-Өвөлжилтийн бэлтгэлийг нийслэлийн эсвэл, малчдын хүрээнд яриад бид заншчихжээ. Хөдөөгийн сум, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл орхигдоод байдаг гэж та түрүүн хэллээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Аймгийн төв, сум суурин газрын дулаан хангамжийг өмнө нь нийтийн аж ахуйн салбар дагнан хариуцдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд орон нутгийн болон хувийн өмчлөлд шилжиж төр засгийн бодлогын гадна үлдсэн гэж болохоор байна. Дулаан хангамжийн систем нь төрийн болон орон нутгийн засаг захиргааны онцгой анхааралд байх учиртай. Одоогийн байдлаар зургаан аймгийн төвийн дулаан хангамжийг нийтийн аж ахуйн байгууллагууд хариуцан ажиллаж байна.Үлдсэн аймгуудад дулаан хангамжийн асуудлыг манай салбарын бус өөрөөр хэлбэл эрчим хүчний байгууллагууд хариуцан ажилладаг. Дулаан хангамжид тасралтгүй ажиллагаа чухал байдаг. Гэтэл урин дулааны цагт нь ор мартчихаад халаалтын улирал дөхөөд ирэхээр сандарч асуудал үүсгэдэг газар олон байна.
-Халаалт дулаан гэхээр хэн бүхэнд нүүрсний нөөц, дулааны шугамын найдвартай байдал зэрэг ойр зуурын ажиллагаа санаанд ордог. Уг нь их нарийн, олон асуудал багтдаг юмаа даа?
-Тэгэлгүй яахав. Дулаан хангамжийн гол зорилго нь барилга байгууламжийг дулаанаар хангаж хүний ажиллах амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршдог гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.
Дулаан хангамж нь найдвартай дулааны эх үүсвэр, гадна болон дотор дулааны шугам сүлжээний байдал, эдэлгээ, ашиглалтын хугацаа, зөв ашиглалт, барилга байгууламжийн дулаан тусгаарлалт зэрэг олон зүйлээс хамаарч байдаг. Энэ бүхний хэвийн ажиллагаа алдагдсанаас түлшний зарцуулалт өсч, халааж байгаа объектын температурын горим буурахад хүрдэг. Манай оронд өвлийн улирал их хүйтэн байдгаас байгууллага, аж ахуйн нэгжийн төсөв хөрөнгө, хувь хүний халааснаас багагүй хэмжээний мөнгө халаалтанд зарцуулагдаж байна. Төсвийн байгууллагын хувьд л гэхэд ихэнх зардал халаалт, цалин хоёрт зориулагддаг гэсэн тооцоо бий. Хүний ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд ингэж зарцуулахаас ч аргагүй. Харин тэр зардлыг багасгах, хэмнэх нь хамгийн чухал.
-Тэгвэл зардлаа хэмнэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?
-Зардлаа багасгахын тулд хамгийн түрүүн дулааны алдагдал хаана гарч байгааг тодорхойлох учиртай. Түүнчлэн нүүрсний чанар, тоноглолуудын техникийн байдал, ажиллаж байгаа горим, түүнийг ажиллуулж байгаа хүний ур чадвараас дулаан үйлдвэрлэлийн өртөг хамаарна. Эдгээрээс хамгийн ихээр нөлөөлөх хүчин зүйл нь ажилчин хүний ур чадвар гэдгийг хэлмээр байна. Судалгаанаас үзэхэд зуухны газруудад ажиллаж байгаа галч нарын ихэнх нь ямар нэг сургалтад хамрагдаагүй халаалт дулаан, халаалтын зуухны талаар огт мэдлэггүй хүмүүс байна. Тухайн хүний хэрхэн ажиллуулахаас үр ашиг хамаарна.
Үр ашигтай ажиллууллаа гэхэд түүнийг үнэлэх эдийн засгийн үнэлэмж заавал байх ёстой. Цалин төдийхөн өгчихөөд үр ашигтай ажиллуул гэдэг ч бас зөв шаардлага биш. Тиймээс галч нарыг бэлтгэх богино хэмжээний сургалтыг халаалтын бус улиралд зохион байгуулж занших, энэ ажлыг төсвөөс тусгайлан санхүүжүүлэх боломжоор хангах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ сургалт онолын сургалт бус туршлага солилцох хэмжээнд байхын дээр ажил мэргэжлийн уралдааныг бүс нутгийн хэмжээнд явуулах зэргээр галч нарыг мэргэшүүлэх учиртай.
-Манай улс нүүрсний нөөц арвинтай гэдэг ч илчлэг нь ямар байдаг юм бол?
-Зуухны ашигт ажиллагааг ихээхэн бууруулж буй үндсэн хүчин зүйлийн нэг бол нүүрсний чанар юм. Уурхайн нүүрс тоос тортог, нунтаг, шороо ихтэйгээс дутуу шаталт их явагддаг. Шаталт муутайгаас дулааны алдагдал их гарна. Тиймээс жижиг зуухны газруудыг ангилсан эсвэл баяжуулсан, ядаж л дундаж ширхэгтэй нүүрсээр хангах хэрэгтэй байна. Ингэснээр жижиг болон дунд чадлын дулааны эх үүсвэрүүдийн ашигт үйлийн коэффициент дээшилж, байгаль орчинд хаягдах бохирдлын хэмжээ буурч, нүүрс тээвэрлэх зардал ч багасна. Нэг кг түлшний дулаан 1500-7000 ккал байдаг. Уурхайгаас нийлүүлж байгаа нүүрсний илчлэгийг хамгийн өндрөөр нь тодорхойлсон байдаг. Бодит байдал дээрээ энэ үзүүлэлт дандаа өөрчлөгдөж байдаг. Өөрчлөгдөхдөө сайжрах бус, буурах тал руугаа байдаг. Түүнчлэн ихэнх уурхайн нүүрснээс их хэмжээний хог гардаг. Энэ хаягдал, нунтаг нүүрс чинь тэр чигээрээ мөнгө л хаягдаж байна гэсэн үг.
-Нийслэл хотод жил бүр дулааны шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөлийг хийж байдаг. Харин хөдөөд шугам сүлжээгээ шинэчилж чадаж байгаа юу?
-Дулаан хангамжийн системийн хамгийн өртөг ихтэй хэсэг нь шугам сүлжээ юм. Сүүлийн үед шугам сүлжээний шинэчлэлийн ажлууд мөрдөгдөж буй норм, дүрэм, стандартын шаардлагыг үнэхээр хангахгүй байна. Дулааны шугамын хаалтны дулаалгыг бараг хийхгүй байна. Үүгээр хичнээн их дулаан алдагдаж болохыг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна. Өвөл зарим газар цас нь гэсчихсэн, уур савсаад байдаг нь газар дор дулааны шугам ямар ч дулаалгагүй байгааг илтгэж буй хэрэг.
Түүнчлэн хэрэглэгч жижигрэх тусам сүлжээ харьцангуй урт байна. Өөрөөр хэлбэл бага диаметртэй мөртлөө өчнөөн урт шугам тавиад байна л даа. Үүнээс болоод сум суурингийн дулаан хангамжид шаардагдах дулаанаас даруй хоёр дахин илүү дулаан нийлүүлж, хангаж байгааг судалгаагаар тогтоосон.
Халаалтын зуухны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд ойрхон байрлалтай хэрэглэгчдийг сүлжээгээр холбох замаар халаалтын зуухны газруудыг цөөлөх, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй нягт уялдуулах шаардлагатай байна. Өнөөдрийг хүртэл дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр тооцоог хийхдээ бодит хэрэглээг хэмжиж, тоолуурын заалтыг үндэслэх бус тухайн барилгын талбай, эзлэхүүн зэргийг үндэслэж байгаа нь хэрэглэгч нь дулаанаа хэмнэх, ариг гамтай зарцуулахад анхаарал тавих ямар ч сонирхолгүй болгож байгаа тул тоолууржуулах ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн зарим сууринд байшингаасаа олон яндан байна гэхэд нэг их хэтрүүлэг болохооргүй байна.
Д.Цээпил