Эрүүл мэндийн сайдын 227 дугаар тушаалаар өнгөрөгч дөрөвдүгээр сард эмч эмнэлгийн ажилтнууд комбинзоноос татгалзжээ. Covid-19 халдвар дэгдсэн цагаас хойш эрүүл мэндийн салбарын эмч ажилчид бүтэн хоёр жил гаруй хугацаанд хамгаалах хэрэгслийн хувцастай хүнд нөхцөлд ажиллаж байсан юм. Иймд сайдын тушаалын дагуу эмч ажилчид ердийн нэг удаагийн цэнхэр халад, мэс заслын амны хаалт, нүүрний шилэн хаалттай, бээлий, улавчтай улаан бүсэд ажиллаж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв.
Тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу мэс ажилбарын эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын хувцас өмсөнө. Бусад үед эмч, ажилчид халад, мэс заслын амны хаалт, нүүрний шилэн хаалттай, бээлий, улавчтай ажиллана. Магадгүй хөдөө орон нутагт Covid-19 халдвараар өвдсөн иргэдийг эмчилж эхэлж буй эмнэлгийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүй байгаа учир хэтрүүлэн хамгаалалтыг хэрэглэж байж болно. Энгийн хамгаалалтад аажмаар шилжиж болно. Энгийн халадтай ажиллахад бидэнд ч төвөггүй байгаа” гэлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 386 хүн хэвтэн эмчлүүлж байна.