АНУ, Хятадын сансрын өрсөлдөөн ширүүсч байна

Хуучирсан мэдээ: 2021.06.22-нд нийтлэгдсэн

АНУ, Хятадын сансрын өрсөлдөөн ширүүсч байна

АНУ, Хятадын сансрын өрсөлдөөн ширүүсч байна

АНУ, Хятад хоёр гүрний хүчтэй өрсөлдөөнийг тэнгэр ч хязгаарлаж чадахгүй бололтой. Учир нь сүүлийн үед Хятадын бие даасан сансрын станц байгуулах ажил бүтэмжтэй үргэлжилж, сансар огторгуй дахь АНУ-ын эрх мэдэл, хүч чадлыг давахад ойрхон болжээ.

Хоёр улс өдгөө дэлхий дээр эдийн засаг, технологи, геополитик, тэр байтугай үзэл суртлын хувьд хүч тэнцүүхэн өрсөлдөж, нэгнээсээ төдийлөн илүү гарч чадахгүй байгаа билээ. Тиймээс энэ чухал үед тэдний сансар огторгуйг ноёрхох гэсэн өрсөлдөөн шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэж, хэн нь илүү хүчтэйг тодорхойлох гол шалгуур болж байгаа юм.

Түүнчлэн сансрын технологийг нэгэн зэрэг олон зорилгоор ашиглаж болдог нь энэ өрсөлдөөнийг улам хурц, илүү ач холбогдолтой, дэлхийд давуу эрх болж авахад чухал хөшүүрэг болгож байна. Тухайлбал, дэлхий дээрх улс төрийн асуудлууд, батлан хамгаалах, цаашлаад хүн бүрийн өдөр тутмын харилцаа холбоо, амьдрал ахуйн ихэнх хэсэг нь сансар дахь хиймэл дагуулын технологиудаас шууд хамаарч байгаа билээ.

ЗХУ одоогоос 30 жилийн өмнө задарч, сансрын хөтөлбөрөө орхисноос өнөөг хүртэл дэлхий орчмын сансрын орон зайд АНУ хосгүй ноёрхлоо тогтоосоор ирсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд АНУ-ын ажиглагчид болон улстөрчид дээрх байдлыг Хятадын хурдтай хөгжиж буй сансрын технологи өөрчилж магадгүй гэж анхааруулсаар байна.

Ялангуяа сүүлийн үед Хятад маш олон чухал амжилтын эзэн болсон нь Вашингтоны санааг улам түгшээж байгаа юм. Жишээлбэл, 2019 онд БНХАУ сарны цаад талд буусан анхны улс болов. Түүнчлэн өнгөрсөн онд Бээжин сүүлийн "Бейдоу" хиймэл дагуулаа тойрог замд байршуулсан нь АНУ-ын байршил тогтоох систем буюу GPS технологитой эн тэнцэж байна. Мөн өнгөрсөн сард Хятад судалгааны роботоо Ангараг дээр буулгаснаар АНУ-ын дараа Ангарагт хүрсэн хоёр дахь улс боллоо.

АНУ-ын сансар судлалын "NASA" агентлагийн шинэ удирдагч Билл Нелсон америкчуудыг Хятадын амбицлаг хөгжлийн эсрэг гараа хумхин зүгээр суухгүй байхыг анхааруулсан байна. Тэрбээр өнгөрсөн сард парламентын хуралд оролцохдоо Ангараг дээр ажиллаж буй судалгааны хятад роботын дарсан зургийг үзүүлж, Бээжинг хүчтэй, түрэмгий өрсөлдөгч хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн Билл Нелсон саран дээр хүн буулгах "NASA"-ын төсөлд хөрөнгө оруулах талаар Конгрессыг ятгасан аж.

Гэхдээ маш хурдтай хөгжиж байгаагаас үл хамааран Хятадын шинэ технологиуд сансарт удаан ноёрхсон АНУ-ын технологиудаас болхи, хоцрогдмол хэвээр байна. Хэдий тийм боловч сансарт эрх мэдлээ тогтоох нь Хятадын эрх баригчдын хувьд дэлхий дээрх өрсөлдөөндөө ялж, олон улсад эзэрхэх амжилтынх нь гол түлхүүр болж буй учир Коммунист нам Бээжингийн сансрын хөтөлбөрт улс төрийн болоод эдийн засгийн тусламж гар таталгүй өгч байгаа нь дээрх дутагдлыг нөхөж буй.

Өнгөрсөн долоо хоногт Бээжин хараахан байгуулж дуусаагүй байгаа сансрын станцдаа гурван сансрын нисэгч гурван сарын хугацаатайгаар илгээсэн нь хоёр улсын сансрын өрсөлдөөнийг шинэ шатанд хүргэлээ. Ойрын хугацаанд бэлэн болох Хятадын "Тиангон" сансрын станцыг эс тооцвол өдгөө сансарт байгаа ганц нь АНУ, ОХУ-ын хамтран байгуулсан, Европ, Япон, Канадтай цуг ашигладаг олон улсын сансрын станц юм.

Тус олон улсын сансрын станцад сүүлийн 23 жилийн хугацаанд Хятадаас бусад 19 орны 200 гаруй сансрын нисэгч зочилсон гэдэг. Тагнуултай холбоотой асуудлаар АНУ-ын конгресс 2011 оноос эхлэн "NASA" агентлагийг Хятадтай хамтран ажиллахыг бүрмөсөн хориглосон нь ч үүнд нөлөөлжээ.

Нөгөө талаар Хятадыг гадуурхсан дээрх шийдвэр нь Бээжинг өөрийн гэсэн сансрын станцтай болохоор шийдэхэд хамгийн том түлхэц болсон юм. "Тиангон" сансрын станц нийт 12 хэсгээс бүрддэг. Өдгөө хоёр хэсгийг нь тойрог замд амжилттай байрлуулаад байгаа аж. Харин үлдсэн 10 хэсгийг ойрын хугацаанд зөөн дуусгаж, ирэх оны сүүл үе гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэнэ.  Харин олон улсын сансрын станцын ашиглах хугацаа дууссан гэх шалтгаанаар 2024 онд татан буулгаж магадгүй. Хэрвээ АНУ болон түншүүд нь олон улсын сансрын станцын ашиглалтын хугацааг сунгах шийдвэр гаргахгүй бол 2024 оноос эхлэн Хятадын "Тиангон" сансрын станц тойрог замд ноёрхох цор ганц станц болж мэдэхээр байна. Харин тэр үед АНУ-ын баталсан хуулийн дагуу америк эрдэмтэд тус сансрын станцад нэвтрэх эрхгүй.

Олон улсын сансрын станц АНУ, ОХУ-ын хүйтэн дайны үнсэн дундаас төрсөн бол "Тиангон" станц шинэ хүйтэн дайн эхэлж болзошгүй эгзэгтэй үед бүтээж байна. Ирэх жилүүдэд дэлхийн геополитикийн асуудалд сансрын хамтын ажиллагаа улам чухал нөлөөтэй болох нь тодорхой. Тийм ч учраас Хятадын эрх баригчид аль хэдийн сансрын станцдаа гадаад орнуудын сансрын нисэгчдийг дуртайяа хүлээн авахаа мэдэгдсэн юм. Мөн Хятад 2035 он гэхэд Оростой хамтран сарны өмнөд туйл дээр судалгааны станц байгуулж, олон улсад нээлттэй байлгахаар ажиллаж эхэлсэн байна.

АНУ саран дээрх аюулгүй, хариуцлагатай үйл ажиллагааны үндсэн зарчим бий болгохоор олон улсын эвсэл байгуулж буй. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард "NASA" агентлагийн гаргасан Артемисийн хэлэлцээрт АНУ, Нэгдсэн Вант улс, Австрали, Канад, Япон, БНСУ тэргүүтэй 12 орон гарын үсэг зурсан бол Хятад, Орос хоёр татгалзсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж