"VS" сахиусан тэнгэрүүдээ шинэ нүүр царайгаар сольжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.23-нд нийтлэгдсэн

FASHION

"VS" сахиусан тэнгэрүүдээ шинэ нүүр царайгаар сольжээ

"VS" сахиусан тэнгэрүүдээ шинэ нүүр царайгаар сольжээ

Чамин ганган дотуур хувцас, гоёмсог далавчуудаараа олон жил загварын ертөнцийг манлайлсаар ирсэн "Victoria’s Secret" брэнд жил бүрийн шоугаа зохион байгуулахаа болиод удаагүй.

Тэгвэл өдгөө тус брэнд дахин нэг санаанд оромгүй өөрчлөлт хийж, нүүр царайгаа шинэчлэхийн тулд харц булаам сахиусан тэнгэрүүддээ баяртай гэж хэлжээ.

Сахиусан тэнгэрүүдийн оронд “Victoria’s Secret"-ийн цуглаан хэмээх долоон элч ажиллахаар болсон байна. Тэдгээр элч нар нь тус брэндийн өмнөх төрхийг бодвол илүү хүйсийн чиг хандлага, биеийн галбир, өнгө төрхийг багтааснаас үзвэл "Victoria’s Secret" цаашид илүү өргөн хүрээнд олон төрлийн хүйсийн чиг баримжаатай, өөр өөр салбрын хүмүүст чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар зэхэж байгаа бололтой. Тухайлбал, цуглаанд Африк гаралтай дүрвэгч, сэтгэл судлаач Адут Акеч, сэтгүүлч, зурагчин Аманда Де Каданет, цанын спортын тамирчин Эилийн Гү, хөлбөмбөгчин, ЛБГТИК+ эрхийг дэмжигч Меган Рапиное, хөвсгөр модел Палома Эльсессер, жүжигчин Приянка Чопра Жонас, жүжигчин, ЛБГТИК+ эрхийг дэмжигч Валентина Сампайо нар хамаарч байна. Тэд цаашдаа брэндийн нүүр царай болж, шинэ загваруудыг өмсөхөөс гадна эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэх гэнэ.

Брэндийн гүйцэтгэх захирал Мартин Уотерс “Энэ бол "Victora’s Secret"-ийн хувьд асар том шилжилт, өөрчлөлт. Энэ бол бид үндсээрээ өөрчлөгдөж буй чухал үйл явдал. Өдгөө сахиусан тэнгэрүүд бодит амьдралаас дэндүү холдож, үйлчлүүлэгчдийн сонирхлоос гарсан байна” хэмээн ярьжээ.

Толгой компани "L Brands" нь нэгэн хувийн фирмд 525 сая ам.доллараар "Victoria’s Secret"-ийг зарах гэсэн боловч бүтэлгүйтсэн тул хоёрдугаар сард Уотерсд хариуцуулсан байна.

"Victoria’s Secret" брэндийг олон жилийн турш хүмүүс эмэгтэй хүний тухай хэт хуучирсан ойлголттой гэж шүүмжилсээр өдийг хүрчээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноос харвал, тус брэнд 2015 онд АНУ-ын эмэгтэйчүүдийн дотуур хувцасны зах зээлийн 32 хувийг эзэлж байсан бол энэ тоо 2020 оны эцэст 19 хувь болтлоо буурчээ. Улмаар өнгөрсөн онд "L Brands" компани "Victoria’s Secret"-ийн дэлгүүрүүдийн дөрөвний нэгийг хааж, энэ оны эхээр дахин хэд хэдэн дэлгүүрийн хаалгыг барьсан юм. Эдгээр уналт нь дээр дурдсан шүүмжлэлтэй салшгүй холбоотой байсан тул брэндийн шинэ удирдлага цуглааныг бүрдүүлж, илүү олон төрөл, орчин үеийн эмэгтэйчүүдэд тааруулан цаашдын үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөсөн бололтой.

ГАЛ ШИГ ДҮРЭЛЗЭЭД УНТАРСАН ТҮҮХ

Дотуур хувцасны "Victoria’s Secret" брэнд анх 1977 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлсний хүчээр 1990-ээд оноос 2000 оны эхэн үе хүртэл Адриана Лима, Тайра Бэнкс, Жизель Бундхен нарын моделиудын төрхөөр америкчуудын төдийгүй олон улсын дур булаам гэдэг ойлголтыг хамгийн ихээр тодорхойлж явлаа. Түүний дараа Карли Клосс, Даутцен Кроес тэргүүтэй залуу моделиуд хэдийгээр уламжлал болсон сахиусан тэнгэрийн далавчнаас татгалзаж эхэлсэн ч эмэгтэйчүүдийн хүсэл, сонирхол, хэв маяг хэдийн дэндүү олон янз болж салаалан өөрчлөгдсөнөөр брэндийн нэр хүнд муудаж эхэлжээ.

Тэгж явсаар 2018 онд "L Brands"-ийн маркетингийн албаны дарга Эд Разек 1995 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй загварын шоундаа трансжендер модел оролцуулахыг огт хүсэхгүй байгаагаа эрс жигшин зэвүүцсэн байдалтай илэрхийлсэн нь олон хүний шүүмжлэлийг хүртсэн юм. Улмаар тэр оны загварын шоу маш цөөхөн үзэгчтэй, сүүлчийн шоу болсон юм. Тухайлбал, 2018 оны шоунд нийт 3.3 сая хүн ирсэн нь 2013 оны 9.7 сая үзэгчтэй харьцуулахад дэндүү бага байсан бөгөөд түүнээс хойш дахин шоу зохион байгуулагдаагүй.

Хэдийгээр дараа жил нь "Victoria’s Secret" анхны трансжендер модел Валентина Сампайог ажилд авсан ч өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн хэрэг болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж