Улсын хэмжээнд цар тахлын халдвар улам нэмэгдэж буй. Тэр дундаа ахмад настан, хүүхэд, жирэмсэн эхчүүд халдвар авбал хүндрэх эрсдэл байгааг албаныхан сануулж байгаа. Гэсэн хэдий ч аюулт өвчнийг ялан дийлж, эдгэрсэн өндөр настан цөөнгүй. Хамгийн сүүлд Увс аймагт 99 настай, Завханд 103 настай, Улаанбаатарт 102 настай буурай Covid-19 халдвар авч, эдгэрсэн. Ингээд 102 настай Б.Долгор гуайтай утсаар холбогдсон юм.
-Таны бие лагшин тунгалаг уу. Эмээ хэзээ эмнэлгээс гарав?
-Сайн уу хүүхдүүд минь. Ажил төрөл нь өндөр үү. Эмээ нь дажгүй ээ. Жаахан ядрах юм. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, өчигдөр гэртээ эдгэрч гарлаа. Нийт 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Цагаан нөмрөгтэй эмч нартаа баярлалаа гэж хэлье. Маш их баярласан шүү хүүхдүүддээ. Урт насалж, удаан жаргаж, олон түмэндээ дэм тустай яваарай.
-Одоо бие нь хэр байна. Айж сандарсан уу?
-Анх Covid-19 халдвартай гэдгээ мэдээд учиргүй айж, сандарсангүй. Би уушгины хатгаатай байсан маань хүндэрч, эмнэлэгт очиж шинжилгээ өгч, эерэг гарсан. Эмнэлэгт надад олон төрлийн эм, тариа, дусал хийлээ. Намайг хоол цайгаа сайн уугаад, хоолоо сайн идээрэй гэж байна лээ. Би угаасаа ч жаахан ховдог чавганц. /инээв/
-Эмээ хэдэн хүүхэдтэй вэ. Одоо хэд дэх үеэ үзэж байна вэ?
-Би Архангай аймгийн Жаргалант сумын уугуул хүн. Одоо хүүхдүүдтэйгээ хотод амьдарч байна. Манайх найман хүүхэдтэй айл. Тэдний маань ач, зээ гээд 50 гаруй болсон. Би одоо тав дахь үеэ үзэж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаад их бэлгэшээж сууна.