Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг хэрхэн амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл, өв, олдворууд юм. Шинэ үе, шинэ мянганы монгол үрс түүх, соёлын өвөө, дурсгалт зүйлсээ мэдэхгүй өсч торниж байна гэхэд буруудахгүй. Монголын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр (2021.06.21) “Дэлхийд тархсан Монгол өв: гар бичмэл, архивын баримт” олон улсын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдлээ.
Тодруулбал, XX зууны түүхэнд холбогдох ОХУ, АНУ, БНХАУ, Тайванийн төрийн архивуудаас хуулбарлан авсан баримтын цуглуулгуудыг түүхэн цаг үеэр нь үзэсгэлэнд байршуулсан байв.
Хамгийн эхэнд Тайванийн архивын газар хадгалагдаж байгаа Монголын их хаадын 37 зургаас хуулбарлан авсан Их эзэн богд Чингис хаан, Хубилай сэцэн хааны хөрөг зураг байв. Мөн Тайванийн хааны ордон музейд хадгалагдаж буй Монголын нууц товчооны эхийг хуулбарлан энд байршуулжээ. Цаашлаад Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн захидлын хуулбар, Ромын Пап ламаас Монголын их хаанд илгээсэн захидлын хуулбар зэргээр үргэлжлэх аж.
Энд 1921-1980 он хүртэлх Орос, Монголын түүхэн үеийн бичлэгүүдийг монтажлан, 20 минутад багтаасан бичлэг олны анхаарлыг татаж байлаа.
Тухайлбал, 1913 онд Сайн ноён хан Т.Намнансүрэн Хаант Орос улсад айлчлах үед завинд сууж яваа бичлэг, 1921 онд Орос, Монголын хэлэлцээр байгуулагдах үеийн бичлэгт Д.Сүхбаатар жанжны бодит дүрс мөнхөрсөн нь аргагүй сонирхол татна.
150 ЦУГЛУУЛГААС ТӨЛӨӨЛҮҮЛЭН 51 БАРИМТЫГ ДЭЛГЭН ХАРУУЛЖ БАЙНА
Үзэсгэлэнгийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав “Хүн төрөлхтний соёлын чухал ололтын нэг бичиг үсэгтэй болсон явдал юм. Чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөдрийн технологийн эрин үе хүртэл хүн төрөлхтний бүтээн байгуулсан соёлын асар их өв нь бичиг үсэгтэй салшгүй холбоотой. Монголчууд бичгийн өндөр соёл, өвтэй ард түмэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачлагаар Монгол Улсын түүх, соёлын өвийг судлан шинжлэх, хуулбарлан авах, хуулбарлан авсан соёлын өвөө дотооддоо хадгалан хамгаалах, судлан шинжлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар анхаарч, цэгцтэй, системтэй бодлогыг залгамж холбоотойгоор онцгой хэрэгжүүлж эхлээд байна.
Үүний нэг тод жишээ бол "Дэлхийд тархсан монгол өв архивын баримт бичгийн дурсгал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан гаргасан үзэсгэлэн юм. Харин хэлэлцүүлэг өнөөдөр болон маргааш үргэлжилнэ. Есөн орны судлаач, эрдэмтэд оролцоно.
Архивын Ерөнхий газар нь сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөжүүлэн, гадаадын архивуудад хадгалагдаж байгаа, Монголын түүхэнд холбогдох баримт бичгээр архивын сан хөмрөгийг төгөлдөржүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэнд ОХУ, АНУ, БНХАУ, Тайваниас хуулбарлан авсан баримтын 150 цуглуулгаас төлөөлүүлэн 51 баримтыг дэлгэн харуулж байна.
Тухайлбал, БНХАУ, Тайванийн архиваас хуулбарлан авсан Монголын хил хязгаар, нутаг дэвсгэрийн тэмдэглээний зураг, АНУ-ын Төрийн яамнаас Хятадын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Бээжин дэх Америкийн төлөөлөгчийн газарт ирүүлсэн баярын цахилгаан мэдээ, Хүрээнд цэргийн бослого хөдөлгөөнд уриалж, гадаад Монголын тусгаар тогтнолыг өдөөн хатгасан Семёновын тухай Дундад иргэн улсын Гадаад явдлын яаманд мэдэгдсэн бичиг зэрэг гар бичмэлүүд бий”-г онцоллоо.
Холбоотой мэдээ