АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливаны хэлснээс үзвэл, Ерөнхийлөгч Жо Байден Алексей Навальныйтай холбоотой асуудлаар Оросын эсрэг дахин хэд хэдэн хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бололтой.
Жо Байден өнгөрсөн долоо хоногт Женев хотноо Владимир Путинтэй уулзах үеэрээ Навальный хэрвээ торны цаана үхвэл Оросын үндсэн хууль ялзарсны баталгаа болно хэмээн анхааруулсан билээ. Тиймээс ч тэрбээр ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа аж.
Жо Байден энэ онд хоёр ч удаа Москвад хориг тавиад буй. Тухайлбал, гуравдугаар сард тэрбээр ОХУ-ын долоон эрх баригчид Навальныйг хорьсон асуудлаар хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан билээ. Түүнчлэн дөрөвдүгээр сард тэрбээр Москвагийн тагнуулын албыг цахим халдлага үйлдсэн хэмээн буруутгаж, эдийн засгийн хориг тавьсан юм. Гэхдээ дээрх шийдвэрүүдийн алинд ч Владимир Путин болон түүнийг дэмжигч олигархуудын нэрийг оруулаагүй аж.
Бэлдэж буй хориг арга хэмжээний талаар Жейк Сулливан “Бид цахим халдлага, сонгуулийн луйвар, Навальный гэх мэт Оросын буруу үйл ажиллагаатай тууштай тэмцэхээ харуулж байна. Удахгүй бид чухам аль эрх баригчийн эсрэг арга хэмжээ авахаа судлан нарийн тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргана” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр ямар арга хэмжээг хэзээ хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлээгүй аж.
Эх сурвалж: AXIOS
Холбоотой мэдээ