Тэгж байтал 2008 оны УИХ-ын сонгуультай золгов. Энэ удаагийн сонгуулиар иргэний хөдөлгөөнүүд нэгдэж эвсэл болж “Иргэний хөдөлгөөний нам” байгуулж оролцсон юм. Ж.Батзандан намын дарга болоод удаагүй байхдаа “Улс төрийн намыг далайд гарсан усан онгоцтой адилхан гэж би боддог. Учир нь намын дарга, усан онгоцны ахмадын хоёрын хүлээсэн үүрэг, хариуцлага адилхан байдаг гэж би ойлгодог юм. Тийм болохоор УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Ард түмний намаасаа гарч Ардчилсан намд элсч байгааг маш бодлогогүй алхам хийлээ гэж хэлмээр байна. Далайд гарсан онгоц сүйрэхэд ахмад шийдвэрээ гаргадаг. Мэдээж хамгийн түрүүнд онгоцны зорчигчид, тэгээд багийнхныхаа амийг аварна. Харин нэгэнт тэр онгоцны дарга учир ахмад онгоцтойгоо үлдэх ёстой. Энэ бол бичигдээгүй, тэгсэн мөртлөө хэзээ ч зөрчигдөж байгаагүй чанд хууль юм. Үүнтэй улс төрийн намын даргын байр суурь адилхан” гэж зоригтойгоор мэдэгдэж байсан нь цагаан дээр хараар, бүр тод бичигдсэн байна. Мөн “ИХ” нам бол МАХН шиг авлигачид, АН шиг явцуу эрх ашгийн бүлэглэл биш” гэж мэдэгдэж байсан удаатай. Энэ бүх үйл явдлын дараа долдугаар сарын нэгэн ч болж Ж. Батзанданг “Ганц худаг”-т хорив. “Ганц худаг”-т хоригдож гарч ирснийхээ дараа тэрбээр Ардчилсан намд элслээ. Ж. Батзандангийн байр суурь 360 градус эргэж, олон нийт ч түүнд итгэхээ больсон юм. Иргэний хөдөлгөөний намын дарга яагаад АН-д элсэх болсноо тайлбарлахдаа , “Ардчиллыг залуу хүчнээр сэлбэж улам бүр хүчирхэг болгохын төлөө хамтран ажиллах зорилготой байгаа юм” гэж байв. Харамсалтай нь тэр өмнө нь АН-д хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдэж байсан шүү дээ.
Түүний намын анд О. Магнай ч Ж. Батзандантай нэгэн адил байр суурьтай байсныг бид мартаж болохгүй. Яг л түүнтэй нэгэн адил байр суурийн дээр байсан юм. Долдугаар сарын нэгний үймээн, самууныг зохион байгуулагчдын нэг гэж “Ганц худаг”-т Ж.Батзандантай хамт хорив. Гарч ирснийхээ дараа өмнө нь ярьж байснаасаа огт эсрэг зүйл ярьж эхлэв. Тэрээр эхлээд “Иргэний зориг” намын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдов. Шалтгаанаа “2004 оны сонгуулийн дараа ч гэсэн хоёр өөр нэртэй болохоос эрх ашиг нэгтэй нэг нам л төрийн эрхийг барьж байсан. ЭНИХ хүчтэй тэмцсэний үр дүнд нэг хөнжилд орчихоод байсан МАХН болон АН хоёрыг салгасан. Сонгуулийн дараа Ардчилсан нам нь МАХН-тайгаа хавсарч, Ц.Элбэгдорж нь урт шар дээлтэй Н.Энхбаяртайгаа хамтарч ажиллаж байсныг санаж байгаа биз дээ. Энэ хоёр намын хуйвалдааныг, хамтарч нийлсэн эрх ашгийг бид илчилж ард түмэнд бодит утгаар нь ойлгуулсан. Тиймээс би Иргэний зориг намыг сонгосон юм. Энэ нам дахиж МАХН-тай хамтрахгүй ээ. Өртэй байлаа ч Ардчилсан намд орж өрөө дарахгүй ээ” гэж тайлбарлаж байсан удаатай. Гэтэл дараахан нь Ардчилсан намд элссэнээр Иргэний хөдөлгөөний намын дарга, дэд дарга хоёр олон хүнийг гайхуулаад амжсан юм.
Иргэний хөдөлгөөний намд О. Магнай, Ж. Батзандан хоёртой, дуу хоолойгоо нэгтгэн “улаан тугаа мандуулаад” явж байсан хүмүүсийн нэг нь хүний эрхийн хуульч М.Ичинноров. Тэрээр бас л МАХН, АН хоёрыг буруутгаж явсан хүмүүсийн нэг. Тэрээр tsag.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Аливаа тэмцэлд тодорхой хэмжээний хугацаа байдаг. Монгол оронд улстөрийн ардчилал бий болгох, авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох ажлыг эхлүүлсэндээ би сэтгэл хангалуун байдаг. Гэвч улстөрч хүний хувьд дараагийнхаа алхмыг хийж байна. Монголын нийгмийг цаашид авч явах хоёр том нам бол МАХН, АН гэдэгтэй олон түмэн ч санал бодол нийлж байна. Энэ хоёр нам ээлжилж эсвэл дангаараа төрийн эрхийг барих жишиг тогтлоо. Миний хувьд МАХН-ын гишүүнээр элсч энэ намын хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлд хувь нэмрээ оруулахын төлөө бусад залуусын хамт зүтгэхээр сонголт хийлээ. М.Ичинноров МАХН-ын гишүүнээр элссэнийг гайхаж эргэлзэж, шоконд орж хүлээж аваад байх зүйл биш. Сүүлийн үед МАХН-аас хэрэгжүүлж байгаа залуусыг чиглэсэн, дэмжсэн бодлого шийдвэр таалагдсан. Залуу боловсон хүчнээр эгнээгээ өргөтгөж, улс орныг авч явах ирээдүйтэй залуусыг дэмжиж буй нь ийм сонголт хийхэд хүргэсэн” гэж байв.
Дээр дурьдсан бүх хүмүүс иргэний хөдөлгөөн гэгчийг толгойлж Монголын төрийг цэвэрлэх, шинэчлэх зүйлийн тухай ярьж олон нийтэд монголын төрд батаар гагнагдсан том хар гинжийг тасдах чадал байгаа юм байна гэсэн итгэлийг төрүүлж байв. Даан ч тэд нар өөрсдөө том гинжний хэлхээ цагираг болж анхны зорилгоосоо ухарлаа.
Гудамжинд жагсаж байсан хүмүүсийн нэг нь Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянга. Тэрээр эхнээсээ л хоёр намуудыг шүүмжилж байсан. Ялангуяа “экс” ерөнхийлөгч Н.Энхбаярыг . Гэтэл энэ оны дөрөвдүгээр сарын тавнаас эхлэн түүний үзэл бодолтой нэгдэж эхэлсэн. Хэвлэлээр Амлалт нэхэх ард түмний холбооны жагсаал, түүний нөхөн сонгуульд дэвшсэн бүх зардлыг Н. Энхбаяр ивээн тэтгэсэн гэх “бор шувуу” нисч эхлэв. Яг энэ үйл явдлын дараа тэрээр Үндэсний шинэ намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд очлоо. Тэрээр нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр “Нэг хүний үзэл бодол өөр нэг хүний үзэл бодолтой тохирохгүй гэсэн хууль хаана байгаа юм бэ” гэж хариулж байсан юм.
Энэ бүгдээс авахуулаад гудамжинд жагсаж байсан бүх хүмүүс ямар нэгэн “албан тушаал”-д бүгд л суугаад амжлаа. Ямар сайндаа л Богд-Ар хорооллын нэгэн байрны орцыг иргэний нийгмийн орц гэж нэрлэж байхав дээ.
Иргэний нийгмийн үйл ажиллагаа сул оронд ардчилал хөгждөггүй гэсэн зүй тогтол орчин үеийн улс гүрнүүдэд үйлчилдэг. Анх Аргентинд гарч байсан бүх л хөдөлгөөнүүд өнөөгийн Монгол шиг замхран алга болдог байв. Тэдэнд өндөр албан тушаал, шан харамж амладаг болохоор тэгдэг хэрэг. Тиймээс ч Аргентины хөгжил өмнөд америкийн бусад улсуудынхаас хэдэн жилээр хоцорсон байдаг.
Анх гарч ирэхдээ үнэхээр хүчтэй, үнэн юм ярьж гарч ирж байлаа. Тэд гарч ирэхдээ одоо л том хар гинж тасрах нь гэсэн найдварыг олон нийтэд төрүүлэн гарч ирсэн юм. Гэвч тэд өнөөдөр таг чиг. Том хар гинжийг таслах ёстой хамгийн гол зүйл нь Иргэний хөдөлгөөн. Тэд өнөөдөр чадахгүй болж. Тэгээд хэн, нийгмийн ямар хүчин энэ хар гинжийг таслах вэ?
Гагнасан гинжийг таслагтун! Хэнээр….
Б. Болорсүх