Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг цар тахалд зарцуулна

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг цар тахалд зарцуулна

Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг цар тахалд зарцуулна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж үг хэлж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Х.Булгантуяа гишүүний асуултад хариулав. Тэрбээр "Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалт зургадугаар сарын 10-наас эхэлсэн. Бид 14-37 долоо хоногтой жирэмсэн ээжүүдэд "Файзер" вакциныг хийж байна.

Монгол Улс 2.5 сая вакцин худалдан авах гэрээ хийгээд эхний ээлжийн тунгаа авсан. Вакцины цэгүүдэд ачаалал үүсгэхгүйн тулд цаг авч үйлчлүүлнэ. 16-17 насны хүүхдүүдийн вакцинжуулаад эхэлсэн. Бид өчигдөр  ДЭМБ-ын вакцин хариуцсан зөвлөлтэй  цахимаар холбогдож зөвшөөрлийг авсан.

Тиймээс 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг энэ долоо хоногийн сүүлчээр эсвэл ирэх долоо хоногоос бид төлөвлөгөө гаргачихсан бэлэн байдлаа хангаад ажиллаж байна. Хөхүүл ээжүүдэд тавдугаар сараас хойш вакцин хийгээд эхэлсэн. Одоогийн байдлаар 860 хөхүүл ээж вакцинд хамрагдсан. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд "Файзер" вакцин хийж байгаа" гэлээ.

"12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ВАКЦИНЖУУЛНА"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Цар тахалд зориулсан тарифын шинэчлэлтийг тухайн цаг үетэй нь тохируулан нэмэлт өөрчлөлт хийж байна. Өмнөх тушаалаар 4.3 сая буюу нэг хүн эмчлэгдэхэд дээрх зардалтай байсан бол одоогийн шинэ тарифаар 7.7 сая орчим төгрөгийн тариф батлагдсан. Үүнд нэн шаардлагатай халдварын үед хэрэглэж буй эм тариа бусад зардал бүгд орсон. Дээрээс нь улаан бүсэд ажиллаж буй эмч нарын цалингийн нэмэгдлийг хүртэл тооцож олгож байна.

Гэрээр эмчлэгдэж буй иргэдийн тариф мөн шинэчлэгдсэн. Тухайлбал, 70 мянга байсан бол одоо 160 болсон. Үүнд арбидол гээд эм багтсан. Тухайн өрхийн эмнэлэг даатгалаар иргэдэд авч өгнө. Дараа нь гүйцэтгэлээс авч өгөх зохицуулалттай.

Шадар сайд С.Амарсайхан:

-Тяньжин боомтод гацсан чингэлгүүд, Замын-Үүд болон бусад боомтуудаар нэвтрэх ачаа тээврийн эргэлтийг сайжруулахтай холбоотой олон асуудал бий. Эхнээс нь шийдвэрлэж байна. БНХАУ-ын холбогдох байгууллагууд болон Элчин сайдын яам, хил орчмын боомтын захиргаа, Өвөрмонголын боомтын зөвлөлтэй Монголын хилийн хяналтын байгууллагууд Гадаад харилцааны яамны ажлын хэсэг Замын-Үүдэд хэд хэдэн удаа ажилласан.

Хоёр талаас ажлын хэсэг байгуулж төмөр зам, Зам тээврийн яам хамтарч чингэлгийн бөөгнөрлийг багасгах, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхээр зарим тохиролцоонд хүрсний дагуу асуудал шийдэгдэж байна. Цаашдаа халдварын эрсдэлтэй үед төсвийн багагүй хувийг бүрдүүлж буй экспортын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой хилийн боомтын бүрэн эрхт захиргааг байгуулж, тэр чиглэлээр ажиллах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Дээрх хуулийг сунгахийг дэмжихгүй байгаа. Төр ба иргэн хоёр итгэлцэж байж цар тахлыг ялна. Шуудхан хэлэхэд иргэд төрдөө итгэхгүй байна. Итгэл гэдэг цагаан цаастай адил. Нэг алдвал буцааж хэзээ ч хэвэндээ ордоггүй. Энэ хуулийг сунгах асуудал дотор Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар журам гаргаж зарцуулах гэж байгаа юм байна. Энэ хэрхэвч байж болохгүй. Нийгмийн даатгалын сангаас нэг их наяд төгрөг зарцуулчихсан. Одоо Засгийн газраас мөнгөжүүлэх боломж байхгүй. Нийгмийн даатгалын санд өртэй байгаа. Засгийн газрын дураараа мэддэг мөнгө биш. Иргэдээс асуулгүй ийм шийдвэр гаргахыг зөвшөөрөхгүй. Энэ хуулийн үйлчлэлийг сунгаж буй асуудал бол төр өөрөө цар тахлаас аюултай  болсон байх вий дээ. Цар тахлын үед Засгийн газар хүний үндсэн эрхийг хэр сайн сахиулав аа. ХЭҮК-ийг УОК нь хуралдаа  ч оруулдаггүй гэсэн.

Шадар сайд С.Амарсайхан:

-Сунгах эсэх нь Засгийн газрын асуудал. Хамаагүй хуулиар далимдуулаад эх захгүй яваад байгаа мэт зүйл огт ярьж болохгүй. Яагаад өнөөдөр Засгийн газрын 40 тэрбум төгрөг барагдсан бэ гэдгийг асуугаад байх шиг байна. Энэ бүх мөнгө цар тахалтай тэмцэхтэй холбоотой эм тариа, ор дэр, илүү цагийн цалин хөлсөнд зарцуулагдсан. Өвдсөн үед нь иргэддээ зарцуулахгүй юм бол энэ мөнгө байгаад хэрэг байна уу.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Улсын хэмжээнд амралт сувилал, аж ахуй нэгжийг бүгдийн багтаагаад 27 мянган ор байдаг. Өнөөдрийн байдлаар 11 мянга 200 орыг цар тахалд зориулж дэлгэсэн. Голомтод ажиллаж буй хүний нөөцийг шавхаж байна. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн хомсдол үүссэн. Ялангуяа эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүслээ. Резидентүүдийг хүртэл дайчиллаа. Дараагийн ээлжид төгсөх курсийн оюутнуудыг бэлтгэж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2021 оноос гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Бүх эрүүл мэндийн байгууллага үүнд багтсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-"Чоно борооноор" гэдэг шиг юм боллоо. Бүтэн жил төрийн албанд ямар ч шалгалтгүй хүмүүс томилсон. Дахиад зургаан сар сунгах гэж байна. Энийг дэмжихгүй. Хоёрдугаарт, Засгийн газар нэг их наяд төгрөг НДГ-аас зарцуулсан. Энийг төлж чадахгүй байгаа. Одоо үүн дээр нэмэгдэж Эрүүл мэндийн даатгалын сан руу “гар дүрэхийг” зөвшөөрч болохгүй. Даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газар дур мэдэж зарцуулсан тохиолдол дэлхийн түүхэнд нэг байдаг. Монгол Улсын иргэд бусад өөр өвчнөөр өвдөхгүй юм уу. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулиас давсан журам гаргаж болох юм уу. Энийг зөвшөөрөхгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

100 гаруй мянган хүн өвчилж, 459 хүн амиа алдчихаад байгаа цаг үед зарцуулж болохгүй мөнгийг Засгийн газар зарцуулаад хэрэггүй. Та нарт зөндөө мөнгө өглөө. Түүгээр  тоглоод дууссан. PCR шинжилгээнд хэдэн тэрбум хий дэмий үрсэн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Гадаадын туршлагыг авах хэрэгтэй. Хаана яаж байна, ямар шийдэл байна, халдварыг тархаахгүйн тулд цаашид холбогдох мэргэжлийн яам, УОК  онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Цар тахал эхэлж байхад 1000 гаруй ор бэлдэж байсан бол одоо 11 мянга 200 орчим ор бэлдсэн байна. Иргэдийн хувьд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Хайхрамжгүй хандаж байгаа асуудал захаасаа харагдлаа. Хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж, эрсдэл их байна. Тиймээс голомтод ажиллаж буй хүмүүстээ анхаарал тавих шаардлага үүсч байна гэж дүгнэж байна.

Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос 15 нь дэмжиж 88.2 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр хуулийн үзэл баримтлалыг хэлэлцсэн эсэх талаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо. 

 

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, June 22, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж