Бурхан багшгүй бүтдэг ажил Монголд алга

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Бурхан багшгүй бүтдэг ажил Монголд алга

Хаврын синдром гэж байдаг. Намрын синдром бас хөдлөө юм уу, телевиз үзэж, сонин уншсан ч хэрүүл хиймээр болоод тэсдэггүй ээ.

УИХ-ын гишүүн асан, Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатарын ярилцлага саяхны нэгэн сонинд хэвлэгджээ. “Говийн хөгжлийн төлөө” гэх ТББ-аас санаачлан Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэмтэй дүйхүйц түмэн жилийн настай шүтээнийг Өмнөговь аймагт бүтээх гэнэ. Өмнөговь аймгийн төвөөс 20-иод км-ын зайд орших Хан Уул хэмээх шүтлэгтэй хайрханыг бүхэлд нь ороосон бурхан багшийн цогцолбор байгуулах юм байх. Эхний ээлжинд тус бүр 2,8 метрийн өндөртэй 108 суврагыг боржин чулуугаар бүтээх бөгөөд гол шүтээнийг нь Улаанбаатараас тээвэрлэхэд 40 орчим камаз машин хэрэгтэй гэж гайхуулсан байх юм. Энэ нь 800 орчим сая төгрөгөөр бүтэх төлөвтэй аж. Харин 108 суврагыг Монголын 108 шилдэг гэр бүлүүд нэг нэгээр нь авч, овог удам, ах дүүгээрээ нийлэх бүтээх аж. Үүний тулд ТББ-ынхан өөрсдийн “шилдэг” гэж өргөмжилсөн 108 гэр бүл рүү захидал явуулж ятгасан бөгөөд дийлэнх нь эзэнтэй болоод байгаа юм байх.

Энэ тухайгаа гишүүн асан “Магадгүй Египетийн пирамид, Хятадын цагаан хэрмийг анх барьж байх үед түүн шиг утгагүй зүйл байгаагүй байж болно” гээд Өмнөговьд барих бурхан багшийн цогцолбор ч гэсэн хэзээ нэгэн цагт тэдэн шиг түүхийн үнэт өв болж, жуулчдын харааг булаан доллораар бороо оруулна хэмээн зөгнөжээ.

Ер нь ч сүүлийн үед манайхан айл бүр л нэг шалтаг олон суварга барьж, эцэг эхээ мөнхөлж, үр хүүхдээ даатгадаг моод дэлгэрээд байгаа. Бүр байтлаа давраад Халхын  Зая гэгээний төрсөн нутаг Мухар хужиртын рашааны эхэнд байдаг есөн чулуун суваргыг сумын сэхээтнүүд өмчлөн авч, өөд болсон аав ээжийнхээ нэрэмжит суварга болгон Их хутагтыг доромжлов ч гэх шиг. Нэг л их их суварга босгосон, өөрсдийгөө мөнхөлсөн хүмүүс. Уул харахаараа л суварга босгож, овоо тахиж дөвчигнөдөг болоод байгаа. Ажаад байхнээ бидэнд өнөөдөр гэж байхгүй ч юм шиг, хэзээ хойно археологичдын олж илрүүлэх булшны үлдэгдэл, түүхийн дурсгал болохын төлөө л амьдарцгааж байгаа юм шиг загнацгаах болов.

Өмнөговьд барих бурхан багшийг цогцолбор түүхийн үнэтэй дурсгал болохоос гадна бас бус ач тустай эд аж. Санаачлагч бээр энэ үйл хэргийнхээ учир шалтгааныг их сонин зүйлээр тайлбарласан байна лээ. Говь нутагт уул уурхай эрчимтэй хөгжих нь тодорхой болсон учраас байгаль орчныг хайрлах, хамгаалахын тулд энэ цогцолборыг барьж байгуулж байгаа гэнэ. Хачирхалтай хэрэг шүү.

Уг нь орчин үед байгалиа хамгаалахын тулд суврага босгох биш суваг шуудуу татаж, ус урсгаж, мод тарьж, мах бага идэхийг дэлхий нийтээр уриалж байгаа. Үүний тулд салбар хариуцсан яам агентлаг гэж байж, бодлого төлөвлөлт хийж, төсөв баталдаг. Сал­барынх нь хууль эрх зүйг боловсронгуй болгож, үүнийгээ хэрэгжүүлэх төрийн олон шат дамжлагуудыг ажиллуулдаг. Харин манай дарга нар үүнийг умартаад байгаа юм уу, кинон дээр Маньбадар гүн ардуудын эсэр­гүүцлийг дарахын тулд “Ард” Аюушийг чавганц нарын оймс гутлан доогуур мөлхүүлж, шахаанд оруулдагтай адил юм яриад байх юм.

Тэгээд ч Ц.Оюун­баатар даргын хувьд гаалиар орж ирж байгаа барааныхаа татварыг бүрэн аваад, байцаагч нараа авлигаас ангижруулж, иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох тал дээр анхаарал тавьбал гавьяа нь тэр болно. Цаана чинь нэртэй төртэй УИХ-ын гишүүн хүн төрийн албаны түшмэлүүдийн шунал хэрээс хэтэрч, дээхэн үед биллиард тоглуулж, ганц шил виски бэлэглээд ажлаа бүтээдэг байсан бол одоо тоохоо больж, өгсөн вискигээр нь духыг нь хага цохиод, ганц хоёр зуун мянган төгрөг сарвайвал “Үүнийгээ овоонд өргө” гэж доромжилдог болсон тухай барин тавин ярьсан байна лээ. Харин тэр байгаль хамгаалах асуудлыг Л.Гансүх сайдтай нь, бурхан шажин, түүх соёлоо сэргээх үйлийг Чойжамц хамба, түүхийн хүрээлэнгийнхэнтэй ярьвал арай нэг чихэнд наалдаж, газарт буух байлгүй.

“Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөх” гэгчээр жишээнд орсон нь л мань хүн болохоос биш угаасаа манай дарга нарын хийдэг ажил суварга шүтээн босгох, лус тахиж, ламд мөргөх болоод байгаа. Хичнээн ч их нүгэл үйлдсэн болохоороо тэгдэг юм бүү мэд. Манай дээдсүүд Монгол Улсыг мандан бадруулахын тулд Дарханд байгуулсан бурхан багшийн сэрэг дүрийг босоо тэнхлэгээр Монголын нутгийг хөндлөн гулд барихаар төлөвлөж, Эрдэнэтийн Хар уул, Улаанбаатарын Зайсанд дахин хоёрыг босгохоор төлөвлөөд байгаа гэсэн. Ингээд Монголд бурхан багшгүйгээр бүтдэг ажил гэж байхаа болилоо. Өчигдөр л гэхэд Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба хурах сургаар Монголын хамаг л мөнгөтэй төгрөгтэй баян хүмүүс тус бүр нэг суварга бүтээлгэж аваад гэр бүлийхнээ даатгахаар замд гарч. Уг нь суварга гэдэг зүйлийг баяжихын тулд биш, амар амгаланг бэлгэдэж бүтээдэг зүйл юм гэнэ лээ.

1950-иад онд Түвдээс дүрвэсэн 14 дүгээр далай лам орох орон, ойчих аягагүй явахад нь үргэлж газар хөдөлж, гамшиг болж байдаг Дармасалаг зааж өгч, “Үүнээс өөр газар алга, та л өөрөө үүнийг номхотгож суу даа” гэсэн юм гэнэ билээ. Далай лам 100 гаруй хоног ном уншиж, суврага бүтээж байж тэр хавийн газар нутгийг төвшитгөн шавь нартайгаа суурьшсан гэдэг. Гэтэл ганц мэгзэм бүтэн цээжлээгүй атлаа мухар сүсэг, хуурамч сүжгээр амьдарч байна.   

Монголчууд сая 500 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дээр хоёр сая 700 мянгуулаа. Нэг хүнд ноогдох байгалийнхаа баялгаар дэлхийд эхний аравт жагсдаг орон. Ийм баян орны энэ хэдхэн хүнийг хүний дайтай амьдруулахын тулд нэг их толгой өвдөж, тамтгаа бараад байхын учир шалтгаан байхгүй. Гэхдээ хүн болгон дор бүрнээ өөр өөрийнхөө урдах ажлыг хэтрүүлэн биш юмаа гэхэд хийх ёстой хэмжээнд нь хийгээд байвал шүү дээ. Төр нь төр шиг байж, иргэн хүн нь иргэн шиг амьдарч, хийхээ хийж, эрхээ эдэлж, хүний зэрэгтэй амьдрах нь энэ цагийн шаардлага. Орчин үед хүний амьдралын наад захын хэрэгцээ бол унтах ортой, усанд орох боломжтой, өөрийн гэсэн байшинтай байх л шаардлага. Гэтэл энэ баян орны иргэдийн тал хувь нь нийслэлдээ шахцалдан амьдарч, тэдний 70 хувь нь гэр хороололд өдөрт 6-7 литр ус хэрэглээгээ хязгаарлаж, модон жорлонд бие засч, түүхий нүүрс, хаймар шатаан дулаацаж байгаа. XXI зууны гутамшиг. Оршин суугчдынх нь тал хувь ядууралд идэгдсэн, 800 мянган хүн төрөөс халамж, тэтгэмж авч амьдардаг. Энэ бол улс орны хөгжил, иргэншлийн хэмжүүр, гадаадынхны гайхшийг бардаг ганц зүйл нь. Түүнээс биш биднийг хэдэн ширхэг суварга босгосон, хэдэн удаа бурхан залснаар дэлхий нийт үнэлэхгүй.

Тэр тусмаа Өмнөговьд бурхан заллаа гээд байгаль орчин сэргэхгүй, уул уурхайн компаниудын технологи сайжрахгүй. Үүнд зориулсан үйлдвэрлэлийн орчин үеийн стандарт, олон улсын түвшинд хүрсэн гэрээ хэлэлцээр гэж бий. Тэгээд монгол хүн болгон хуулиа мөрддөг, мөрдөхийг ч бусдаас шаарддаг байвал болоод явчих зүйл. Эрх биш шинжлэх ухаан гэж нэг юм байна. Монголчуудад одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж, дэлхийн бусад орны иргэдийн нэг адил унах унаа, амьдрах орон байр, баталгаатай ажлын байртай, ирээдүйдээ итгэлтэй амьдрахыг хүсч байгаа. Бурхан багш хэдий олон мутартайч  байшин барьж, тоосго цохиж чадахгүй шүү дээ. Тиймээс зарим нэг ажилийг нь бид өөрсдөө хийхээс өөр арга алга. Тэгэхгүй бол монголчууд мөд удахгүй өнгөрсөн түүхийн үзмэр, гадна дотныхонд үзүүлж мөнгө олдог зоопаркийн амьтан болж мэдэх нь.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж