Америкийн алдарт рок хамтлаг "Foo Fighters" өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотын Мадисон цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхэд бүх тасалбар зарагдаж, олон мянган хүн зай барилгүй, маск зүүлгүй цугларчээ.
Нью-Йорк хотод жил гаруй хугацааны турш хүмүүс олноороо цугларах хориотой байсны эцэст өнгөрсөн долоо хоногт дээрх хязгаарлалтыг сулруулжээ. Улмаар энэ сарын 20-нд "Foo Fighters" хамтлагийн тоглолтыг үзэхээр 20 мянган хүн нэг дор цугларсан байна.
Хязгаарлалтыг бууруулахдаа Нью-Йорк мужийн захирагч Эндрью Куомо мужийн хэмжээнд нийт насанд хүрэгчдийн 70 хувь нь вакцин тариулсан болохыг онцолж, цаашид худалдаа, үйлчилгээ, нийгмийн үйл ажиллагаа, спортын арга хэмжээ, барилга, үйлдвэрлэлийн ажлуудыг хэвийн үргэлжлүүлж болно хэмээн зарласан юм.
Тоглолт зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд бүрэн дархлаажсан байх гэдэг ганцхан шаардлага тавьж, маскгүй, зай барихгүй байхыг зөвшөөрсөн байна. Энэ нь ч үзэгчдийн сэтгэлд нийцэж, хүнд хэцүү цаг үеийн төгсгөл ирж, амьдрал эргээд хэвэндээ ороход ойрхон байгааг мэдрүүлсэн гэнэ.
Гэхдээ вакцины эсрэг үзэл бодолтой хэсэг бүлэг хүмүүс цэнгэлдэх хүрээлэнгийн гадна цугларч, зохион байгуулагчдаас вакцин тариулаагүй хүмүүсийг ч гэсэн нэвтрүүлэхийг шаардсан аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ