Хагас кг хүрэхгүй жинтэй төрсөн Ричард Скотт Уиллиам Хатчинсон хүүг эмч нар амьд үлдэж, хүн болох боломжгүй хэмээн дүгнэж байв. Гэвч ус уух хувьтай хүү өдгөө нэг ойн төрсөн өдрөө тэмдэглэж, Геннисийн дээд амжилт тогтоосон байна.
Ричард хүү Миннеаполис хотын Миннесота хүүхдийн эмнэлэгт ердөө таван сартайдаа буюу төрөх ёстой хугацаанаасаа 131 өдрийн өмнө хорвоод мэндэлжээ. Тухайн үед хүү ердөө 337.3 грамм жинтэй байсан аж. Ээжийнхээ өрөөсөн алган дээр багтаж, нимгэхэн арьсных нь цаанаас бүх хавирга, судас нь нэвт харагдаж байсан бяцхан хүүг эмч нар амьд үлдэх боломжгүй учир сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг эцэг, эхэд нь сануулжээ.
Хүүг хариуцаж авсан нярайн эмч Стэйси Керн “Хүүгийн аав, ээж болох Рик, Бет хоёрт нярайн эмч нарын баг Ричардыг амьдрах боломжгүй хэмээн дүгнэснээ тайлбарлаж байсныг би санаж байна. Бяцхан хүүгийн амьдралын эхний хэдэн долоо хоног маш хүнд байлаа. Гэхдээ жаахан л тэсчихвэл хүү амьд үлдэж чадна гэдэгт би итгэж байсан юм” гэж дурссан аж.
Цар тахлаас үүдсэн нөхцөл байдалтай холбоотойгоор Рик, Бет хоёр хүүтэйгээ хамт хонох боломжгүй байв. Мөн ах дүү, хамаатан садан нь ч тэднийг эргэх аргагүй байжээ. Тиймээс Рик, Бет хоёр өглөө бүр гэрээсээ эмнэлэг дээр очин хүүгийнхээ барааг хардаг болсон гэнэ. Рик “Бид хүүтэйгээ ойрхон байснаар амьд үлдэхэд нь дэм болно гэдэгт итгэж байсан. Хүү минь биднийг ойр байгааг, өөрт нь санаа тавьж байгааг зөнгөөрөө мэдэрч амьдралын төлөө тэмцэл нь амжилтад хүрсэн гэдэгт бид итгэдэг” хэмээн ярьжээ.
Ричард хүү эмнэлэгт зургаан сар гаруй эмчлүүлсний эцэст гэртээ харьж, аав, ээжтэйгээ хамт амьдарч эхэлсэн байна. Түүнээс хойш хүү гэр бүлтэйгээ, гурван нохойтойгоо хамт аз жаргалтай аж төрсөөр энэ сарын 5-нд нэг ой хүрчээ. Ричард хүүг "Гиннесийн ном"-д хамгийн бага сартайдаа дутуу төрж, хүн болсон хэмээн бүртгэн авчээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ