Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн баяр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нээх анхны наадам болох товтой. Хэдийгээр ардаар овоглодог ч үнэн хэрэгтээ сүүлийн хоёр жилийн наадмын ноёдынх болсон, энэ удаагийнх бүр 10 тэрбумын өртөгтэй болох гэж байна.
Өнгөрсөн жил үзэгчгүй, цахим гэх нэрэн дор "нэгдүгээр ноёны" Төв аймаг дахь хувийн эдлэнд наадмаа хийж, эрх бүхий тусгай зочид тэнд нь уригдан, ард иргэд цэнхэр дэлгэцийн өмнө наадсан. Тэгвэл энэ жил ч мөн адил ноёд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тусгай сэнтийд заларч, ардууд нь цэнхэр дэлгэцээрээ үзэх бололтой. Үүнээс гадна зөвхөн нийслэлд улсын баяр наадмыг тэмдэглэнэ. Аймаг, сумдын наадмыг цар тахлын улмаас энэ жилдээ цуцалж, ноёд цуглах улсын баяр наадамд чамлахааргүй хөрөнгө хаяж байгаа.
Ноёны бөх “но”-той гэгчээр хоёр жилийн өмнөх Э.Оюунболдын, жилийн өмнөх Н.Батсуурийн допингийн асуудал шийдэгдэхгүй байсаар дараагийн наадамтай золголоо. Тэдний асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга шийдэж чадахгүй үндэсний бөхийг хагаралд дуудав. Ингээд хуучин Ерөнхийлөгчөөс шинэ Ерөнхийлөгчид шилжиж ирсэн бөхчүүдийн допингийн асуудлыг У.Хүрэлсүх хэрхэн шийдэх нь мөн л бөх сонирхогчдын анхаарлын төвд байна.
Учир нь, допингийн хэрэгт холбогдсон Э.Оюунболд нь У.Хүрэлсүхийн нутгийн бөх. Харин Н.Батсуурь, У.Хүрэлсүх нар базууд. Тэгэхээр У.Хүрэлсүх хүндхэн шийдвэр гаргахад хүрч байна. Нэг бол нутгийнхаа бөхийн аварга цолыг хурааж, хүргэндээ Дархан аварга цол олгох эсвэл хүргэнээ ч, бөхөө ч ирэх 100 жилийн наадмаар аварга цолтой нь барилдуулж, бөхчүүдийн хэрүүлийг үргэлжлүүлэн өрдөх. Тэр тусмаа шударга ёс ярьж гарч ирсэн У.Хүрэлсүхийг иргэд анхааралтай ажиглаж байгаа билээ.
У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөнө. Хэрэвзээ, наадмыг хойшлуулахгүй, цахимаар хийнэ гэвэл долдугаар сарын 11-ний өдөр эхэлнэ. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгч маргаан будилаангүй, булхайгүй наадам хүсч байвал баяр наадмаас өмнө цол нөхөн олгох, хураах зарлигаа гаргах ёстой болж байна.
Хуулиараа Э.Оюунболд, Н.Батсуурь нар хоёулаа хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад 100 жилийн ойгоор барилдах эрхгүй. Гэвч Э.Оюунболд шүүх цагдаагаар заргалдсаар байгаад барилдах эрхээ нэг жилээр хасуулсан. Тэгвэл Н.Батсуурийн эрхийг 11 сараар хасах саналыг бөхийн салбар хорооноос гаргасныг Монгол үндэсний бөхийн холбооноос эсэргүүцэж мэдэгдэл хүртэл гаргасан юм. Ямартай ч ноёдын наадмаар шинэ том "ноён"-ы хоёр ч бөх зодоглох шинжтэй.
"Ноёд"-ын өндөр үнэтэй эрлийз морьд ардын наадмаар монгол морьдтой уралдахаар болжээ. Өмнө нь, У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа эрлийз морьдыг уралдаанаас хасч байлаа.
Морьдыг сэрвээний өндөр эсвэл үүлдэрлэг байдлаар ялгах асуудал дээр маргаан бий. Нэр бүхий морь уядаг гэх нэртэй УИХ-ын гишүүд ч эрлийз морьдоо монгол морьдтой уралдуулах гээд Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гар дүрж байгаа юм. Одоо мөрдөгдөж байгаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн “8.1.Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна” гэж заасан байдаг. Гэтэл өнгөрсөн жил морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжиж, эдгээр зургаан насны уралдаанд намхан нуруутай эрлийз морьд оролцох боломжийг бүрдүүлсэн гэдэг.
Ардын хувьсгалын 99 жилийн ойн наадам эхлэхээс хэдхэн өдрийн өмнө эрлийз гурван насны морьдын уралдаан болно гэж мэдэгдэж байв. Өнгөрсөн жилийн наадмаар монгол морьдын уралдаанд айрагдсан хурдан хүлгүүд дотор эрлийз морьд зонхилж байсныг сануулахад ч гэмгүй биз.
Ийнхүү "ноёд" хуран цугларах Төв цэнгэлдэхэд ноёны бөхчүүд барилдаж, ноёдын морьд Хүй долоо худагт торгон жолоо өргөх нь. Ард иргэд ахиад л цар тахлын улмаас цахимаар наадах аж. Уг нь улсын наадам хийх мөнгөөрөө өвчилж, зовсон иргэдээ эмчлэхийг олон нийт сануулж байгаа ч ноёд 100 жилээрээ ёстой нохойн толгой гурав харагдтал наадахаар бэлтгэж байна.
Холбоотой мэдээ