Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд өчигдөр (2021.06.21) эхэллээ. Уламжлал ёсоор нэг хэсгийн багууд сүүлийн тойргийн тоглолтоо зэрэг хийх ёстой тул 00:00 цагаас А хэсгийн дөрвөн баг тоглов.
Сүүлийн 10 тоглолт дараалан гоол алдаагүй байгаа италичууд ээлжит удаагаа гоол алдалгүй дуусгалаа. Өмнөх тойргийн ялалтынхаа ачаар хэсгээс гарах нь тодорхой болоод байсан италичууд гараандаа найман тоглогчийн өөрчлөлт оруулсан нь онцлох зүйл байв.
Гэхдээ ийм олон тоглогчийг өөрчилсөн ч тоглолтын агуулга, чанарын хувьд өөрчлөлт байсангүй. Өмнөх удаа онцолж байсанчлан систем, тактик сайтай баг тоглогчийн хүчээр биш багийн хүчээр явдгийг тодорхой харуулсан гэж хэлж болно.
Уэльсийн шигшээ багийн хувьд дөрвөн оноо цуглуулаад байсан тул хожил байгуулвал долоон оноотой болж, хэсгээ тэргүүлэх боломж байсан. Гэхдээ хожигдсон ч тэдний хувьд хэсгээс гарах магадлал өндөр байсан юм. Учир нь зургаан хэсгээс дөрвөн баг гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарч байгаа билээ.
Тоглолтын эхний хагаст Атлантагийн хагас хамгаалагч Пессина гоолдож, италичуудад тэргүүллийг авчирсан. Улмаар 55 дахь минутад Уэльсийн Ампаду улаан хуудас авснаар Уэльсийн хувьд хожил байгуулна гэдэг маш хүнд болсон юм. Ийнхүү италичууд хэсгийн гурав дахь хожлоо байгуулж, 9 оноотой, нэг ч хожигдолгүй, нэг ч гоол алдалгүйгээр А хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд шалгарлаа.
Жердан Шакиригийн хоёр гоол, Харис Сеферовичийн нэг гоол, нийлбэр дүн 3:1 гэсэн байдлаар Швейцарийн шигшээ баг Туркийг буулган авч, хэсгээс гарах боломжоо өндөр болголоо. Тэдний хувьд 4 оноотой болж, Уэльстэй тэнцсэн ч гоолын зөрүүгээр гуравдугаар байранд бичигдэж байна. Гэхдээ гуравдугаар байранд дөрвөн оноотой байна гэдэг нь хэсгээс гарах боломжоо хангасан гэдэгтэй агаар нэгэн билээ.
Туркийн шигшээ багийн хувьд нэг ч хожилгүйгээр тэмцээнийг өндөрлүүлж байна. Тэмцээний өмнө тэднийг таамаг эвдэх багаар онцолж, хасагдах шатанд ч мундаг тоглолт үзүүлнэ хэмээн хүлээж байсан юм. Гэвч тэмцээний хамгийн муу амжилттай багаар Турк тодорч байна.
Швейцарийн талаас энэ орой Зубер төгс тоглолт үзүүлж, 3 гоолын дамжуулалт өгсөн байна. Шигшээдээ олон жил лидер тоглогчоор нэрлэгдэж буй Шакири чухал мөчид хоёр гоол оруулсан нь Швейцарийн шигшээ багт сэтгэлзүйн том сэргэлт өгсөн биз ээ.