НЭМЭЛТ:
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргыг томилох сонсголыг долдугаар сарын 6-ны өдөр хийхээр тогтлоо. Тодруулбал, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа зургадугаар сарын 14-нд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг АТГ-ын дэд даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг ХЗБХ-нд ирүүлжээ. Г.Азжаргалын хувьд 1984 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Мөн ОХУ, АНУ-д сурч мэргэжлээрээ ажиллаж байжээ. 2018 оны гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж буй.
АТГ-ЫН ДЭД ДАРГЫГ ТОМИЛОХ ТОМИЛГООНЫ СОНСГОЛ ХИЙНЭ
Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2021.06.22/ 10.00 цагаас хуралдана. Ингэхдээ Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дэд даргыг томилох томилгооны сонсгол хийх юм. Ямартай ч АТГ-аас дэд даргын томилгооны сонсголд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг оруулж томилуулахаар танилцуулга илгээсэн гэх мэдээлэл байна.
Дашрамд дурдахад, УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог зохицуулалтыг өөрчилж, АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа томилдог болгосон.
Ингэснээр Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа ийнхүү томилуулах гэж байна. Авлигын эсрэг хуулийн 21.2-т "Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэсэн заалт бий. АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн юм.
Холбоотой мэдээ