
Ганц нэгэн хүүхэд нь их дээд сургуульд сурдаг төсвийн байгууллагын ажилтны гэр бүлийн хувьд сургалтын төлбөр өсөх, эсэх нь ямар ч падгүй. Харин өнөөх л хувийн хэвшилд ажилладаг, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хувьд сургалтын төлбөр гэдэг “аюулын харанга” адил түгшүүртэй, сэтгэл шаналгасан асуудал байдаг. Тэр тусмаа 2-3 хүүхэд нь зэрэг их дээд сургуульд сурдаг бол бүр ч сэтгэлийн там болдог гэхэд хэтрүүлэг болохгүй. Юм юманд урдаа барьдаг хэдэн малаа зудад тавиад туучихсан малчид хөдөөгийнхөн ч бүр хэцүүдэж гүйцэнэ.
Жилийн жилд бага багаар, сөөм сөөмөөр нэмэгдэх сургалтын төлбөрөө дагаад боловсролын чанар ахидаг байсан бол үнэхээр сайнсан. Сургалтын төлбөр тойрсон асуудлаар үүссэн бухимдлын эл хариуд төр, засгийн эрх мэдэлтэн, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан хариу өгч зохицуулалт хийхийн оронд тэгэсхийгээд “дүрэлзсэн оч”-ийг намжаадаг жишиг нэгэнт тогтжээ. Өдөр тутмын хэрэглээндээ түүртэж яваа хэдий ч хүүхдээ боловсролтой хүн болгохын тулд идэх, өмсөхөө ч хасан байж сургах гэсэн чин сэтгэл дээр “тоглодог” дээд боловсрол олгогчдыг захирч, хязгаарладаг газар одоогоор алга. Дээрээс нь тэдгээр сургуулиудын Удирдах зөвлөл гээч “том толгой”-той эрхмүүд жилийн хугацаанд хичнээн оюутнаас хэдий хэмжээний сургалтын төлбөр нэрийн дор “ашиг хүртэх”-ээ тооцоолж гаргадаг болохоос биш, яамны өгсөн чиг үүргийн хүрээнд асуудлаа шийдвэрлэе гэж өчүүхэн ч боддоггүй нь гаргасан үл тоомсорлосон шийдвэр буюу сургалтын төлбөр нэмж буйгаар харагдаж байна.
Төрийн болоод хувийн 151 их дээд сургуульд 160 мянган оюутан суралцаж жил бүр 34 мянган оюутан шинээр элсч 25 мянган оюутан диплом өвөртлөсөөр ажил хайж хөдөлмөрийн зах руу оддог гэсэн судалгаа бий. Статистикийн газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд их дээд сургуулиудын төлбөр доод тал нь 60-200 мянга хүртэл төгрөгөөр нэмэгдсэн. БСШУ-ы сайд төрийн өмчийн их дээд сургуулиудын захиралд хандан албан тоот хүргүүлсний эцэст “Нэг төө ахиад, ганц сөөм ухарна” гэгчээр сургалтын төлбөрөө 200 мянган төгрөгөөр нэмчихээд дараа нь 20-30 мянган төгрөг хассан болоод л орхисон.
Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт хичнээн төгрөг хуримтлагдаж, түүнээс хэчнээн төгрөгийг хааш нь зарцуулж байгаа талаар ойролцоогоор тооцоо хийж үзье л дээ. Манайдаа л хамгийн олон оюутантай сургууль болох төрийн өмчийн ШУТИС буюу Шинжлэх ухаан, технологийн их сургууль 21865 оюутантай. Дунджаар энэ жилийн хувьд сургалтын төлбөр 940 мянган төгрөг гээд тооцоод үзэх юм бол ойролцоогоор 21 тэрбум төгрөг болж байна. Их, дээд сургуулийн жишгээр сургалтын төлбөрийн 60 хувийг багш нарын цалин хөлс, 40 хувийг үйлчилгээний зардалд зарцуулдаг гэсэн санхүүгийн тооцоо үндэслэлээр бол 12 орчим тэрбум төгрөгийг багш нарын цалингийн зардалд зарцуулдаг аж. Тус сургуульд өнөөдрийн байдлаар сургуульд 1100 гаруй багш дунджаар 400 мянган төгрөгийн цалин авдаг гэж тооцвол 4-5 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй шинжтэй. Ингэхээр дээрх тоо талаас илүү хувиар зөрж байна тэр хэмжээгээр сургалтын төлбөрөөр “ашиг олох” бизнес сайн байдгийн жишээ. Үлдсэн найман тэрбумыг үйлчилгээний зардалд зарцуулдаг гэнэ. Хэрхэн юунд зарцуулдаг нь бас л бүрхэг.
Хувийн сургуулиудын захирлуудын яриагаар 300 оюутан элсүүлж чадах л юм бол дээд сургууль ямар ч байсан “ашигтай бизнес” гэдэг юм билээ. Энэ нь ч үнэний ортой болоод явчих шиг. Зарим сургуулийн захирал төлбөр нэмсэн шалтгаанаа компьютерийн танхим нэмж байгуулах, ширээ сандал авах, будах зэргээр аар саархан зүйлээр тайлбарладаг.Энэ жилийн хувьд хувийн их дээд сургуулиудаас Отгонтэнгэр их сургууль сургалтын төлбөрөө дээд тал нь 190 мянган төгрөгөөр нэмж салхи хагалсан бол үүний араас сургуулиуд дагаж эхэлж байна. Сургалтын төлбөр ингэж нэмэх болсон шалтгаанаа ШУТИС инфляци өсч байгаа, нөгөөтэйгүүр ерөнхий сайдын шийдвэрээр хэд хэдэн сургуулийг өөртөө нэгтгэж байгаатай холбон тайлбарлаж байна.
БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт сургалтын төлбөрийг инфляцийн төвшнөөс дээгүүр хэмжээнд нэмж болохгүй гэдэг үүрэг даалгаврыг сургуулиудад хүргүүлсэн талаар хэлж байсан. Ингэж жил бүрийн намар бүхэн албан даалгавар хүргүүлдэг ч нэмье гэсэн хэмжээндээ тэдгээр сургуулиуд нэмсэн ч үндэслэл шалтгаан, үүрэг хариуцлага тэгэсхийгээд л замхардаг. Салбар хариуцаж яваа сайд “Манай улсын дээд боловсрол олгох сургалтын төлбөр бусад орны их, дээд сургуулиудын сургалтын төлбөртэй харьцуулахад харьцангуй доогуур буюу дунджаар 500 хүрэхтэй үгүйтэй ам. доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлдөг. Дээрээс нь боловсролын чанарт сүүлийн хэдэн жилд ахиц гарсангүй. Энэ асуудлыг шийдвэрлэх олон ажлуудын эхлэл тавигдаж байгаа” гэж нэгэн хэвлэлд ярилцлага өгч байсан. Одооны сургалтын төлбөрөө төлөх нь хүндрэл ихтэй байхад бусдын адил төлбөр төлөх тэнхэл ард түмэнд тань алга, сайд аа. Хөгжлөөр тэргүүлж байгаа АНУ, Японтой харьцуулахад мэдээж чамлахаар ч гэлээ тухайн орны иргэдийн дундаж орлого, хэрэглээ, боловсролын чанар гээд биднээс хичнээн хувь илүү билээ. Сургалтын төлбөрөө нэмлээ гэхэд суралцагсдад төдий хэмжээнд хангалттай боловсрол эзэмшүүлээд хаана ч гологдохооргүй “бүтээгдэхүүн” нийлүүлэх чадвар манай боловсролын тогтолцоонд байгаа бил үү. Ер нь сургалтын төлбөрөөр “оролдох”-ын оронд боловсролын “суурь хундаам” болох чанарт ахиц гаргах шийдлээ дээд боловсрол олгогчидтойгоо “тохой нийлүүлэн” сууж байгаад харилцан санал солилцох нь чухал баймаар даа.
Сүүлийн үед дээд боловсрол эзэмшээд гарч буй төгсөгчид тухайн мэргэжлийн салбартаа хамгийн бага хугацаагаар тооцоход хагас жил “дадлагашиж” байж, үндсэн ажлаа хийх дөр олж байгаа нь нууц биш. Дээд сургуульд юу зааж сургаж байгаа нь энгийн нэг төгсөгчийн иймэрхүү бодит байдлаас харагдана. Мэдлэг олгож буй багш нарын хувьд ч тэр, захын хүн заачихмаар юм яриад ичихгүй суухыг нь яана. Энэ маягаар бэлтгэн нийлүүлсэн “бүтээгдэхүүн” зах зээл дээр гологдолгүй яахав дээ. Тэр хэмжээгээр манай улсын хөгжил урагш гишгэхгүй. Нөгөө талаар төрийн түшээдийн хүүхдүүд эх орны их, дээд сургуулиудад суралцдаггүй, тэр ч бүү хэл ерөнхий боловсролын суурь боловсролыг гадны оронд эзэмшдэг гэсэн яриа олны дунд нилээд түгээмэл. Тиймээс эх орондоо дээд боловсролыг эгэл борчуудын хүүхдүүд эзэмшдэг болохоор тэдэнд хамаагүй гэжүү.
Ямар ч гэсэн инфляци өсч 13 хувьд хүрсэн, дээрээс нь төрийн албан хаагчдын цалинг аравдугаар сарын нэгнээс 30 хувь нэмэх болсон зэрэг нь их дээд сургуулиудыг сургалтын төлбөрөө нэмэхээс өөр аргагүйд хүргэж байна гэсэн хардлага төрж байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг жирийн суръя гэсэн эрмэлзэлтэй залуусын сургалтын төлбөрөөр бий болгож байна гэсэн үг. Хэдийгээр улсын гэгдэх тодотголтой их дээд сургуулиуд улсаас тодорхой хэмжээний татаас авдаг ч Боловсролын яам эдгээр сургуулиудад сургалтын төлбөрөө нэмж болохгүй гэх эрх алга гэсэн тайлбар өгч байна. Тэгэхээр эцэг эхчүүд үр хүүхдээ сургахын тулд сургуулиуд төлбөрөө аль болохоор бага нэмээсэй гэж залбирах л үлдэж.
“Зараа жаран аргатай” гэгчээр хувийн их, дээд сургуулиуд ч төлбөрөө хэрхэн яаж нэмэх талаар арга ухаан сийлээд л сууж байна.
Д.Долгор