Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх Баасан гаригт тангаргаа өргөхийн өмнө намын Бага хурлаа хуралдуулж, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг томилно. Түүнийг томилсноор албан ёсоор Л.Оюун-Эрдэнэд МАН-ын тамга шилжилж, тэр үүрэг гүйцэтгэгч болсноор улс төрийн хувьд, Засгийн газар толгойлж байгаагийн хувьд түүний цаг явж эхэлнэ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь давуу эрхтэй болж, танхимаа бүрдүүлэхээс эхлээд олон давуу талтай ч улс төрийн хувьд хариуцлагын асуудал ярихад хүч дутсан тал Л.Оюун-Эрдэнэд байсан. Ялангуяа covid-19-ийн цар тахалтай тэмцэж байх үед эрх баригч намын хувьд хариуцлага тооцох асуудал олон хөндөгдсөн ч тэр бүрт намын дарга нь тусдаа, Ерөнхий сайд нь тусдаа байсан учраас хариуцлагын асуудал яригдахгүй явсаар ирсэн. Хэдийгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар covid-19-ийн цар тахалтай тэмцэж, эхэлснээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн өнөөдөр гарч ирж байна. Хоёр жилийн хугацаанд тодорхой арга хэмжээ, тооцоо төлөвлөгөөтэй, дотоодод халдвар бүртгэгдээгүй байхад сүржин хөл хорио, хатуу арга хэмжээ аваагүй байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байлаа. Дан ганц covid-19-ийн халдвар гэлтгүй төрийн албаны хаагчдын хариуцлагагүй байдлаас үүдэж 22-ын товчоон дээр эрдэнэт хүний амь эрсдэсэн, "Энх саран" сувилалаас халдвар алдаж, дотоодод тархсан гээд тоочоод, шүүмжлээд байвал олон хариуцлагын асуудал яригдах байлаа. Гэвч цар тахалтай үед хариуцлагын асуудлыг хойш нь тавьж байгаагийн цаад шалтгаан нь намын дарга нь Ерөнхий сайд байх МАН-ын дүрэмтэй холбоотой байсныг ч үгүйсгэж болохгүй. Дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг хөл нүцгэн дөн өвлийн хүйтэнд гадаа гаргаснаараа У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохдоо намын даргаа ч мөн өгөх ёстой байсан юм.
НАМЫН ДАРГА & ДОТООД ЗОДООН
Цар тахлаас үүдэж, МАН Их хурлаа хойшлуулж, өдийг хүрсэн ч дахиад л хойшлуулсан гэх боловч түүнээс илүү том улс төрийн шалтгаантай. Н.Энхбаяр тэргүүтэй 55 мянган гишүүн шинээр нэмэгдсэн, тэдэнд эрх мэдэл, албан тушаал олгох эсэх, эсвэл бүр Н.Энхбаярын хамтралаас татгалзах уу гээд МАН-ын даргын зовлон эхэлж байна. Н.Энхбаярын хувьд Цэцийн гишүүн болох, Үндэсний аюулгүй зөвлөлд ажилд орох эсвэл Хууль зүйн яаманд очих санаархлаа МАН-ын удирдлагуудад илэрхийлэх болсон.
Н.Энхбаяртай тохиролцох эсвэл толхилцох том үүрэг Л.Оюун-Эрдэнэд ногдож байна. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-аас ирэгсдээс гадна шинэ намын дарга Л.Оюун-Эрдэнэд нам доторх “ах” нартай ойлголцох, хамтрах том тохироо, улс төр хүлээж байгаа. Намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд ч. УИХ-д хэд хэд сонгогдчихсон, намдаа хандив өгдөг бизнесменүүд гээд 70-аад оны “ах” нар МАН-д олон бий. Шинэ, залуу намын дарга, Ерөнхий сайдтайгаа “ах” нар толхилцох, тохирох нь Н.Энхбаяраас илүү зовлон болж ч магадгүй.
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦДЭЭ СЭЛГЭЭ ХИЙНЭ
Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэг гүйцэтгэгч болсны дараа Засгийн газартаа сэлгээ хийхээр тохиролцсон гэх. Одоогоор дөрвөн сайдыг чөлөөлж, томилох, хоёр яам нэмж байгуулах тохироонууд хийгдээд эхэлсэн гэх. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам зэрэг хэд хэдэн яамдын сайд нарыг өөрчлөх асуудал яригдаж, сайд нар ч явах бэлтгэлээ базааж эхэлсэн гэх. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайдын суудлаа өгч, Улаанбаатар төмөр замын дарга болж, түүний оронд одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ яригдаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сайдын суудлаа өгч, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болох тохироо хийсэн бөгөөд түүний оронд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, одоогийн дэд сайд М.Баярмагнай ч очих сурагтай. Бусад яамдын хувьд горилогчид олон байгаа бөгөөд одоогоор эцэслэсэн зүйл байхгүй аж.
Түүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим, инновацийн яам байгуулахаар төлөвлөж байгаа. Цахим яамыг УИХ-ын гишүүн Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарт өгөх тохироо хийгдсэн гэх. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт байгаа учраас одоогийн гишүүн сайдыг солих уу эсвэл өөр тохиролцоо хийгдэх үү гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа гэнэ.
Ямар ч гэсэн намын тамгаа атгасны дараа Л.Оюун-Эрдэнэ намын дотоод зодооноос илүү нэн тэргүүнд цар тахлын халдвар, нас баралтыг бууруулахын тулд анхаарлаа сулруулж болохгүй. Өнөөдрийг хүртэл нийт хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулж, сүргийн дархлаа үүсгэх, эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хийж буй, цаашид ч хийх олон ажил хүлээгдэж байна. Одоо намын тамгаа гардвал Л.Оюун-Эрдэнэ хүч дутах, харицлагагүйн хажуугаар дуугуй өнгөрөх боломж, эрхгүй болно.
Улс төрийн хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд ч Л.Оюун-Эрдэнийн цаг явж эхэлсэн. Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, солонгоруулах, олон жил яригдсан Рио Тинтотой хэлэлцээрт орох, том төслүүдээ хөдөлгөх гээд олон ажил хүлээж байна. Энэ бүгдийн автор болж тэмдэглэгдэн үлдэх намын дарга, Ерөнхий сайд байх уу эргэн тойрноосоо шидсэн чулуунд бүдрээд унах уу гэдэг нь зөвхөн түүнээс шалтгаалах нь.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ