Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр зөв зохион байгуулалтад орж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг онцлоод, Covid-19 цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг улам эрчимжүүлж, иргэн, ААН, үйлчилгээний байгууллагуудын мөрдөх стандарт, цагийн хуваарь халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, холбогдох арга хэмжээ авах чиг үүрэг өгөв.
Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой комисс ор дэлгэхтэй холбогдуулан шуурхай хуралдлаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Дүүрэг, орон нутаг бие дааж Covid-19-ийн эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй. Бид дарга гээд буруу харж суугаад байлгүйгээр иргэдтэйгээ хамтарч цар тахлын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Цаашлаад ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж, шаардлагатай газар ор дэлгэх ажил хийх хэрэгтэй. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Тамгын газрын байрыг халдвар авсан иргэдийг эмчлэх зорилгоор ор дэлгэж, түр эмнэлэг болгоно" гэсэн юм.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд дүүргийн нутаг дэвсгэрийг таван бүсэд хуваан ажиллаж буй бөгөөд бүс тус бүрийг уялдаа холбоотой ажиллаж, ариутгал халдваргүйтгэл хийж, хоггүй болгохоос эхлээд иргэд рүү чиглэсэн ажлыг үе шаттай хийнэ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, дүүргийн удирдлагууд 2024 он гэхэд 9 сургууль, 7 цэцэрлэг ашилалтад оруулах ажлыг хотоос бодлогоор дэмжиж ажиллана хэмээн онцолсон юм.
Мөн дүүргийн хэмжээнд IGM буюу Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл боловсруулаад, бүтээн байгуулалтаа хийхэд бэлэн болсон. Энэ ажилд нийслэлээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Улиастайд 12 км зам шинэчлэхэд шаардлагатай төсөв дээр онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ