авсан хоёр сая ам.долларын учиг хэрхэн тайлагдсан гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ. Сэжигтнүүд мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар мэдээлсэн ч мөрдөн шалгах үйл ажиллагааны хугацаанд мэдүүлгийг задлах боломжгүй аж.
ХОЁР САЯ АМ.ДОЛЛАРЫН ШИЛЖҮҮЛЭГ ТУС БАНК РУУ ХИЙГДЭЭГҮЙ
Банкнаас их хэмжээний мөнгө залилсан тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж байгаа юм. Тэгвэл шалгалтын явцад сэжигтнүүд ямар шалтгаанаас болж залилан үйлдэх болсон, банкнаас гаргасан их хэмжээний мөнгийг бүрэн олсон эсэх талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад:
-Сэжигтнүүдээс мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Нийт хоёр сая ам.доллар залилсан гэх хэрэгт холбогдох материал болон албаны эх сурвалж, сэжигтнүүдээс байцаалт бүрэн авч дууссаны дараа гэм буруутай эсэх нь тогтоогдоно. Одоогоор нийт мөнгийг олсон эсэх талаар хэлэх боломжгүй.
Худалдаа хөгжлийн банк руу ямар нэгэн мөнгөн шилжүүлэг хийгдээгүй байгаа. Машинаас олдсон их хэмжээний мөнгө энэ хэрэгтэй холбоотой эсэхийг мөн л мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхойлно. Одоогоор хэн нэгэн сэжигтэнд ял оноосон зүйл байхгүй байна.
Гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу холбогдох хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Эрэн сурвалжлагдаж байгаад баригдсан сэжигтнүүдийн тухайд залилсан бүх мөнгөө биедээ авч явж байсан гэдэг мэдээлэл худал. Хэрэв машинаас олдсон 1.1 сая ам.доллар энэ хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол үлдсэн мөнгийг нь хаана, хэрхэн зарцуулсан зэрэг асуудал үүснэ. Тиймээс бид мөрдөн байцаах явцын талаар дэлгэрэнгүй хэлэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэн нэгэн нь мэдүүлгээс татгалзсан, зугтсан асуудал гараагүй.
Гол сэжигтнүүдийн нэг Б.Бямбадорж өмнө нь залилангийн хэргүүдэд холбогдож байсан талаар хэвлэлүүд нийтэлсэн байсан. Тухайн этгээдийг 2019 онд итгэмжлэх ашиглан нэг банкны харилцагч БНХАУ-ын иргэний данснаас нэг тэрбум гаруй төгрөг залилсан. Батлан даалтад байх хугацаандаа дахин хэрэг үйлдсэн нь үнэн бол ямар шийтгэл ногдуулах талаар иргэд сонирхож байна. Хэдийгээр сэжигтэн ч гэсэн бидэнд хувь хүний нууцад хамаарах мэдээлэл болох ял шийтгэл эдэлж байсан үгүйг хэлэх боломжгүй. Буруутай нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу л зохих ял шийтгэлээ авна гэсэн юм.
БАНКНЫ ЗҮГЭЭС МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ОРОЛЦОХГҮЙ
Худалдаа хөгжлийн банкны салбарууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд олон нийттэй харилцах албанаас тус хэргийн талаар асуухад “Бид мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч сэжигтнүүд баригдсан учраас цагдаагийн байгууллагаас хууль ёсны дагуу шалгаж өгнө гэж бодож байгаа. Тухайн салбарт хэрэг гарах үеэр ажиллаж байсан ажилтнуудын талаар мэдээлэл өгөхгүй. Банкны зүгээс мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд мэдээж оролцох боломжгүй.” гэдэг тайлбарыг хэлэв.
Эдгээр албан тушаалтнуудыг өгч буй мэдээллээр одоогоор тус банкны хохирлыг барагдуулаагүй байгаа аж. Хоёр сая ам.долларыг олсон ч мөрдөн шалгах ажиллагааны үр дүн хэрхэн гарахаас асуудал шийдэгдэх юм. Гэхдээ мөрдөн шалгалтын үйл явц хэдий хугацаанд ч үргэлжлэх боломжтой юм байна.
Машинаас олдсон 1.1 сая ам.доллар хэний, ямар мөнгө болохыг цагдаагийн байгууллага шалгалтын явцад л тодорхой болгоно гэсэн. Харин иргэдийн зүгээс их хэмжээний мөнгийг сонгуулийн өмнө залилсан байх магадлалтай гэж хардаж байгаа. Иргэдийн таамаг зөв эсэхийг мөрдөн шалгалтын ажил дууссан хойно л мэдэх боломжтой юм. Учир нь цагдаагийн байгууллагаас мэдүүлэг задлах, сэжигтнүүдийн хувийн мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх ёстой. Өнөөдрийн байдлаар нэг сая гаруй ам.доллар олдсон. Гэхдээ тэр мөнгө банк залилсан хэргийн сэжүүр мөн эсэхийг мөн л тогтоогоогүй байгаа аж. Нотлогдоогүй учраас Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлээгүй гэдэг мэдээллийг бид албаны эх сурвалжуудаас авлаа.
Холбоотой мэдээ