Гүн Г.Аюурзана зохиолчийн 2000-аад оны үеэс орчуулан, эмхэтгэн гаргаж эхэлсэн “Шинэ үеийн номын сан” цуврал 19 номтойгоор багц хэлбэрээр шинэчлэгдэн гарчээ. Энэ талаар эрхлэн гаргагч болон зохиолч, номын салбарынхны сэтгэгдлийг хүргэж байна.
Г.АЮУРЗАНА: МОНГОЛЫН НОМЫН СОЁЛД ГАРЧ БАЙГАА БАС НЭГЭН ГОЁ ДҮР ЗУРАГ ГЭЖ БОДОЖ БАЙНА
-Энэ цувралыг эхэлж байхдаа залуучуудад зориулсан ном болно ч гэж бодсонгүй. Гэхдээ номоо гаргаад, нэг нь нөгөөгөө цааш үргэлжлүүлээд явсны дараа уншигчид нь дандаа залуучууд болсон. Уг цувралыг хийх сэдэл нь өөрөө их сайхан явж, их урам болж өгсөн. Эргээд бодоход би өөрөө бодож бичсэнээс гадна орчуулсан номууд нэлээн байгаа, гэлээ ч гэсэн энэ миний хувьд их бахархалтай ажил. 2000 оноос хойш 20 жил өнгөрсөн байна, цаг хугацаа маш хурдан юм. 20 жил гэдэг бол хоёр үе өөрчлөгдөөд ахиад хоёр үеэр хүмүүс шинэчлэгдчих хугацаа юм. Энэ шинэчлэгдсэн үеийн залуучууд тухайн үед гарсан эдгээр хар номууд яг ямар байсныг сайн мэдэхгүй байх. Бас эдгээр 15-аас дээш насны шинэ үеийнхэн олоод уншъя гэхээр гар дамжсаар байгаад ихэнх нь навсайчихсан номууд л байгаа. Бидний үед номыг дамжуулж уншихаар навсайлгаж л уншдаг байсан. Хэдий навсайсан ч гоё л байдаг. Гэхдээ өнөөдөр бид шинэ үед амьдарч байгаа учраас дандаа навсайсан ном уншаад байх нь бас хаашаа юм.
Тухайн үед би өөрөө бичсэн хийгээд орчуулсан 10 боть ном гаргасан. Тэрнээс хойш мэр сэр орчуулсан болон судалгааны ч юм шиг бичсэн номууд бас бий. Тийм болохоор ахиад шинээр хэвлүүлээд, ахиад шинээр баяжуулан тэр бүхнийг нэмж оруулаад ингээд 19 боть болгоод Альфабүүк номын дэлгүүрийнхэн маань гаргаж байна. Энэ бол цаг үеэ олсон их аятайхан ажил боллоо гэж бодож байгаа. Одоогоос хорин хэдэн жилийн өмнөх арван хэдэн настай байсан залуучууд өсөж торниход өчүүхэн төдий боловч нэмэр болж байсан эл номтой эргээд дүү нар нь магадгүй эрт гэр бүл зохиосон хүмүүсийн хүүхдүүд нь унших насанд хүрчихсэн байна гэдэг маш гоё зүйл юм. Альфабүүк номын дэлгүүрийнхнийг анх санал тавихад би жаахан гайхаж байсан. Хавтаслаад, багцлаад шинээр гаргая гэхлээр нь “Энэ чинь бас тухайн үедээ унших хүмүүс нь уншчихсан. Уншигчид нь номоо хүүхэд дүү нартаа дамжуулчихсан болов уу” гэж би бас эргэлзэж байсан л даа. Гэхдээ өнөөдөр ингээд харахад гол ус урсах тусмаа шинэчлэгдэж байдаг шиг үе хойшлох тусмаа өөрчлөгдөж байдаг. Тэдний сэтгэл санаанд нь таарсан шинэ агуулгатай, илүү баяжуулсан хэлбэрээр гарах нь бас зөв юм байна. Бас эдгээр номууд тухайн үедээ нэлээн ойчин цойчин байдлаар гарсан.
Тиймээс энэ бүхнийг яг номын сан гэдэг үндсэн утгад нь таарахуйц байдлаар ийм шоголтой хайрцагтай хэвлэж байгаа нь өөрөө манай Монголын номын соёлд гарч байгаа бас нэгэн гоё дүр зураг гэж бодож байна.
“ИД ШИДИЙН ОРОН”-ыг ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.ГАНЖАВХЛАН: ХАР НОМУУДЫГ ЭРТ ОЛЖ УНШСАНДАА БАЯРЛАЖ ЯВДАГ
-Хамгийн анх Монтэний “Сонгомол эсээ”-г уншиж түүнд шимтэж байсан үе гэх юм бол миний арван тав зургаан насны үе болж байгаа юм. Анх энэ хар номуудыг уншаад бараг оюуны шоконд орж байсан. Их эрт олж уншсандаа баярлаж явдаг. Тэрний дараанаас эсээ гэдэг зүйлийг бичих дуртай болж, эсээ гэдэг чинь ямар сонирхолтой гоё зүйл вэ гэж оролдож явсаар байгаад өнөөдөр дөрвөн номын ард гарсан байна. Монтэний “Сонгомол эсээ” намайг эсээ бичих аялалд хөтөлсөн. Энэ сайхан бүтээлээр манай Монголын залуучуудын нүдийг нь нээж өгсөн Аюурзана зохиолчдоо чин сэтгэлийн талархал хүргэж байна. Өнөөдөр энэ номуудыг хараад “хамаатнаа үзсэн юм шиг баярлана” гэдэг шиг маш дотно харагдаж байна. Айл бүрийн хойморт байх номын нэг байгаасай гэж хүсч байна. Өнөөдөр дэлхий даяараа маш их мэдээллийн дунд төөрчихсөн явна. Хүмүүс уншаад байгаа юм шиг хэрнээ, уншихгүй. Хараад байгаа юм шиг хэрнээ харахгүй болсон энэ үед буцаад бид нар мэргэдийн түүх рүү эргэж харах цаг болсон юм болов уу гэж бодогдож байна. Тийм учраас ялангуяа өнөөдрийн өсвөр насны залуучуудад энэ номууд илүү хэрэгтэй болсон цаг ирсэн байна.
“ХЭН ЧАМД ИТГЭХ ЮМ БЭ” ЦУВРАЛЫН ЗОХИОЛЧ ТОДКО САМСОН: ЭНЭ НОМУУД ҮНЭХЭЭР МАНАЙ 80-ААД ОНЫХНЫГ, 90-ЭЭД ОНЫХНЫГ ӨДИЙ БОЛТОЛ ХҮМҮҮЖҮҮЛСЭН
-Г.Аюурзана зохиолчийн бичсэн шинэ үеийн номын сан намайг 25 жил хүмүүжүүлсэн. Анх 15 настайгаасаа энэ номтой танилцаж, бүр хоёр ахдаа загнуулж зэмлүүлж уншин, сүүлдээ өөрөө шимтэн уншиж, эцэст нь үг түүж, ухаан түүж уншдаг болсон. Түрүүн зохиолчийн хэлсэн шиг эдгээр ном манай гэрийн номын санд навсархай болоод, нугасаараа салаад хуудас хуудсаараа эргэн эргэтэл 25 жил өвлөгдөн өвлөгдсөөр ирсэн. Хүн өлсөх үедээ хоол эрэн хайж, цангах үедээ ус эрэн хайдаг. Үүн шиг оюун санаа гацан түгжигдэх, зохиолч хүний хувьд санаа зогсох бишгүй олон үеүдэд тэдгээр номуудаа зайлшгүй эргүүлж хардаг. Г.Аюурзана ахын өөрийнх нь бичсэн, орчуулсан, эмхэтгэсэн энэ номууд бол үнэхээр манай 80-аад оныхныг, 90-ээд оныхныг өдий болтол хүмүүжүүлсэн. Монголын уран зохиол болоод эсээ, сонгомол эсээ, цэцэн мэргэний нэвтэрхий толь энэ бүхнийг “библи” гэж хэлж болохоор ийм л үнэ цэнтэй бүтээл.
"АЛЬФАБҮҮК" НОМЫН ДЭЛГҮҮРИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ОЮУНСҮРЭН: “ШИНЭ ҮЕИЙН НОМЫН САН” ЦУВРАЛ БИДНИЙ ҮЕИЙНХНИЙ ОЮУН САНААНД МАШ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН
-Шинэ үеийн номын сан цувралтай танилцаж байх 2000 оны эхэн үед номын салбарт нэг талдаа социализмын үед орчуулагдсан сонгодог уран зохиолууд, нөгөө талд нь хэрхэн баяжих вэ, Хэрхэн илтгэл тавих вэ гэх мэт хувь хүний хөгжлийн ном гэсэн хоёр төрлийн ном л их зарагддаг үе байсан. Тэгээд биднийг оюутан, 10 жилийн өсвөр насны хүүхдүүд байх үед “Шинэ үеийн номын сан” цуврал гарч ирснээр бидний үеийнхний оюун санаанд маш үнэтэй хувь нэмэр оруулсан.
Орос голдуу сонгодог зохиолууд, шар сонины үед хүүхэд насаа өнгөрөөсөн бидэнд “Шинэ үеийн номын сан” цувралыг анх уншиж дэлхийн уран зохиолуудтай танилцахад төрсөн тэр гүн мэдрэмж, жинхэнэ зохиолын амт яг л маш хүчтэй дурлал шиг өөртөө соронздон татдаг байсан. Нэр нь өөрөө яруу найраг шиг хүчтэй, Дурлалгүй ертөнцийн блюз, Арван зүүдний өр, Дао-амьдралыг танихуй, 2×2=6 буюу суут жаран сэтгэгч гээд л… Номыг хайрладаг, жинхэнэ уран зохиолд дурладаг оюунлаг нэгэн үеийг энэ цуврал төрүүлсэн, гэвч одоо ихэнх ном нь яаж ч хайгаад олдохгүй болж, үнэ цэнтэй уг бүтээлүүдийг залуу үе маань уншиж чадахгүй, бидний үеийнхэн дахин уншихыг хүсэвч олдохгүй гэдэг маш харамсалтай санагддаг байсан. Одоо харин дараагийн үедээ зориулаад энэ боть номыг шинэчилж гаргах болсонд, эл ажилд Г.Аюурзана ахыг зөвшөөрч, хамтран ажилласанд маш их баяртай байна.
“ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ” НОМЫН ЗОХИОГЧ Г.МӨНГӨН: БИДЭНД ДААЛГАВАР ӨГЧ БАЙГАА МЭТ ДАХИН ШИНЭЧЛЭГДЭН ГАРЧ БУЙД БАЯРТАЙ БАЙНА
-Би мэтгэлцдэг хүүхэд байсан. Тэр үед цэцэн мэргэний нэвтэрхий толь бол мэтгэлцэгч хүүхдүүдийн гол афоризм, дэлхий ертөнц дээр байгаа томоохон нээлт хийсэн философичдын ямар хүмүүс байсан бэ гэдгийг бие биедээ түгээдэг гол мэдлэгийн уурхай байсан юм байна гэдгийг би бодоод сууж байлаа. Ер нь бол мэдлэг, оюун санаа хэзээ ч хуучирдаггүй гэдгийг өнөөдрийн арван хар номын дахин шинэчилж гаргасан нээлт дээр оролцож байхдаа бодож эргэцүүллээ. Ном бол хүнийг хөдөлмөрлүүлдэг айхтар зүйл. Зүгээр нэг худалдаж авснаараа, номын сандаа байлгаснаараа тэр хүн ухаантай болчихдоггүй. Та номыг уншиж, хөдөлмөрлөж, өөрөө олж мэдсэн юм шиг ухаарч таньсан юм шиг болгодог. Энэ их оюуны хөдөлмөр эрхлэх даалгаврыг бидэнд өгч байгаа юм шиг дахин шинэчлэгдэж залуучуудад хүрч байгаад баяртай байна. Би ч гэсэн нэгийг олж аваад гэртээ яг ингээд зэрэгцүүлээд өрье гэсэн бодол төрж байна.
Б.МАНД
Холбоотой мэдээ