Европын сүүлчийн “диктатор” хэмээгдэх болсон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийг буулгаж авахын тулд Барууны орнууд нэгдэж байна. Их Британи, Европын холбоо, АНУ, Канад нэгдэн Беларусийн эдийн засгийн гол судсуудыг хаах хориг арга хэмжээ авахаа зарлажээ.
Беларусийн Засгийн газар тэрс үзэлтэн сэтгүүлч Роман Протасевичийг баривчлахын тулд Ирландын “Ryanair” компанийн нисэх онгоцыг албадан газардуулсан хэрэг олон улсын шүүмжлэлтэй тулгарсан. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Афин хотоос Литва улсын нийслэл Вильнюс хотын чиглэлд нисэж байсан нисэх онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн хуурч Минск хотод газардсны дараа сэтгүүлчийг баривчилсан юм.
Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас хэлэхдээ “Бид цаашид зөвхөн хувь хүний эсрэг биш Лукашенкогийн дэглэмийн мөнгөн урсгалыг хааж, эдийн засгийг нь “хатаах” арга хэмжээ авна” гэж мэдэгджээ. Түүнчлэн Европын холбооны гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Жосеф Боррелл “Хориг арга хэмжээ Беларусийн Засгийн газарт дарамт үзүүлж, эдийн засгийг ихээр гэмтээнэ. Шийдвэр ирэх Пүрэв гаригт болох Европын зөвлөлийн хоёр өдрийн уулзалтаар гарна” хэмээсэн байна. Тэд Беларусийн гадаад валютын гол урсгал болох газрын тос, утаат тамхи, хужир, бордооны давс зэрэг аж үйлдвэрийн экспортын эсрэг хориг тавихаар төлөвлөжээ. Түүнчлэн Лукашенког буланд шахахын тулд гадаадын зээл, хөрөнгө оруулалт авах боломжийг нь хааж, хориглох гэнэ.
Хоригийн төслийг өнгөрсөн Баасан гаригт хэлэлцэж, боловсруулжээ. Энэ үеэр Минскийн банкны салбарыг сонирхож буй Австри улсын зүгээс хориг Беларусийн ард иргэдийг хохироож болохгүй хэмээн эсэргүүцжээ. Гэхдээ Австри улсын зүгээс Беларусийн хужир, газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавихаас гадна агаарын орон зайн хууль, журмыг чангатгах санал гаргажээ. “Лукашенкогийн дэглэмд хэдийнэ зовж буй Беларусийн иргэдийг биш төрийн түвшний эдийн засгийн салбарыг бид байгаа болгох ёстой” хэмээн Австрийн Гадаад хэргийн сайд Александр Шалленберг мэдэгджээ.
Беларусьт өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулийн дараа Лукашенко суудалдаа үлдэхийн тулд хийсэн үйлдлийн эсрэг Европын холбооноос дөрвөн удаа хориг арга хэмжээ авсан аж. Ингэснээр Беларусийн 166 хувь хүн, 15 аж ахуй нэгж Европын холбооны хар жагсаалтад оржээ.
Их Британийн Засгийн газрын зүгээс Беларусийн газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч монополь компанийг хориглож, эдийн засгийн тодорхой салбаруудын эсрэг хориг тавихаа мэдэгдсэн. Нэгдсэн вант улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб хэлэхдээ “Бид холбоотон орнуудын хамтаар Беларусийн газрын тосын экспортын орлогыг хааж, хөрөнгө царцаах, аяллын хориг тавих зэрэг олон арга хэмжээг авна” хэмээжээ. Сэтгүүлчийг баривчилсны дараа Их Британи, Европын холбооноос Беларусийн дээгүүр нислэг үйлдэхийг хориглосон юм. Доминик Рааб Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког “Европын сүүлчийн диктатор” хэмээн ярих болсон юм. АНУ-ын зүгээс Беларусийн 16 иргэнийг хар жагсаалтад оруулжээ. Тэдний дунд Беларусийн Батлан хамгаалах, тээврийн сайд, нисэх хүчний командлагч, шүүгч, хууль тогтоогч нар багтаж байна. Ийнхүү хүчирхэг гүрнүүд Даваа гаригт Беларусийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэнээр тус улсын Засгийн газрын ам.долларын бондуудын ханш унажээ.
Беларусийг 26 жилийн турш удирдсан Александр Лукашенко өнгөрсөн наймдугаар сард сонгуульд 80 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь удаагаа сонгогдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Улмаар эсэргүүцлийн жагсаалд оролцсон 2300 гаруй хүнийг баривчлан эрүүгийн ял тулгасан байна. Түүнчлэн түүний улс төрийн өрсөлдөгч тэргүүтэй 500 гаруй хүн ял сонссон аж. Эх сурвалжуудын мэдээлснээр Беларусийн шоронд олон зуун хүн зодуур, яргалал дунд хэрэг хүлээдэг гэнэ.
Лукашенкогийн хувьд Европын улсын удирдагч нараас улсаа хамгийн олон жил удирдаж буй хүн. Өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулийн ирц хэдий цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа ч 84 хувьтай байсан ба сонгуулийн үр дүн бараг тодорхой байсан гэхэд болно. Учир нь түүнийг төр барьж байх хугацаанд үргэлж тэр илт давуу ялалт байгуулсаар ирсэн. Сонгуулийг будлиантуулж, луйварддагаараа алдартай түүний арга барил энэ удаад мөн л хэвээрээ сэтгүүлчдийг баривчилж, эсэргүүцэгчдэд хүч хэрэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг барихыг оролдож байв. 21-р зуун гарснаас хойш Беларусьт болсон Ерөнхийлөгчийн болон парламентын бүх сонгуулийн дүнг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тус улс бүх сонгуулийн явцад олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж үздэг.
Холбоотой мэдээ