Монгол Улс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлоор тахал дэгдсэн Ухань хотыг давжээ. Covid-19 халдварын улмаас бид өдөр бүр 10 гаруй хүнээ алдаж, чимээгүй тахалд 95819 хүн өртөв. Хоногт 2268 хүн өвдөж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Цар тахал хүрээгээ тэлэхийн хэрээр хяналтаас гарах болсон ч монголчууд сонгууль, одонгийн найр бас аялал зугаалга гээд юун Covid-19. Амны хаалт, бээлийнээс одоо залхаж, назгайрах болжээ. Зуны өдрүүдэд энгийн үе шиг олон нийтийн гудамж талбайд амны хаалтгүй “зугаалах” хүн ч олшров. Хүүхдүүдээ ч бас олон хүн хөлхөлдсөн газруудаар дагуулан явж байгаа нь өөрөө эрсдэл.
Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг цар тахлын аюулаар АНУ, ОХУ, Франц зэрэг хүчирхэг гүрийг ч өмнөө сөхрүүлсэн Covid-19 халдварыг хүмүүс бүр сүүлдээ ханиад шиг эндүүрч, тоохоо больсон нь халдвар тархах хамгийн том шалтгааны нэг биз ээ. Үүнд мэдээж ямар ч хяналт байхгүй, хувь хүний ухамсар, хариуцлагатай салшгүй холбоотой. Бүгд биш ч хүүхэд залуус зүүсэн дүр эсгэж бас огт зүүхээ больсон нь нийтлэг болжээ.
Сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амны хаалтгүй залуус олширч, тоглоомын талбайд хүүхдүүд огт маскгүй эсвэл хамраа гаргасан тоглож байх нь нийтлэг дүр зураг болов. Мөн дэлгүүрт ч бас амны хаалтгүй хүмүүс үйлчлүүлэх болсон байна. Худалдагчдын хэлснээр орон сууцны хороолол дундах хүнсний дэлгүүрт зарим хүн амны хаалтгүй үйлчлүүлэх тохиолдол ч гардаг болжээ. Одоогоос жилийн өмнө Covid-19 дотоодод бүртгэгдээгүй байхад хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй гэх томхон зарлал хаддаг байсан ч өнөөдөр эл шаардлага ч мартагдсан. Хорооны ажилтнууд иргэдийг “Маскаа зүү” хэмээн шаардаж эргүүлд гарахаа ч болиод удаж буй. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хүмүүс амны хаалтаа олон цаг зүүж, бас амны хаалт зүүхгүй, гараа угаахгүй байгаа нь цар тахал тархах нэг шалтгаан болсон байна. Тус яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлэхдээ “Шинэ төрлийн Covid-19 халдвар нь хүний артер венийн судсыг гэмтээдэг. Ингэснээр судсанд бичил бөглөрлүүд үүсч, эд эсэд очих тэжээл алдагдах эрсдэлтэй.
Вирус зөвхөн артери венийн судас гэмтээхээс гадна амьсгалын зам, хоол боловсруулах зам, зүрх судас, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээдэг. Зөвхөн уушги биш тухайн хүний аль ч эрхтнийг гэмтээж ямар ч шинж тэмдэг илэрч магадгүй. Зарим хүн шинж тэмдэггүй хөнгөн өвдөж болно. Гэтэл дархлаа султай, өндөр настан, архаг хууч өвчтэй, чихрийн шижин хорт хавдартай, уушгины архаг бөглөрөлтэй хүмүүс өвдсөн тохиолдолд амьсгалын аппаратад орохоос өөр аргагүй байдлаар хүндэрч болно.
Тиймээс бидэнд халдвараас сэргийлэх боломж 99 хувь байна. Хэрэв бид хоорондоо 1.5 метрийн зай барих эсвэл амны хаалтаа зүүх хэрэгтэй. Сүүлийн үед хүүхэд залуус гадуур явахдаа амны хаалт зүүдэг, дотоод орчинд маскгүй хоорондоо ярьж байгаа нь халдвар тархах нэг шалтгаан болж байна. Хамт хоол идсэн ч нэг тал руугаа харж суух, өөд өөдөөсөө харж суухгүй байх хэрэгтэй. Дэлгүүр орсон ч удахгүй, хоёр метрийн зайгаа барьж үйлчлүүлэх, амны хаалтаа хоёр цаг тутамд солих хэрэгтэй. Гэтэл амны хаалтаа солихгүй, удаан зүүж байна.
Олон цаг зүүсэн маскны гадаргууд вирус байдаг атал гар хуруугаараа хамаагүй хүрдэг, гараа угаахгүй байна. Хамгийн багадаа 30-40 секунд гараа угаах байтал гурван секунд усаар зайлсныгаа гараа угаалаа гэж боддог.
Зарим нь 10 секунд гараа савандаж угааж байгаа ч халдвар тархах эрсдэлтэй салааны хэсгүүдээ угаадаггүй. Ийм хандлага түгээмэл. Харин гэр бүлийн гишүүдээрээ хүнээс зайдуу газарт амны хаалтгүй байж болно. Тиймээс бүгдээрээ дор бүрнээ хичээвэл аюулт өвчнийг давж болно” гэж зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, амны хаалтыг буруу зүүж, гараа зөв угааж дадаагүй нь ч бас Covid-19 халдвараар өвдөх шалтгааны нэг болж байна. Зөвхөн вакцинд хэт найдах бус дор бүрнээ ухамсартай хариуцлагатай байхыг цаг үе биднээс шаардаж байна.
Холбоотой мэдээ