Бен Симмонс: Би хангалттай байж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

Бен Симмонс: Би хангалттай байж чадсангүй

Бен Симмонс: Би хангалттай байж чадсангүй

NBA-ийн 2020-2021 оны улирлын аварга баг тодрох дөхсөөр байна. Өнөөдөр (2021.06.21) дорнод бүсийн финалд тоглох үлдсэн нэг багийн нэг тодорлоо.


  • Атланта Хавкс 103 – 96 Филадельфиа 76

Дээрх хоёр багийн “Хож, эсвэл гэртээ харь” гэх цувралын долоо дахь тоглолт өнөөдөр явагдаж, талбайн зочид болох Атланта Хавкс баг ялалт байгуулан, дорнод бүсийн финалд шалгарлаа. Шийдвэрлэх долоо дахь тоглолт гэдэг утгаараа хоёр баг эхнээсээ өгөө аваатай, онооны зөрүү холдох шинжгүй байв. Талбайн эздээс Жоэл Эмбийд тоглодгоороо тоглож, 31 оноо, 11 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлт үзүүлэв. Түүнд Тобиас Харрис 16 оноогоор, Сет Көрри 15 оноогоор тус хүргэсэн ч Трэй Янг тэргүүтэй Хавксын залуучуудыг буулган авахад энэ нь хангалтгүй байлаа. Талбайн зочдоос Кевин Хьюртер онцгойрч, 27 оноо авснаас гадна чухал үед хэрэгтэй шидэлтүүдээ амжилттай болгосон. Харин багийн лидер Трэй Янгийн хувьд тоглолтын турш шигүү хамгаалалттай нүүр тулсан ч 21 оноо, 10 ашигтай дамжуулалт гэсэн муугүй үзүүлэлтийг толилуулав. Энэхүү тоглолтод мөн Атлантагийн самбарын залуус болох Жон Коллинс, Клинт Капела, Данило Галлинари нар сайн байж, бүгд 10-аас дээш оноо авчээ.

Чухал үед сул оноо авах боломжоо ашиглаж чадаагүй, хэрэгтэй үед чөлөөт шидэлтүүдээ амжилттай болгоогүй Бен Симмонс тоглолтын дараа “Би энэ цувралд чөлөөт шидэлт сайн шидсэнгүй ээ. Довтолгооны тал дээр ч сул байлаа. Би багийнхаа нөхдийн төлөө хангалттай байж чадсангүй. Надад сайжруулах хэрэгтэй олон зүйл бий” хэмээжээ.

Харин Филадельфиа 76 багийн лидер Жоэл Эмбийд Бен Симмонсын талаар “Шударга л хэлье. Тоглолтын эргэлтийн цэг нь бид сул оноо авах боломжтой байсан ч түүнийгээ ашиглалгүй алдаа авч, нэг чөлөөт шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн тэр үе. Бид нэг чөлөөт шидэлтээ алдаад, эсрэг баг довтлоод оноо авчихсан” хэмээн ярив.

Сул оноо авах боломжоо салхинд хийлгэсэн Бен Симмонс “Би Галлог миний араас үсэрнэ гэж бодсон. Жон Коллинс ч өөдөөс ирж байгааг харсан. Тэгэхээр нь Тайбуллд бөмбөгөө дамжуулж, тэр сул тохолт хийнэ л гэж бодсон. Одоо миний хийх хамгийн эхний зүйл бол бүхнийг мартаж, сэтгэл зүйгээ засах. Сэтгэл санаа тогтворгүй үед сайн тоглолтоо гаргана гэдэг хэцүү. Ялангуяа плей-оффт. Тоглолт бүр, бөмбөг бүр л чухал” гэжээ.

Филадельфиа 76 багийн ахлах дасгалжуулагч Док Риверсээс сэтгүүлч “Бен Симмонстой танай баг аварга авч чадах уу?” гэж асуухад тэрбээр “Одоогоор хариулж мэдэхгүй юм. Гэхдээ Бен хийдгээ хийсэн. Хүмүүс түүнд сэтгэл дундуур байгаа байх. Гэвч хамгаалалтын тал дээр тэр Трэйг сайн хамгаалсан” гэж хариулжээ.

NBA-ийн энэ улирлын өрнөд бүсийн финалд Лос Анжелес Клипперс – Финикс Санс багууд учраа таарсан бол дорнод бүсийн финалд Атланта Хавкс – Милуоки Бакс багууд шалгараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж