Сошиалыг тандах биш тодорхой шийдвэр гаргана уу, УОК-оо!

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Сошиалыг тандах биш тодорхой шийдвэр гаргана уу, УОК-оо!

Сошиалыг тандах биш тодорхой шийдвэр гаргана уу, УОК-оо!

Covid-19 халдварын улмаас зөвхөн зургадугаар сард 164 хүн, нийт нас баралт 447 хүрсэн муу мэдээтэй, айдастай өдрүүд үргэлжилж байна.  Цар тахал гамшигт хүрсэнд эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр шууд буруутай юм.  Товчхондоо, шагнал, сонгуулиас болж Монгол Улс эдийн засаг, эрүүл мэндийн хувьд маш хүнд  үеийг даван туулж байна. Халдварын тоо  дотоодод бүртгэгдээгүй байхад хөл хорио тогтоож, баяр наадмаа цуцлаж байсан хэрнээ хоногтоо хоёр мянга давж халдвараа барьж чадахгүйд хүрсэн өнөөдрийн нөхцөлд өнөөх л хөл хорино, хорихгүй гэсэн хэрүүл дээрээ ч доороо ч үргэлжилж байна.

 Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эрүүл мэндээ аврахын тулд хөл хорихыг, эсрэгээрээ эдийн засагчид хөл хорих хэрэггүйг сануулсаар.  Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.06.21/ “Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэж шийдсэн ч халдварын улмаас эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Хэрэв халдварын тоо буурахгүй бол хөл хорио тогтоохоос өөр аргагүй байдалд орно. Ингэж байж л халдвар хамгааллын дэглэм сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулна” хэмээн мэдэгдсэн.

Тиймээс  монголчууд ойрын хэд хоногт хатуу хөл хорио тогтоох үгүй нь тодорхойгүй эргэлзээн дунд ажил, амьдралаа  ч зохицуулж чадахгүй нөхцөл үүсэв.  Өөрөөр хэлбэл, УОК, Засгийн газар тодорхой нэг шийдэлд хүрч, иргэдийн эргэлзээг тайлах шаардлагатай байна. Хөл хоривол хориод, үгүй бол түүнийгээ тодорхой мэдээллэх ёстой. Ямар шийдвэр гаргах тодорхойгүй нөхцөл өөрөө бухимдал, эрсдэл дагуулдаг. 

Эх сурвалжийн мэдээлснээр долдугаар сарын 2-оос эхлэн 21-ний хооронд хөл хорио тогтоох санал гарсан ч Засгийн газар эцсийн шийдвэр гаргаагүй, шийдэлд хүрч чадахгүй байгаа аж.

Ирэх намар сургууль, цэцэрлэг, ажил амьдралаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд өнөөдрийн нөхцөлд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хэлсэнчлэн нөхцөл байдал хүндэрвэл хатуу хөл хорио тогтоох нь зөв гэдгийг эрдэмтэн судлаачид ч хэлж буй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа дахин хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Ерөнхий сайд, зарим сайд нарын зүгээс хэрэв хатуу хөл хорио тогтоовол эдийн засаг тэг зогсолт хийх, олон аж ахуй нэгжүүд хаалгаа барих, улсын данс улайх ч эрсдэл ч үүсч болзошгүй байгаа учраас хөл хорио тогтоох дээр нэгдсэн байр сууринд хүрэхгүй байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь “Хатуу хөл хориог  үргэлжлүүлэх нь эдийн засагт асар их хохиролтой. Тиймээс хатуу  хөл хорио тогтоохгүйгээр шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хорио тогтооно” гэж мэдээлж байсан.

Дэлхий нийтээр цар тахлын эсрэг авах хамгийн гол арга хэмжээ бол вакцинаас гадна хөл хорио гэж үзэж байгаа ч бүхий л салбар хямарсан энэ үед уг шийдвэр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Гэвч хөл хорио тогтооно, тогтоохгүй гэж маргаж, тодорхой шийдэл, шийдвэрт хүрэхгүй байгаа ч олон хүний ажил, амьдралаа төлөвлөхөд нөлөөлж буйг иргэд хэлж байна.  

Халдварыг дотооддоо алдаагүй байх хугацаандаа хангалттай хэмжээнд бэлтгэл базааж, хариу арга хэмжээ авах бололцоогоо дээшлүүлж чадаагүй учраас одоо хүндхэн нөхцөлтэй тулгарсан нь яахын аргагүй үнэн. Ийм байтал  эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэндээс илүүтэй наадмыг чухалчлав бололтой. Өөрөөр хэлбэл, аймаг сумдад баяр наадмыг зохион байгуулахгүй зөвхөн нийслэлд хийх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Чухамдаа одоогийн нөхцөл байдалд баяр наадмыг зохион байгуулах нь чухал уу иргэдийн амь нас илүү үнэтэй юу гэдэг сонголттой нүүр тулаад байна. Уг нь энэ үед улсын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхийг хориглож цар тахлыг хохирол багатай даван туулахад бүх анхаарлаа хандуулах ёстойсон.

“Өнгөрсөн өвөл, хавар биднийг “Хөл хорио тогтооё. Хүнд байдалд орно” гэж анхааруулаад байхад “Цар тахалтай хамт амьдаръя, эдийн засгаа бодъё” гэcээр одоо яг тэр байдалдаа хүссэн, хүсээгүй хүрчихлээ.Түргэн өөрчлөгддөг эрсдэлтэй нөхцөлд яах вэ гэдгийг хэлэхэд хүндрэлтэй. Сүүлийн хөл хориог арай өмнө буюу өдөрт бүртгэгдэх халдварын тоо 100-200 байхад тогтоосон бол өнөөдөр тэр тоотойгоо л явж байх байлаа. Гэсэн хэдий ч  өмнө нь тогтоосон хөл хорио, вакцины үр дүн бий. Хэрэв ямар ч үр нөлөөгүй байсан бол өдөрт халдварын тоо өдөрт 10-20 мянгаар тоологдох байсан” гэдгийг УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих онцолсон удаатай.  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж