Иргэдийн хурлыг үймүүлэх нь тасрахгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Иргэдийн хурлыг үймүүлэх нь тасрахгүй

Шинэ мянганд ядуурлыг буу­руулах талаар Нэгдсэн Үндэстний Бай­гууллагаас дэвшүүлсэн зорилтуудыг дэм­жиж Монгол Улс гурав дахь илтгэлээ боловсрууллаа. Монгол Улс хөгжлийн алсын хараагаа то­дорхойлж Мянганы хөгжлийн зо­рил­туудад суурилсан үндэсний хөгж­лийн зорилтуудаа боловсруулан хэрэгжүүлж эхлээд хэдэн жил боллоо. Монгол Улс МХЗ-ыг өөрсдийн нийгмийн онцлог байдалд нийцүүлэн өргөжүүлэн баяжуулж Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор есөн зорилго, 24 зорилт, 67 шалгуур үзүүлэлттэйгээр батлан хэрэгжүүлэхээр болсон аж.

Мянганы хөгжлийн зорилтод Монгол Улсад хүн амын, өрхийн ядуурал, өлсгөлөнг бууруулах талаар өмнөх жилүүдэд тодорхой ажлыг амжилттай зохион байгууллаа гэж байгаа боловч сүүлийн 14 жилийн хугацаанд ард иргэдийн дунд ядуурал бодит байдлаар ердөө 1,1 нэгжээр буурсан гэсэн тооцоо судалгаа байна. Мөн нийгэмд ихээхэн маргаан дагуулдаг асуудал болох жендэрийн эрх тэгш байдлын талаар олон жилийн хугацаанд олон парламент дамжин хэлэлцэгдэж байгаа боловч өнөөг хүртэл нэг тийш нь шийдэж чадаагүй гацаанд орсон хэвээр байгаа. Улс орны нийгмийн ардчилал, хүний эрхийн баталгааг харахдаа эмэгтэйчүүд хүүхдүүд бусадтай харилцан адил эрх эдэлж, нийгмийн харилцаанд хэрхэн оролцож байгаагаар нь дүгнэдэг гэдэг.  Энэ асуудлаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Ажэй Чиббер Улсын Их Хурлын дарга Д.Дэмбрэлтэй уулзахдаа санал солилцсон байна. УИХ-ын дарга Д.Дэмбрэл энэ удаад УИХ-ын намрын чуулганаар жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг энэ намрын УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахын төлөө ажиллах талаар ярилцжээ. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн С.Оюун болон зарим нэг гишүүд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-д шахалт үзүүлэхээр ажиллаж байгаа юм.

Тэр ч бүү манай Засгийн газар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран семинар зохион байгуулж, Лаос, Вьетнам, Бангладеш улсаас төлөөлөгч урьж оролцуулж, МХЗ-ыг хэрэгжүүлж байгаа өөрсдийн орны туршлага, түүний дотор ядуурлыг бууруулах болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар санал солилцсон удаатай. Иргэний нийгмийн болон хүний эрхийн байгууллагуудын дурьдаж байгаагаар бол Монголд Улсад хүний эрх  ноцтой зөрчигддөг талаар цаг ямагт ярьж байдаг. Жишээ нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хуулийн этгээдийн өмгөөлүүлэх эрх болон өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөх эрх гэх зэрэг наад захын жишээ байгаа бол, амьжиргааны баталгаажих хэмжээнээс доогуур орлоготой иргэд хэрэг зөрчилд холбогдлоо гэхэд өмгөөлөгч хөлслөх санхүүгийн чадамж үгүйгээс болж буруудах ёсгүй нөхцөлд биеэ өмгөөлж чадалгүй гэмт хэрэгтэн болж ял сонсох зэрэг хүний эрхийн наад захын асуудлыг манай улсад хангалттай шийдэж чадаагүй гэгдэж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад жишээ дурьдвал 2008 оны эцсийн байдлаар төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх нийт 29 төв өмгөөлөгчдөөр дамжуулан Монгол Улсын хэмжээнд 700 гаруй эрүүгийн хэрэгт холбогдогч төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлж гурван мянга орчим иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч, 2600 иргэдийг эрх зүйн албан бус сургалтанд хамруулсан байна. Манай улсын хууль тогтоомжийн хувьд олон улсын хүний эрхийн гэрээтэй нийцэж байгаа байдал дунд зэргийн түвшинд буюу, цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага байгаа гэж үзжээ.    
 
Нөгөөтэйгүүр сонгуульт ажил буюу аймаг сумдын засаг дарга болон баг хорооны засаг даргад нэр дэвшүүлэхэд иргэдийн оролцох нөхцөл байдал хэр зэрэг нээлттэй байгаа талаар хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа орон нутгийн сонгуулийн дараа, мөн нөхөн сонгуулийн дараагаар иргэдийн санал асуулга, судалгаа хийсний үндсэн дээр үзүүлэлтийг гаргаж байх боломжтой гэж үзэж байгаа юм.  Гэвч сүүлд болж өнгөрсөн орон нутгийн сонгууль 2009 оны хавар явагдсан болохоор тухайн үеийн шалгуур үзүүлэлтийн мэдээллийг үндэсний гурав дахь удаагийн тайланд хавсаргах боломжгүй байсан гэнэ. Үүнээс гадна төрийн байгууллага ялангуяа улс төрийн нам болон түүнээс хамааралтайгаар үйл ажиллагаа нь бүрддэг УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийн итгэх итгэл бага, сэтгэл дундуур байгаа хандлага нь өөрчлөгдөхгүй хэвээр байгаа аж.

Улсын төсвийн төсөл боловс­руулах, хэлэлцэж батлах үйл явц ерөнхийдөө нээлттэй байдаг боловч иргэдэд төдийлөн хүртээмжтэй ойлгомжтой бус байдаг. Мөн ир­гэний нийгмийн байгууллагууд төс­вийн талаар саналаа албан ёсоор ирүүлэхээс илүүтэй танил тал, нөлөө бүхий албан тушаалтанд ойлгуулж лобби хийхийг илүүд үзэх хандлага байна гэж энэ илтгэлд дурджээ. Баг хороодын иргэдийн нийтийн хуралд оролцох идэвх санаачилга сул байгаагаас хурлын ирц хуульд заасан хэмжээнд хүрэлгүй олон дахин хуралдах бэрхшээл гарч ажлын явцыг саармагжуулдаг. Баг хороодын засаг даргад нэр дэвшүүлэх  хуралд нэр дэвшигчид өөрийгөө дэмжих иргэдийг ялгаж цуглуулах, нэр дэвшигчийг дэм­жиж сонгох хэмжээний тө­лөө­лөл бүрдээгүй нөхцөлд хурлыг санаатайгаар үймүүлэх, хойшлуулах зэрэг явдал тасрахгүй байгаа нь жинхэнэ ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд саад тушаа болж байгаа аж. Мөн мэдээллийн эрх чөлөөг хангах асуудлыг зохицуулах хууль байхгүй болохоор эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага байна гэж дурдсан байна.                        

  Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж