Дэлхийн 23 орон хүүхдүүдээ вакцинжуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

COVID-19

Дэлхийн 23 орон хүүхдүүдээ вакцинжуулж байна

Дэлхийн 23 орон хүүхдүүдээ вакцинжуулж байна

БНХАУ энэ сард биотехнологийн "Синовак" хүрээлэнгийн хүүхдүүдэд зориулан бүтээсэн цар тахлын эсрэг вакциныг гурваас дээш насны бүх хүүхдэд яаралтай тусламжийн журмаар хийхийг зөвшөөрч, вакцинжуулалтыг даруй эхлүүлсэн билээ. Түүнчлэн тус орны "Кансино" хүрээлэнгийн бүтээсэн хүүхдийн вакцин клиникийн хоёрдугаар шатны туршилтаа хийж байгаа бол "Синофарм" компани хүүхдүүдэд зориулсан вакцины судалгаа хийж эхэлсэн байна.

Харин Европын холбоо, АНУ, Канад тэргүүтэй барууны орнуудад Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хийхэд аюулгүйг батлан, хэрэглэж эхэлсэн. Тус компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр таваас 11 насны хүүхдүүдэд зориулсан вакцины туршилт удахгүй эхлэх бөгөөд энэ онд багтаан зөвшөөрөл авахаар төлөвлөжээ. Түүнээс гадна эрдэмтэд АНУ-ын "Moderna" компанийн бүтээсэн вакциныг 12-оос дээш насныханд аюулгүй хэмээн баталсан тул зөвшөөрөл хүлээж байгаа аж.

Гэвч дэлхий даяар олон орон хүүхдүүд байтугай эмч нараа ч вакцинжуулж чадахгүй байгаа тул мэргэжилтнүүд баян орнуудыг илүү вакцинуудаа бусдад хандивлахыг уриалсаар байгаа юм.

Бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн орнуудыг жагсаан үзвэл:

Ази- Номхон далай

БНХАУ энэ сарын 5-нд гурваас 17 насны бүх хүүхдээ "Синовак" хүрээлэнгийн вакцинаар дархлаажуулж эхлэв.

Сингапур энэ сарын 1-нд 12-18 насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв.

Япон өнгөрсөн сарын 28-наас эхлэн 12-оос дээш насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.

Филиппин өнгөрсөн сарын 26-наас 12-15 насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.

Хонгконгийн засгийн газар "12-оос дээш насныхны вакцинжуулалт удахгүй эхэлнэ" гэжээ.

Ойрхи Дорнод

Израиль энэ сарын 6-нд 12-15 насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв. Гэхдээ үүнээс өмнө зарим онцгой нөхцөлөөр 16-аас доош насны зарим хүүхдүүдийг вакцинжуулж байсан.

Арабын нэгдсэн Эмират улс тавдугаар сарын дундуур Pfizer/BioNTech компанийн вакциныг хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөнд Дубай 12-15 насны өсвөр настнуудаа вакцинжуулж эхэлжээ.

Америк

АНУ тавдугаар сарын дунд үеэс 12-17 насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.

Канад тавдугаар сарын эхээр Pfizer/BioNTech компанийн вакциныг 12-15 насны өсвөр настнуудад тарихыг зөвшөөрсөн тул вакцинжуулалтыг даруй эхлүүлсэн байна.

Бразил энэ сарын 11-нд 12-оос дээш насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв.

Чили мөн 12-16 насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхэлсэн гэнэ.

Европын холбоо

Франц 12-оос дээш насны өсвөр настнуудыг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ.

Герман энэ сарын 10-нд зөвхөн онцгой шаардлагатай хүүхдүүдийг Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулахыг зөвшөөрсөн байна.

Итали тавдугаар сарын 31-нд 12-15 насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв.

Унгар өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн 16-18 насны өсвөр настнуудаа вакцинжуулж буй.

Литва энэ сард багтаан 12-оос дээш насны өсвөр настнуудыг дархлаажуулж эхэлнэ гэв.

Испани 12-17 насны өсвөр настнуудаа хичээлийн жил эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө дархлаажуулж эхлэхээр төлөвлөжээ.

Австри наймдугаар сарын сүүл гэхэд 12-15 насны нийт 340 мянган өсвөр настнуудыг вакцинжуулахаар төлөвлөж байна.

Эстони энэ оны намраас эхлэн өсвөр настнуудаа дархлаажуулж эхлэхээр төлөвлөж байна.

Европын холбооны бус Европын орнууд

Нэгдсэн Вант улсын эрх баригчид энэ сарын 16-нд 12-15 насны өсвөр настнуудыг Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулахыг зөвшөөрсөн боловч сайд нар вакцинжуулалтыг эхлүүлэхийн өмнө илүү нарийн судалгаа шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Швейцарь энэ сарын 4-нд 12-15 насны өсвөр настнуудаа Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулж эхлэв.

Норвеги цар тахлын халдвар авбал ноцтой хүнд өвчлөх эрсдэлтэй гэж үзсэн хүүхдүүдэд Pfizer/BioNTech компанийн вакцин тарихаар хэлэлцэж байна.

Сан Марино 12-15 насны өсвөр настнуудаа вакцинжуулж эхэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж