АН: Тангараг өргөх өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарла!

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

АН: Тангараг өргөх өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарла!

АН: Тангараг өргөх өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарла!

Ардчилсан намаас өнөөдөр (2021.06.21) 11.30 цагт Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийлээ.


ЦАР ТАХЛААР АМИА АЛДСАН 436 ИРГЭНИЙ АР ГЭРТ НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ЁСТОЙ

Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэхдээ "Өнөөдөр монгол хүний аминаас илүү үнэтэй зүйл бий гэж үү. Улсын хэмжээнд 400 гаруй хүн цар тахлын улмаас харамсалтайгаар амь насаа алдчихаад байна. Гэтэл энэ тоо өнөөдөр статистик болж үлдэх ёстой юу. Бидэнд тулгамдаж буй асуудал бол цар тахал. Энэ бол Монголын зовлон. Монгол Улс иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэж чадахгүй бол дэлхийн улс орнуудтай яаж хамтарч ажиллах вэ.

Ер нь иргэд нь олноороо нас барж байхад төр нь дуугүй хараад сууж болохгүй. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч тодорхой нэг өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, тэмдэглэдэг. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөх ёслолын өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлаасай. Тэгээд энэ асуудлаа шийдэхийн төлөө манлайлж ажиллахыг хүсч байна" гэв.

Мөн тэрбээр “Одон медаль хийж буй мөнгөөрөө яагаад амьсгалын аппарат худалдаж авч болоогүй юм бэ. Цар тахлаар амиа алдсан 436 иргэний ар гэрт нөхөн олговор өгөх ёстой. Арван тэрбумаар наадам хийх тухай ярьж байхаар амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр гээд арван сая төгрөг өгөхөд 4.3 тэрбум төгрөг шүү дээ. Найрлаж, наадамлах цаг мөн үү.

Тэмдэг одон медаль тараахын оронд Үндсэн хуулиа эргэж хар. Үндсэн хуульд төр засаг иргэний үүргийг хангахуйц эдийн засаг, хууль зүйн бусад баталгааг хариуцна гэж заасан. Гэтэл төрийн хариуцлага хаана байна вэ.

МАН шагнал гардуулахдаа мөнгө босгож чаддаг юм байна. Тэгвэл яагаад амь насаа алдсан иргэдийн ар гэрт мөнгө босгож чадахгүй байгаа юм бэ. Зургадугаар сарын 25-ны өдөр парад жагсаал явах биш, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч иргэдийнхээ аюулгүй байдлыг боддог бол тангараг өргөх өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлах ёстой. Цар тахалтай холбоотой багагүй мөнгө төсөвт орж ирсэн. Энэ мөнгө юунд зарцуулагдав. Бусад орнуудад цар тахлын тоо буураад байдаг. Гэтэл Монгол Улс цар тахлаар дэлхийд тэргүүлж байна. Ашиггүй зардлаа танаач ээ. Энэ мөнгөнөөс өвчтэй, бизнесээ боомилуулсан иргэдийнхээ асуудлыг яагаад шийдэж болохгүй байгаа юм бэ.

Эрх баригчид цар тахлын хуулиар түрий барьж, иргэдийн бизнесийг зогсоож, хөдөлгөхгүй барьж байгаа. Хаваржин хөл хорьсон. Үр дүн хаана байгаа юм бэ. Зургадугаар сарын 15-ны өдөр бид маскгүй явна гэж хэлсэн биз дээ. Төрийн амнаас гарч буй үг хариуцлагатай байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг буцаагаад иргэнд зарцуулахгүй яагаад харамлаад байгаа юм бэ. Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг яагаад нэмж болохгүй гэж. Төр мөнгөгүй юм уу гэхээр мөнгө байгаад байна. Саяхан УИХ-ын нэг гишүүн медалийн тоог нэмж болохгүй юм уу гэж ярьж байгааг бүгд харсан.

Монголд шагнал, шийтгэл гэж хоёр зүйлийг л мэддэг. Сүүлдээ байшин шагнадаг болчихлоо. Нэг бол шийтгэлээр айлгадаг. Болохгүй бүтэхгүйг шүүмжилсэнийг айлгадаг байж болохгүй” гэлээ.


Ч.ӨНӨРБАЯР: У.ХҮРЭЛСҮХ ТАНГАРАГ ӨРГӨХ ӨДРӨӨ ПАРАД ЯВУУЛАХ БИШ, ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛ

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын тамга тэмдгийн асуудал юу болж байна вэ?

-Шүүх дээр өмгөөлөгч нар төлөөлөөд явж байна. Өнөөдөр намын дотоод асуудал гэхээс Монголын дотоод асуудал чухал болоод байна. Монгол хүний аминаас илүү зүйл байдаг юм уу. Миний авч буй мэдээллээр хүүхэд, жирэмсэн эмэгтэй нас барж байна. Яагаад өөрт ирээгүй зовлонг бид хардаггүй юм бэ. Яагаад энэ хандлагыг өөрчилж болохгүй байгаа юм бэ. Үүнийг улс төржүүлэх хэрэггүй.

-АН-ын дотоод асуудал хэрхэн өрнөж байна вэ. Их ялагдлын дараа эв нэгдэл чухал гэж ярьж байсан шүү дээ?

-Бид намын асуудлаа дотооддоо шийднэ. Тодорхой алхмууд хийх ёстой. Өнөөдөр намын дотоод асуудлаас илүү Монголын зовлон чухал байх ёстой. Өнөөдрийн тулгамдсан асуудал цар тахал болчихлоо. Яг жилийн өмнө УИХ-ын сонгууль болоход цар тахал буурна гэж байсан. Тэгтэл улам дордчихлоо.

Намууд хамтарч гарц хаймаар байна. Нэг нь сөрөг хүчин, нөгөө нь эрх баригч гэж хармааргүй байна. Иргэдийн өмнө тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй байгаа улсад хэн итгэж хөрөнгө оруулж, гэрээ хийх юм бэ. Ер нь бол иргэдийн амь насаа алдсан асуудалд төр чимээгүй байж болохгүй.

-Амиа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг хөндлөө. Тиймээс Үндэсний эмгэнэлийн өдрийн талаар тодруулж тайлбар хэлэхгүй юу?

-Ухнаагийн Хүрэлсүх тангараг өргөх өдрөө Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлаасай гэж хүсч байгаа юм. Монгол Улс өнөөдөр хүнд байдалд орсон байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд улс төрийн манлайлал хийх ёстой. Тангараг өргөх өдөр парад явуулах биш эмгэнэл илэрхийлэх ёстой. Улс төрч гэдэг асуудлаас зугтаадаг байж болохгүй.

🔴 ШУУД | Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийгзарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, June 20, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж