Евро-2020 тэмцээн эхлэхээс өмнө олон улсын хөлбөмбөгийн аналистууд, мэргэжилтнүүд Туркийн шигшээ багийг таамаг эвдэж, том амжилт үзүүлэх магадлалтай битүү морьд гэж харж байлаа. Гэвч таамаг бодит байдал дээр бүтэлгүйтэл болж хувирав.
Өчигдөр (2021.06.20) Европын аваргын хэсгийн шатны сүүлийн буюу гуравдугаар тойргийн тоглолтууд эхлэв. Хасагдах шатанд шалгарах боломжгүй болсон Туркийн шигшээ баг энэхүү тойрогт Швейцарийн шигшээтэй Баку хотод тоглож, 3-1 гэсэн харьцаатай хожигдож, гурван тоглолтын дараах байдлаар ганц ч оноо авалгүй тэмцээнээ өндөрлүүлэв. Гэхдээ нэг онцлох үзүүлэлт байсан нь туркчууд Евро-2020 тэмцээний нэр төрийн буюу анхны гоолоо оруулсан юм.
Европын аваргын түүхэнд ердөө 11 улс нэг ч оноо авалгүй тэмцээнээ өндөрлүүлж байсан аж. Харин хамгийн муу амжилт үзүүлснээр нь жагсаавал 2000 оны Дани, 2004 оны Болгар, 2012 оны Ирланд, 1984 оны Югослав, 2021 оны Турк улсууд айргийн тавд явж байна.
Туркийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шенол Гюнеш өчигдөр тоглолтын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би үүний хариуцлагыг үүрнэ. Тоглогчид, арын албаныхан ч хариуцлагаа үүрнэ. Тэмцээн эхлэхийн өмнө бид финалд тоглоно гэж төсөөлж байлаа. Гэтэл одоо шүүмжлэлийн бай боллоо. Одоогоор би халагдах талаар бодохгүй байна. Гэхдээ бүтэлгүйтсэнийхээ шанг төлөх ёстой. Энэ Туркийн шигшээ баг манай улсын дараагийн 10 жилийн өнгө төрх. Гэхдээ Евро-2020 тэмцээнд үзүүлсэн бидний тоглолт шиг тоглолт дахин гарах ёсгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч огт болохгүй. Энэ тэмцээн бидний хувьд том шалгуур байлаа. Энэ удаагийн бүтэлгүйтэл бидэнд туршлага болж, ирээдүйд том амжилт гаргахад дөхөм болно гэж бодож байна” гэв.
Харин багийн гол тоглогчдын нэг Мерих Демирал ярихдаа “Хүлээлт өндөр байсан ч бүтэлгүйтэл нь илүү том байлаа. Ирээдүйд бид олон том тэмцээнд оролцоно. Тэнд л хэн болсноо харуулах болно. Баг маань залуу байна. Цаашдаа хүлээлтэд хүрч тоглоно. Эх орон, ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Би багийн нөхөддөө итгэдэг. Бид их зүйл сурлаа” хэмээжээ.
Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг харахад Европын том лигүүдийн том багуудад хүчин зүтгэдэг нэр олонтой. Жишээлбэл, АС Миланы Хакан Чалханоглу, Ромагийн Женгиз Ундер, Лэйстер Ситигийн Чалар Сёюнджю, Ювентусийн Мерих Демирал, Ливерпүүлийн Озан Кабак, Лиллийн Бурак Йылмаз гэх нэрс цуварна. Ямартай ч ирэх 2022 оны ДАШТ болон 2024 оны Европын аваргад алдаанаасаа суралцсан Туркийн шигшээ баг том амжилт үзүүлэх биз ээ.