Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун иргэдэд асар их хохиролтой

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун иргэдэд асар их хохиролтой

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун иргэдэд асар их хохиролтой

НЭМЭЛТ:

Төвсийн байнгын хорооны хуралд гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Хуурамч шатахууны асуудлыг цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагад өгөөд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Энэ бол том бизнес. Өөрөөр хэлбэл нийтдээ 100 орчим тэрбум төгрөгийн бизнесээ олчихсон учраас компаниуд төрийн зарим байгууллагуудад нөлөөлөх хандлага яваад байна. Тиймээс эдийн засгийн аргаар тэмцье гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу олон улсын стандартад нийцсэн эм түүхий эд оруулж ирэх, түүнийг хадгалах хяналт тавих үүрэг Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын газарт бий. Ийм байхад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг бензин үйлдвэрлэхэд ашиглаж байгааг Уул уурхайн яам яагаад зөвшөөрөөд байгаа юм бэ. Хоёрдугаарт, газрын тосны “найрка” үйлдвэрлэж байгаа үйлдвэрийг яагаад дэмжээд байна вэ. Гуравдугаарт, газрын тосны үйлдвэр байхгүй байхад яагаад дайвар бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэхийг зөвшөөрч байгаа юм. Энэ хэрэгцээтэй юу.

Уул уурхайн яамны ГТБХЗХ-ын дарга Ч.Чулуунбат:

-Монгол Улсын импортоор орж ирж буй аливаа аж ахуй нэгжүүд ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохыг хориглосон зүйл заалт байхгүй. Үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг тухайн газрын тосны хууль болон аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд заасан шаардлагыг хангасан аж ахуй нэгжид олгож байгаа. Өнөөдрийг хүртэл долоон аж ахуй нэгжид хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Дахин хэлэхэд аж ахуй нэгжийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас аливаа санал дүгнэлт ирүүлээгүй болохоор аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үйл ажиллагаа манай яаманд явагдаж байна.

Дайвар бүтээгдэхүүн, “найрка” хуурамч шатахуун гэдэг нэр албан бус хэллэг юм. Үйлдвэрлэлийн бус аргаар боловсруулсан ирсэн бэлэн бүтээгдэхүүн хамгийн гол нь хүхрийн агууламж маш их байдаг учир байгаль орчин болоод хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг. Агаарын бохирдолд 20 хүртэл хувийг эзэлдэг.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Ийм үхээнц тайлбар хэрэггүй. Танай яам хариуцаж чадахгүй бол хариуцдаг хүмүүст нь шилжүүлсэн дээр. Асуудал үүсэхээр бидэнд хамаагүй, бичиг ирээгүй гэдэг. Зөвшөөрөл өгөх болохоор нүд нь гялалзаад гүйдэг. Төрийн ажлыг ингэж хариуцлагагүй хийж болохгүй. Хүхэр ихтэй, стандарт хууль бус гэсэн тайлбар хэлчхээд суугаад байж болохгүй. Сайд аа дууд. Амраад алга болчхоогүй биз дээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Онцгой албан татварын тухай хууль бол зайлшгүй тавигдах ёстой. Яагаад гэхээр автомашины банкинд орж буй ижил төрлийн хоёр бүтээгдэхүүний нэг нь татваргүй, нэг нь татвартай байна. Бусад хэрэглээний татвартай харьцуулж болохгүй. Нефтийн үйлдвэрт үйлдвэрлээгүй, нефтийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй. Энэ бол Монголчуудын мэдлэг багатайг ашиглаж хуурамч шатахуун хийж байгаа асуудал байгаа юм. Хуурамч гэдэг үгийг хэлэхэд ерөөсөө айж ичиж хэрэггүй. Иргэдийн нийт авто машин эвдэрч дуусч байна гэсэн үг. Машин хэрэглэдэг бүх хүнд эдийн засгийн хохирол учирч байгаа. Тухайлбал, Багануурын уурхайн 40  машин эвдэрсэн байна. Хэчнээн уул уурхайн машин техник эвдэрсэн юм бэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ганцхан жишээн дээр хариулъя. Багануурын уурхайн том экскаватор форсунк нь эвдэрлээ гэхэд 15 мянган ам.доллараар засахаас өөр аргагүй болдог. Энэ бүх эдийн засгийн хохирлыг тооцох юм бол уул уурхайн салбарт асар том хохирол учирч буй.

Нэг жил болоод малчны портер эвдэрч, приусны карбиратор эвдэрч байна. Энэ иргэдэд асар их хохирол авчирч байна. Тиймээс стандартын бүтээгдэхүүн хэрэглэх зайлшгүй шаардлагатай.

Уул уурхайн яамны ГТБХЗХ-ын дарга Ч.Чулуунбат:

-Чанарын шаардлага хангахгүй түлш хэрэглэснээр авто машины явах эд анги эвдэрч, ашиглалтын хугацаа богиносч, хэрэглэгчдэд хохирол учруулж байна. Нарийн тоо баримт байхгүй байна. Гэсэн хэдий ч гадуур хүмүүс энэ талаар ярьдаг. Энэ бол амьдрал дээр байдаг. Солонгос, ОХУ-д дээрх асуудал тохиолддог.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА

Төсвийн байнгын хороо өнөөдөр /2021.06.22/ цахим хэлбэрээр хуралдана. Хуралдаанаар Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн 2020 оны дөрөвдүгээр сарын 14-нд өргөн мэдүүлсэн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Өнгөрөгч долоо хоногт Б.Пүрэвдорж гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд дээрх хуулийн төслөө хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  Тэрбээр “Хуурамч шатахуун хийдэг нөхдүүд бидний толгой дээр гараад суучихлаа. Хуурамч шатахууны түүхий эдэд татвар тогтоох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд удаж байна. Гэвч цааш нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй юм. Урд хил дээр 6000 чингэлэг гацчихсан байгаа. Гэтэл хуурамч шатахуун үйлдвэрлэгчид өнгөрсөн тавдугаар сарын 25-нд 50 вагоныг нэг өдрийн дотор оруулаад ирж байна. Монголын төрөөс татварын хулгай хийж байгаа, монголчуудын автомашиныг эвдэж байгаа нөхдөд хэзээ хариуцлага тооцож энэ хуулийг хэлэлцэх юм бэ. Хэрвээ хэлэлцэхгүй юм бол жагсаал хийнэ” гэж мэдээлж байсан.

Уг хуулийн төсөлд керосин, нафта хэмээх хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгажээ. Мөн дээрх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ногдуулдаггүй, ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй байдаг аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж