АНУ-ын армид алба хааж явсан, Калифорниос гаралтай, 34 настай Катерин Серу ОХУ-д хуулийн сургуульд сурч байжээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт тэрээр ор сураггүй алга болж, удалгүй цогцос нь Нижный Новгород хотын ойролцоогоос олдсон аж. Цагдаа нар шуурхай ажиллан, сэжигтнийг баривчилж, хүн амины хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Катерин хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, цагаачлалын хуульч болохын тулд Н.И.Лобачевскийн нэрэмжит үндэсний судалгааны Нижный Новгородын улсын их сургуульд сурч байсан аж. Тэрээр хамгийн сүүлд энэ сарын 15-нд хотын ойролцоох жижиг тосгонд харагджээ.
Тэрээр гурван жилийн өмнө ОХУ-д нүүж ирэхийнхээ өмнө АНУ-ын армид алба хааж, Афганистанд үүрэг гүйцэтгэж явсан байна. Катерины гар утсыг шалгаж үзвэл, хамгийн сүүлд ээж рүүгээ “Би танихгүй хүний машинд явж байна. Намайг хулгайлж байж магадгүй” гэж зурвас бичсэн байжээ.
Катериныг алга болмогц цагдаа, иргэдээс бүрдсэн хайгуулын багууд түүний гэрийн ойр хавьд болон утасных нь сүлжээ тасарсан газрын орчимд хайгуул хийсэн байна. Удтал хайсны эцэст цагдаа нар түүний цогцсыг ойгоос олсон бөгөөд хутгалуулснаас болж нас барсан хэмээн дүгнэж байгаа аж.
Цагдаа нар замын камеруудыг шалгаж, хамгийн сүүлд Катериныг суулган авч явсан машиныг олж, сэжигтэнийг баривчилжээ. Сэжигтэний нэрийг нууцалж байгаа ч зарим эх сурвалжуудын мэдээлснээр тус сэжигтэн өмнө нь хэд хэдэн онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан, 40 орчим настай Александер Попов гэгч аж.
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Катерин өмнө нь сэжигтэнтэй амрагийн харилцаатай байсан бөгөөд өөрийг нь хүчирхийлсэн хэмээн цагдаад гомдол гаргах гэж байгаагаа өөрт нь хэлжээ.
Найз нөхдийнх нь мэдүүлснээр Катерин орос ард түмнийг калифорничуудаас илүүд үзэж, сургуулиа төгссөний дараа ч ОХУ-д амьдрахаар төлөвлөж байсан аж. Эл хэргийн талаар одоохондоо АНУ албан ёсны тайлбар хэлээгүй байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ