Өдрийн тойм: До свидания Сборная, Бельгийн жинхэнэ аялал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм: До свидания Сборная, Бельгийн жинхэнэ аялал эхэллээ

Өдрийн тойм: До свидания Сборная, Бельгийн жинхэнэ аялал эхэллээ

"Евро-2020" тэмцээний В, С хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр/2021.06.21/ болж, хасагдах шатанд тоглох багуудын нэрс тодров.


НИДЕРЛАНД 3 – 0 УМАРД МАКЕДОН

С хэсгийг хоёр хожилтой тэргүүлж байсан Нидерландчууд нэг ч хожил байгуулж чадаагүй байсан Умард Македоны шигшээ багтай тоглож 3:0-ийн харьцаатайгаар буулган авлаа. Нидерландчуудаас Мемфис Депай нэг, Жоржино Вияналдум хоёр гоолыг оруулсан байна. 

Ийнхүү Нидерланд Италийн адилаар 100 хувийн амжилттайгаар хэсгээ тэргүүлж байна. Харин Умард Македоны багийн хувьд нэг ч хожилгүйгээр тэмцээнээс хасагдав. Гэхдээ тэдний хувьд анх удаа том тэмцээнд шалгарч оролцсон нь чамлахааргүй амжилт байлаа. 

Тоглолтын дараа Умард Македоны ахлагч Горан Пандев шигшээ багийн үдэлтээ хийсэн юм. 2010 онд Интер Миланы хамтаар аваргуудын лигт түрүүлж байсан тэрбээр ийнхүү шигшээдээ 122 тоглолт тоглосны эцэст зодгоо тайлж буй нь энэ билээ. Ахлагч Горан Пандевийн Австрийн эсрэг оруулсан гоол Умард Македоны хувьд том тэмцээнд буюу тивийн аварга, дэлхийн аваргын хүрээн дэх анхны гоол байсан.

АВСТРИ 1 – 0 УКРАИН

Энэ хэсгийн нөгөө тоглолт болох Австри болон Украины шигшээ багууд хэсгээс хоёрдугаар байраар шалгарахын төлөө маш чухал тоглолт хийлээ. Ижилхэн гурван оноотой байсан тус хоёр баг тэнцвэл гоолын зөрүү тэнцэж, оруулсан гоолынхоо тоогоор Украин дээрээ бичигдэх байв.

Харин тоглолтын эцсийн үр дүнд Австричууд 1:0-ээр ялалт байгуулсанаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарах эрхээ авсан байна. Тоглолтын хожлын гоолыг Австрийн 21 настай залуу тоглогч Хоффенхаймын Баумгартнэр хийжээ. Ийнхүү Австри хэсгээс шалгарч энэ Бямба гаригт Италийн эсрэг шөвгийн 16-д тоглох болж байна. Хэсгээс дээгүүр байраар шалгарсан ч ийнхүү тэмцээний хамгийн шилдэг багуудын нэгтэй тоглох болсон нь Австрийн хувьд хүнд шалгуур юм. 

Украины хувьд гурван оноотой гуравдугаар байранд бичигдэж байгаа ба доороо B хэсгийн гуравдугаар байрын эзэд Финландыг хийчихсэн байгаа. Тиймээс сүүлийн хэсгүүдээс дахин нэг баг тэднээс муу амжилттай жагсахад Украин хасагдах шатны эрхээ авах юм. 

ОРОС 1 – 4 ДАНИ

Шөнийн 03.00 цагаас B хэсгийн драма дүүрэн тоглолтууд явагдаж өнгөрөв. Эхний тойргоос багийн лидер Кристиан Эриксенд нь асуудал тохиолдож, багийн сэтгэл зүй маш хүнд болоод байсан Даничууд эцсийн мөчид хасагдах шатны эрхээ авч чадлаа. 

Финланд болон Бельгийн шигшээ багт дараалан хожигдож  тэг оноотой байсан Даничууд эцсийн тоглолтод гурван оноотой ОХУ-ийг заавал хожих даалгавартай талбайд гарсан. Мөн хэсгээс гарахын тулд олон гоолын зөрүүтэй хожих шаардлага ч үүсээд байсан юм. Эриксений нөхцөл байдлаас хамаарч Даничуудын хувьд тоглолтдоо 100 хувь төвлөрөхөд хүнд байсан нь тодорхой. 

Гэвч Даничууд даалгавраа 100 хувь биелүүлж ОХУ-ыг 4:1-ийн харьцаатай хожиж хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан байна. Энэ хэсэгт ОХУ, Финланд, Данийн багууд ийнхүү бүгд гурван оноотой тэнцсэн бөгөөд бөмбөгний зөрүүгээр Дани +1 бөмбөгтэйгээр хоёрдугаар байранд жагсч байна. Харин ОХУ өчигдөр амссан хол зөрүүтэй хожигдлынхоо гайгаар хэсгийн сүүлийн байранд орж тэмцээнээ өндөрлүүллээ.

ФИНЛАНД 0 – 2 БЕЛЬГИ

Эхний тоглолтоос гурван оноо аваад байсан Финланд хоёрдугаар тойрогт ОХУ-д хожигдсоныхаа дараа сүүлийн тоглолтоо Бельгитэй хийж 2:0-ээр ялагдлаа. Ийнхүү гурван оноотойгоор гоолын зөрүүгээр гуравдугаар байранд жагсч байна. Тэдний гоолын зөрүү -2 байгаа бөгөөд хоёр баг хасагдах учраас бөмбөг тоолох болвол хүнд байдал үүсч магадгүй. 

Бельгийн хувьд хэсгээс гарах нь тодорхой байсан тул гараандаа хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Алдэрвайрэлд, Вэртонгэн нар амарч оронд нь Бояата, Вэрмалэн нар гараанд гарч тоглов. Мөн хоёр жигүүрт Троссард, Шадли нар довтолгооныг дэмжиж байв. Харин тэд довтлогоонд өөрчлөлт оруулахыг хүссэнгүй. Энэ нь тамирчид хасагдах шатанд бие биенээ ойлгох, гар нийлэхтэй холбоотой байсан нь дамжиггүй. Дэлхийн чансааг тэргүүлэгчдийн хувьд хасагдах шатны тоглолтоо A,D,E,F хэсгүүдийн аль нэгийх нь гуравдугаар байраар шалгарсан багтай тоглоно. Тэдний хувьд энэ тэмцээнд мэдээж хэрэг түрүүлэх зорилготой ирсэн. Одоо л Бельгийн шигшээн жинхэнэ сорилт эхлэж байна гэхэд буруудахгүй.

NEWMETA - Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж