Ашгүй өвөл болохгүй нь!

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Ашгүй өвөл болохгүй нь!

Дүн өвлөөр хамгийн их асуудал үүсгэдэг салбарын нэг нь эрчим хүчнийхэн. Халаалт дулаанаа өгч эхлэх есдүгээр сарын сүүлч үе болон халаалт зогсох тавдугаар сард дотор давчидтал халаадаг хэр нь дүн өвлөөр элдэв шалтаг шалтгаан тоочин дааруулж хорлодог эрчим хүчний салбарынхан өвлийн тухай ор мартан зугаалцгааж явна. Ордны 76 эрхмийг гадаалах зуур яам тамгынхан ч ямбалахаа мартсангүй. Ерөнхий сайд баруун аймгуудаар явж, амаа цуцтал өвлийн тухай өгүүлж байгаа ч яам тамгынхан нь харин боломжийг ашиглаад амралтаа авцгаажээ. Эрчим хүч эрдэс баялгийн яамны өвөлжилтөд бэлтгэх комиссыг ахалдаг дэд сайд нь томилолт өвөртлөөд одсон бол нарийн бичгээсээ эхлээд комиссын гишүүд нь цөм ээлжийн амралтаа авсан байх юм. Ядаж орыг нь залгах хүнийг түр атугай томилсонгүй. Арга ядсан сайдын туслах “Эрчим хүчний газраас асуу” хэмээн  зам буруулсан ч тэд мөн л эзгүй байлаа. Тэгэхээр эрчим хүчний салбарынхан бүхэлдээ бүтэн сарын турш өвлийг ор тас мартан амралтаа авчээ. Тэднийг дагаад бид ч наадмын дараа намар, намрын дараа өвөл айлчилдаггүй юм шиг санаа амар суухаас аргагүй нь.

“Хонх нь дуугахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх таг, хоёулаа дуугарахаар лам нь таг” гэж нэг хошин үг байдаг даа. Яг л түүн шиг логик манай улсад давтагдсаар. 2007-2008 онд гурил гэдэг цагаан алтны дайтай үнэд орж, хэсэг наймаачид болоод гурил үйлдвэрлэгч нар халаас зузаалж амжсан. Үүнийг засч залруулах гэхдээ “Атрын III аян” гээчийг зарлаж гурилын үнийг арайхийн тогтоотол зуд турхан нүүрлэж, мах магнаг болсон. Дахин шар буурцаг, тахианы махаар ард олноо гол зогоолгохгүйн тулд өвөлжөө хаваржаа, өвс хадлан яриад Засгийн газрынхан завгүй. Гэтэл намрын саруудыг найр наадмаар хөгжөөж буй эрчим хүчнийхэн ээлжит “таг”-ийн нэг болчих вий дээ. Энэ жил их олон уурхайн тэгш ой тохиож буй гэнээ. Багануурын 30 жил, Шарын голын 20 жил гэхчилэн нүүрсний салбарынхан нүргээн ихтэй найранд дарга удирдлагуудаа залсан нь мэдээж. Харин ард нь халаалт дулааны асуудал орхигдож, өвлийн бэлтгэл базаах үүрэг мартагдав.Уурхайн өр авлага, станцын нүүрсний нөөцөөс шалтгаалж жил жилийн өвлийг дах дэгтийний хүчээр туулдаг хэрэглэгчид тун чиг ууртай байна. Аргагүй ч биз, хурдан ажнай, үнэтэй машинаараа уралдан, зунжин зугаалж, намаржин найрласан сайд дарга нарын наадмын гор эгэл жирийн хэрэглэгчдийн нуруун дээр буудаг нь гэм биш.

Саяхан Эрчим хүчний зохицуулах газраас эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийнхээ хагас жилийн ажлыг дүгнэжээ. Харамсалтай нь нийслэлчүүдийг дулаан цахилгаанаар хангадаг гурван станцын хоёр нь тийм ч сайн үзүүлэлттэй гарсангүй. ТЭЦ-4-ийн хувьд санхүүгийн хувьд алдагдалгүй ажилласан гэдгээрээ хоёрдугаар байрт жагсчээ. Энэ оны нэг, зургадугаар сард хоёр үе шаттайгаар цахилгааны үнийг 17,3 хувь, дулааны үнийг 14,5 хувиар нэмээд байгаа. Эрчим хүчний үнэ ханш нь суурь үнэ болдгоороо онцлогтой. Тиймээс ч тухайн үедээ ихээхэн хэл ам дагуулж байж үнэ ханшаа нэмсэн санагдана. Харин цахилгаан болоод дулааны үйлчилгээ 15-20 хувиар сайжирсан гэдэгт  би л хувьдаа итгэхгүй байна. Хавар, зуны хэдэн үдшийг лааны гэрэлд үдсэнээ тоолж үзсэнгүй. Ямартай ч гэрэл цахилгаан тасардагаараа тасарч, халаалт дулаан доголддогоороо доголдсон  хэвээрээ л байна. Харин ирэх өвөл дулаан, цахилгааны доголдол өргөс авсан мэт илаарших нь юу л бол.  Хөрш зэргэлдээ улс руу нүүрсээ сая сая тонноор гаргахдаа гацдаггүй хэр нь дотооддоо нүүрсээ нөөцөлж амждаггүй эрчим хүчнийхний эрээн бараан ирэх онд арилах болов уу. Энэ асуултын хариуг хэдхээн хоногийн дараа амьдрал өөрөө харуулах биз ээ.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж