Х.Баттулга хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болов!

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Х.Баттулга хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болов!

Х.Баттулга хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болов!

Гурав хоногийн дараа Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас явах Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хаачих вэ?!  Энэ асуулт АН, МАН-ынханд төдийгүй улс төр сонирхогч хэн бүхний анхаарлын төвд байна.  Учир нь, улс төрийн татами дээрээс  тийм ч амархан яваад өгчих хүн тэр биш.

Х.Баттулгын дараагийн улс төрийн таамаглалууд аль эртнээс хөвөрсөн.  Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулна.  Ардчилсан намыг авна. 2024 онд Ерөнхий сайд болно.  Гээд энэ бүхэн зөвхөн Х.Баттулгын болоод фанатуудынх нь хүсэл байж ч мэднэ. Эрх баригч МАН ингэж хүсэхгүй нь лав.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулж дуусчээ. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн бөгөөд удахгүй УИХ-аар хэлэлцэж, хаврын чуулганы хаалтаас өмнө батлахаар, ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа аж.  Хуулийн шинэчлэлтээр Ерөнхийлөгчийн хориг тавих, захирамж гаргах асуудалд өөрчлөлт оруулахаар болжээ. Товчхондоо, У.Хүрэлсүх   улс төрийн албан тушаалтны томилгоонд хориг тавих эрхгүй болох юм.

Хууль батлагдвал Х.Баттулгад жинхнээсээ баяртай гэж хэлэхэд хүрэх нь.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ерөнхийлөгчөөр ажилласан хүн таван жилийн хугацаанд улс төрийн намд элсэхийг хориглосон заалт оруулжээ.  Энэ нь  ганцхан Х.Баттулгад хамааралтай заалт гэсэн үг.  Баасан гаригт намын тамгаа Төрийн тэргүүний тамгаар солих У.Хүрэлсүхийг эс тооцвол Х.Баттулгаас бусад дөрвөн Ерөнхийлөгч нар улс төрийн намын гишүүнчлэлээ аль хэдийнэ сэргээсэн.

 Ингээд Ардчилсан намыг самарсан Х.Баттулга аврагчийн дүрээр алхаж орох  төлөвлөгөө нь талаар болж байна.

Үндсэндээ У.Хүрэлсүх Х.Баттулгын өөрийнх нь гараар, үг үйлдлээр нь өөрийнх нь улс төрийн карьерыг дуусгавар болгож байна. Өнгөрсөн  дөрвөн жилийн  хамтрал дунд хожил нь У.Хүрэлсүхийнх, хожигдол нь Х.Баттулгынх байжээ. Х.Тэмүүжингийн хэлсэнчлэн “ Хүрэлсүхэд АН-ыг хуваах сүх нь Баттулга болж, харин Баттулгын МАН-д хийсэн үр нь Хүрэлсүх болсон. Х.Баттулга сүхнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн бол харин Хүрэлсүх Баттулгын хувьд үр могой  болсон” нь бүүр үнэн. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг, одоо яах гэхэв. Үнэндээ ширээн дээрээс унагасан нь МАН биш, ширээн дээрээс унасан нь Х.Баттулга өөрөө юм.

Товчхондоо, МАН-ынхан Х.Баттулгыг хоёр дахь удаагаа чихэн дээр нь цэцэг ургуулахаар шийдсэн нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчлэлт.  Нэг талаасаа шинэ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумисан мэт харагдавч, үнэндээ энэхүү шинэчлэлийг гол зорилго нь Х.Баттулгыг  дахин Төрийн ордонд оруулахгүй байхыг л МАН хүсч буй нь нэн ойлгомжтой байна.

Хаалгаар гараад явсан Х.Баттулга тооноор ороод ирвэл Ардчилсан намынхан шиг хуугаараа дээлээ нөмрөхийг Ардын намынхан тооцоолсон байх.  МАН бол зуун жилийн түүхтэй том институци. Юу гэж л Ардчилсан намынхан шиг Х.Баттулгыг толгой дээрээ баастай бурхан болгож залчхаад “бавуулаад” сууж байх вэ дээ.

Ардчилсан намын гишүүнчлэлээ эргэж сэргээж чадахгүй бол Х.Баттулга хэн ч биш болно. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулдаг юм аа гэхнээ ердөө бие даагч төдийгөөр дуусна гэсэн үг.

Ардчилсан нам аль хэдийнэ Х.Баттулгаас нүүрээ буруулсан. Ардын намынхан бол ашиглаад хаячихлаа. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намыг Ардын намынхантай нийлж баруун солгойгүй зодож явсан Х.Баттулга ёстой л хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болжээ. Яваад очих намгүй, хүлээж авах нөхөргүй. Угтаад, тосоод авах намаа самарсан Х.Баттулгыг улс төрийн хувьд “үхдэл” болгохыг АН ч, МАН ч адилхан хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
89
ЗөвЗөв
40
ТэнэглэлТэнэглэл
22
БурууБуруу
12
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж