Ираны цор ганц цөмийн цахилгаан станцыг учир битүүлэг шалтгааны улмаас анх удаа яаралтай унтраажээ. Цахилгаан станцыг 2011 онд өмнөд нутгийн боомт хот Бушерт Оросын тусламжтайгаар байгуулж байсан юм.
Станцыг унтраасан тухай албаныхан энэ сарын 20-нд төрийн мэдээллийн телевизээр зарласан аж. Төрийн удирдлагатай эрчим хүчний "Таванир" компанийн албан тушаалтан Голамали Рахшанимерын хэлснээр станцыг энэ сарын 19-нд унтрааж эхэлсэн нь гурав, дөрвөн өдөр үргэлжилж магадгүй. Үүнээс шалтгаалан эрчим хүч хомсдож болзошгүй гэнэ. "Таванир" компанийн зүгээс цахилгаан станцыг унтрааж байгаа нь энэ долоо хоногт хийх засварын ажилтай холбоотой гэхээс илүү нарийн мэдээлэл өгөөгүй аж.
Зарим эх сурвалжийн мэдээлснээс харвал дээрх шийдвэр Иран болон бусад орнуудын хооронд хийсэн хэлэлцээрт ахиц дэвшил гарсантай холбоотой бололтой. Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах зорилготой Иран болон бусад зургаан улсын 2015 онд анх байгуулж байсан хэлэлцээрийг сэргээх асуудал нааштайгаар эргэж байгаа юм. Хэлэлцээрийг амжилттай сэргээвэл Иран цөмийн хөтөлбөрөө зогсоож, оронд нь олон улс эдийн засгийн хоригоо сулруулах учиртай билээ.
Дээрх хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж байсан ч Дональд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаас болж мартагдаад байв. Трампын үйлдлийн хариуд Иран Цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлснээс болж хэлэлцээр бүрмөсөн мартагдахад ойрхон байлаа. Хэдийгээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дээрх хэлэлцээрийг сэргээх санаатай байгаагаа илэрхийлж байсан боловч энэ бүхэн бодит байдал дээр тийм ч хялбар биш юм.
Эх сурвалж: UNILAD