Байр суурь: Үндэсний үйлдвэрлэл дампуурч байна

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

Байр суурь: Үндэсний үйлдвэрлэл дампуурч байна

Байр суурь: Үндэсний үйлдвэрлэл дампуурч байна

Сүүлийн хоёр жил үргэлжилсэн цар тахлын нөлөөгөөр аж ахуй нэгжүүд орон тоогоо цомхтгох, цаашлаад хаалгаа барих эрсдэлтэй нүүр тулж буй юм. Монгол Улсын Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус тогны төлбөрийг тэглэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэх зэрэг долоон төрлийн шийдвэр гаргасан. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн долоон сарын хугацаанд хэрэгжсэн дээрх шийдвэрийн хугацаа дуусах дөхөж байна. Үүнтэй холбогдуулан аж ахуй нэгж, судлаачдын байр суурийг хүргэе.


ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ТАВДУГААР САРААС ХОЙШ ЗОГСООСОН

“Ногоодой органик шүүс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Туяа: Манайх үйлдвэрлэлээ тавдугаар сараас хойш зогсоосон. Одоо хүртэл сул зогсолттой байна. Зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөн ч  бид бүтээгдэхүүний үнээ нэмээгүй. Олон үйлдвэрлэгч нарт хэцүү байдалтай нүүр тулж байна. Гуравдугаар сараас хойш түүхий эдийн үнэ огцом өслөө. Бид дагаад үнээ нэмэх гэхээр сүлжээ дэлгүүрүүд үнээ нэмэхгүй гэсэн шаардлага тавьдаг.

Өөрөөр хэлбэл бид цар тахлын нөлөөнд он гарсаар алдаг оног ашиггүй ажиллаж байсан. Компани НӨАТ-ын татвараа төлөөгүй байгаа. Долдугаар сарын 1-нээс бидэнд арга хэмжээ авах эсвэл нэхэмжлэх ирэх байх. Манай бүтээгдэхүүний хувьд дархлаа дэмжих чухал үүрэгтэй.

Гэвч албан байгууллагууд, сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихээс илүүтэй импортын бараа авах сонирхолтой байхад бид үйлдвэрлэл явуулах хэрэг байна уу.

НЭГ БОЛ ДАМПУУРНА, НЭГ БОЛ ТЭСЧ ҮЛДЭЭД ДАРААГИЙН АЛХАМ РУУ АЛХАНА

“Цайдам Трейд” компанийн гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч А.Солонго /Бурамхан чихрийн үйлдвэр/: Манайх 2018 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар бид 14 хүнтэй ажиллаж байна.

Цар тахлын улмаас манай борлуулалтын орлого 75 орчим хувиар буурсан. ЖДҮ-ээс бид гурван хувийн хүүтэй зээл авсан. Түүгээрээ үйлдвэрээ өргөтгөхөөр төлөвлөж байсан юм. Тэгтэл өнөөх зээлээрээ бид ажилчдынхаа цалинг тавиад, үлдсэнээр нь өр зээлээ төлчихсөн. Хөл хорио тавигдсан болохоор нөхцөл байдал арай дээрдлээ. Одоо борлуулалтаа идэвхжүүлнэ.

Бидний хувьд амаргүй байгаа ч нэг ч ажилтнаа цомхтгоогүй. Ирэх сараас татвар нэмэгдэж, тог цахилгааны хөнгөлөлт байхгүй болохоор үнэндээ яахаа мэдэхгүй байна. Эдийн засаг муу байгаагаас худалдан авалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тааруу байна. Манайх баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр нэлээд сайн борлуулалттай байдаг. Гэтэл энэ жил наадам, цагаан сар зэрэг томоохон баяр байгаагүй учраас борлуулалт маш муу байлаа. Цаашдаа юу болохыг хэлж мэдэхгүй. Цар тахал дэгдсэнээс хойш түрээсийн төлбөрөө хөнгөлүүлээгүй. Түрээслүүлэгч биднийг хүнсний салбар эрхэлдэг, үйл ажиллагаа нь зогсоогүй гэдэг байдлаар хардаг. Цаашдаа, борлуулалтаа сайжруулах чиглэлээр ажиллана. Үйлдвэрээ авч үлдэхийн тулд байр машин, эцэг эхийнхээ үл хөдлөх хөрөнгийг хамаад цар тахлын ард гарна гээд үзээд байна.

Хил дээр сав баглаа боодлын түүхий эд гацаад, тээврийн үнэ тэнгэрт хадаад байна. Ирдэг машин  байхгүй болсон. Тэр тал дээр нэлээн хүндрэлтэй байгаа.

Долдугаар сарын нэгэн хүртэл тог цахилгаан хөнгөлсөн нь бидэнд сайн хөнгөлөлт болсон. Үүнийг үргэлжлүүлж болдоггүй юм болов уу. Үйлдвэрлэгчдээ цар тахал дуустал дэмжээд өгчихвөл зүгээр байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид энэ байдлаараа нэг бол дампуурна, нэг бол тэсч үлдээд дараагийн алхам руу алхана.

СҮҮЛИЙН ЖИЛД БОРЛУУЛАЛТ 75 ХУВИАР БУУРСАН

Жинхэнэ ЖДҮ: Мэдэр, таашаа, бахарх “Мayara” брэнд ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч сайт

“Маяара” брендийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал: Цар тахал манай байгууллагад хүнд тусч байна. Монгол Улс тодорхой хуулиа шинэчлэхгүй бол цар тахлын үед маш олон хүндрэлүүд гарч байна. Жишээ нь, цар тахлаас өмнө түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд давагдашгүй хүчин зүйл гэсэн заалт байгаа болохоос биш төр цар тахал олон нийтийг хамарсан өвчин гарсан тохиолдолд түрээс зогсоно гэсэн заалт ороогүй.

Давагдашгүй хүчин зүйлийн заалт орсон байгаа нь хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээс чөлөөлөх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Одоо шүүх дээр түрээсийн маргаанаар олон байгууллага шүүхдэлцээд явж байна. Миний хувьд дөрвөн салбараа хаалаа. Одоо нэг л салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Нэг ч ажлын байр цомхтгоогүй, яаж ийгээд авч үлдсэн. Өдийг хүртэл сургасан ажилчдаа алдана гэхээр харамсалтай байна.

Борлуулалт хоёр дахин буурсан. Сүүлийн гурван жилийн борлуулалтыг аваад үзэхэд борлуулалт 75 хувиар буурсан. Одоо улам буурч алдагдалтай ажиллаж байна.

Хөнгөлөлтүүд долдугаар сарын 1-нээс зогсоно. Зээлээ төлөх гээд байдаг. Зээлийн хугацааг царцаах хэрэгтэй байна. Ялангуяа хувцас үйлдвэрлэлийн салбар хэцүү байгаа. Монголд 800 гаруй хувь хүн болон оёдлын компани үйл ажиллагаа явуулж 15 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Энэ дээр бид түрээс төлдөг, дээрээс нь зээл бараа материал татан авна.

Гаднаас бараагаа татна, тээврийн зардал гээд  үүний цаана маш олон эргэлт явж байдаг. Энэ болгон гацаанд орсон. Хамгийн гол нь өөрсдөө бүх зүйлээ төлөх цаг үе ирж байна. Миний бодлоор компаниуд үүнийг давж чадахгүй дампуурлаа зарлаад явах байх.

Ялангуяа түрээсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна, худалдааны тухай хуультай болох шаардлагатай болох хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэгчээ гадаадад таниулж эхлэхгүй бол дундаж амьжиргааны түвшин бүр хэцүүдлээ. Хүмүүс өнөөдөр хоол хүнсээ яая гэж байхад хувцас хунар авч дийлэхгүй. Түүнийг дагаад энэ салбарт ажиллаж буй 15 мянган хүний амьдрал хэцүү болж байгаа.

ОРОН ТООНУУДАА ЦОМХТГОЖ, ЦАЛИНГИЙН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН

“ГУМ” ХХК /”Шигүдэри” шимийн архины үйлдвэр, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэр/гүйцэтгэх захирал Г.Энхжаргал: Манай компани 1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Борлуулалт өнгөрсөн онтой харьцуулахад 80 хувиар буурсан. “Шигүдэри” шимийн архи бүтээгдэхүүн маань дотоодын байнгын хэрэглэгчдээс гадна Монголын нүүр царай болохуйц бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл, гадна дотны зочдын ирэх явах харилцаанд үүрэг гүйцэтгэдэг. Хил хаагдсан учраас борлуулалт буурсан. Борлуулалтаа дагаад үйлдвэр сул зогссон.

Үйлдвэрлэгчдэд Засгийн газраас үзүүлж буй хөнгөлөлт урамшуулал маш их нэмэр боллоо. Бодитой үр дүн гарах байх. Энэ жилээ дуустал хөнгөлбөл компаниуд сэргээд ирнэ гэж үзэж байна. Бидний хувьд үйл ажиллагаа доголдоод ажилчдын цалингийн хэмжээнд хүрсэн. Маркетинг хийгээд борлуулалт идэвхжихгүй байгаа учраас зарим орон тоонуудаа цомхтгож, цалингийн зардлыг бууруулсан. Дээрээс нь ХАБ, ариутгал халдваргүйтлийн зардлыг нэмэгдүүлсэн. Тав, зургадугаар сард ажилчид маань covid 19-оор өвдөж яалт ч үгүй тусгаарлагдаад, жигдэрч байсан үйл ажиллагаа дахиад доголдсон. Одоо 20 орчим хүнтэй  ажиллаж байна.

ХӨНГӨЛӨЛТ  БАЙХГҮЙ БОЛБОЛ ААН, ИРГЭДЭД ХҮНД ДАРАМТ БОЛНО

СЭЗДС-ийн багш, Эдийн засгийн ухааны доктор профессор  Ц.Батсүх: Өнөөдрийн нөхцөл байдалд хөнгөлөлт, чөлөөлөлтийг байхгүй болгох нь аж ахуй нэгж иргэдэд хүнд дарамт болох нь ойлгомжтой. Цар тахлын байдал сайжирсан байсан бол хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа нөхцөлд хуучин байсанд нь шилжүүлэх нь зөв.

Жишээ нь аравдугаар сарын 1-ныг хүртэл зарим хөнгөлөлтийг үлдээгээд, хувааж хэрэгжүүлбэл хохирол нь арай бага. Шууд долдугаар сарын 1-нээс бүх хөнгөлөлтөө зогсоочихвол үйл ажиллагаа явагдахгүй байгаа аж ахуй нэгж, иргэдэд хүнд тусна.

Хэрвээ тодорхой хэмжээнд хөнгөлөлт чөлөөлөлтийг байхгүй болгочих юм бол аж ахуй нэгжүүд иргэд хариуцлагын үүднээс төлбөр, зээлээ төлөхийн тулд үйл ажиллагаа нь илүү идэвхжинэ. Тэр нь эдийн засагт үр нөлөө шиг харагдах боломжтой. Харин хүмүүст ирж буй дарамтууд нь цаашид  сөрөг үр дагавар болж гарч ирэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж