XXI зууны төрийн ЭРЧИМТ ХӨДӨЛГӨӨН буюу шинэ үеийнхний давлагаа

Хуучирсан мэдээ: 2021.06.21-нд нийтлэгдсэн

XXI зууны төрийн ЭРЧИМТ ХӨДӨЛГӨӨН буюу шинэ үеийнхний давлагаа

XXI зууны төрийн ЭРЧИМТ ХӨДӨЛГӨӨН буюу шинэ үеийнхний давлагаа

Хүн төрөлхтөн өөр өөрийн цаг мөч бүртээ төрийн шинэчлэлтэй нийгмийн шинэчлэлийг уялдуулан хөгжүүлж, хөтөлж, түлхэж, манлайлж ирсэн нь та бидний оршин буй нийгмийг бүтээх хүртэлх урт цагийн ололт амжилт, алдаа онооны цуглуулга юм. Хүн болгон дор бүрнээ өөр өөрийн амьдрахуйг төгс зөв зурахыг эрмэлздэг ч хаа нэгтээ бүдэрч унасан чулуу, хаа нэгтээ олж нээсэн олз завшаан болгон бидний бүтээсэн ертөнц болдог гэж үзэх юм бол төр засаг ч мөн үүний нэгэн тусгал нь гэдэгтэй уншигч та маргаж мэтгэлцэхгүй л болов уу. Учир нь, нийгмийн харилцаа өөрөө төрийн бүтээл, төрийн тусгал байдаг бөгөөд төрд хүн ажилладаг, төрийг хүн бүтээдэг гэж үзэх юм бол өнөө цагийн өөрчлөлт шинэчлэлтээс ч хойш сууж ухрах эрх бидэнд үгүй. Тиймээс ч орчин цагт төрийн шинэчлэлийг хүн амын насны бүтэц болоод ажиллах хүчний насжилттай холбон үзэх болсон бөгөөд ахмад, дунд, залуу үеийн гурван хэлхээнд төрийн бодлого зангидагдаж гэмээнэ хүн амын сайн сайхны төлөө үйлчлэх ёстой төрийн бодлого зүй зохистой төвшинд батлагдаж, хэрэгжих нь дамжиггүй. Иймд Монгол Улсын 3.3 сая хүн амын 1.4 сая нь 16-44 насныхан байгаа нь төрийн бодлого шинэчлэгдэх, төрийн алба өөрчлөгдөх зайлшгүй гол шалтгаан юм. Тэр дундаа, авлига хээл хахууль, хүнд суртал, танил тал харсан өнөө цагийн төрийн тухай дампуу сэтгэгдлийн эсрэг шинэ залуу боловсон хүчний сэлгэлт хийж гэмээнэ орчин цагийн зөв төрийн тухай ойлголт хөрс суурин дээрээ бэхжиж яригдах нь дамжиггүй ээ. Тиймээс ч сүүлийн жилүүдэд Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэчлэл болон шинэ үеийнхний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, идэвхжүүлэх чиглэлд ихээхэн чармайлт гаргах болсон бөгөөд ахмад, дунд үеийн уламжлалт хэлхээн дээр залуу үеэ сургах, төлөвшүүлэх, туршлагажуулахад анхаарах болсон байна. Энэ тухай Төрийн албаны зөвлөлийн зүгээс “Төрийн албаны тухай хуулийн гол үзэл баримтлал болох мерит зарчмыг хэрэгжүүлэх үндсэн суурь нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, ажил хэргээ явуулахад нь шаардагдахуйц мэдлэг, ур чадварыг олгоход дэмжлэг үзүүлэх явдал юм. Амжилттай ажиллаж, ахиц дэвшил гаргахад техникийн мэдлэг, сургалттай холбоотой ур чадварын зэрэгцээ манлайлал, харилцан эв дүй цагийн менежмент зэрэг хувь хүний зөөлөн ур чадвар маш чухал боллоо” хэмээн дүгнэж буй.

Үүний нэгэн адил зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийн хувьд төрийн албаны шинэчлэлийг шинэ үе буюу Z үеийнхний нийгэмд үзүүлэх нөлөө, тэдний сэтгэл зүй, хүсэл сонирхолд нийцсэн төрийн албыг бүрдүүлэх тухай зарчим эрчимтэй яригдах болсон бөгөөд энэ тухай ойлгохын тулд Сингапурын үндэсний их сургуулийн Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор Зегер Ван Де Валын “XXI зууны Төрийн албаны менежер” номыг сөхөж уншихад гэмгүй юм. Уг номонд Z үеийнхний тухай, тэдний идэвх зүтгэлийг төрийн албанд хэрхэн үр дүнтэйгээр “нутагшуулах” тухай тодорхойлсон бөгөөд хувь хүнжих хандлага буюу индивидуализмыг хүлээн зөвшөөрч төлөвшүүлэх нь шинэ төрийн амжилт ололтын нэг гишгүүр хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, XXI зууны төрийн албаны менежер шинэ залуу боловсон хүчний хэрэгцээ шаардлага, ура чадвар хөшүүргийг урьдчилан зөв тодорхойлохоос төрийн албаны шинэчлэл бодит утгаараа биежнэ ээ гэсэн үг. Энэ үеийнхний хувьд 1995 оноос хойш төрсөн залуус хамрагддаг.

Өдгөө дэлхийн хүн амын хоёр тэрбум нь Z үед харьяалагдаж байгаа бөгөөд хил хязгааргүй дэлхий нийтийн харилцаа холбоо, хүн төрөлхтний оршихуй дахь нөлөөлөл талаас нь бодож, асуудлыг зөвхөн Монгол Улсын хэмжээнд авч үзэх боломжгүй болж байгаа аж. Цаашлаад энэ үеийнхний нэг том ялгарал нь “унаган дижитал” үе гэсэн сонирхолтой тодорхойлолтод багтаж байгаа явдал бөгөөд үүнийг дагасан төрийн албаны цахим шинэчлэл, үйлчилгээний стандарт, цаг хугацааг товчлох хүсэл тэмүүлэл бүр давхар яригдах, бичигдэх учиртай. Тиймээс ч чадахуйн зарчим дээр суурилсан төрийн албаны ажлын байрны тухай тодорхойлолтыг орчин үежүүлэх шаардлага нь өөрөө шинэ үеийнхнийг танин мэдэх чин эрмэлзлээс эхлэх ёстой юм.

Манай улсын хувьд 2018 оноос мөрдөгдөж эхэлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиар шинэ залуу үеийг дэмжих хууль эрх зүйн орчин шинэчлэгдэн батлагдсан бөгөөд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийн төрийн албаны шинэчлэлийг цахим шинэчлэлтэй холбох уялдаа холбоо бүхий зорилт яах аргагүй итгэл төрүүлэх нэн шинэ үндэслэл болсон гэдэгтэй маргах аргагүй. Үүнийг дагаад төрийн албанд ажиллах хүсэлтэй шинэ залуу үеийн тоо жилээс жилд нэмэгдэж энэ онд гэхэд 13 мянган иргэн Төрийн албаны шалгалтад бүртгүүлсний 52.4 хувь нь 30 хүртэлх насны залуус буюу Z үеийнхэн байгаа нь яах аргагүй олзуурхууштай үзүүлэлт юм. Тэдний хувьд төрийн албаар дамжиж нийгмийн шинэчлэлд гар бие оролцох хүсэлтэй буйгаа дор бүрнээ илэрхийлсэн бөгөөд орчин цагийн төрийн албаны тухай тодорхойлтод дүйж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэдэг бол яах аргагүй сайшаалтай үр дүн. Тиймээс ч Төрийн албаны зөвлөлөөс сүүлийн жилүүдэд залуу үеийн манлайллыг дэмжих зорилгоор 2017 онд шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, чадахуйн зарчимд суурилсан өсөн дэвжих боломжийг нам, улс төрийн хүчний үнэмлэх хамаарахгүй нээлттэй болгож ирсэн байна.

Мөн дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын үед Монголын төрд хийгдсэн цахим шинэчлэл, хүний нөөцийн зөв төлөвлөлт, удирдлагын хүрээнд нэг өдөр, нэг цаг ч төрийн албаны үйл хэрэг, үйлчилгээ саатаагүй бөгөөд дараа дараагийн удаад төрийн алба хурдан шуурхай, хүнд сурталгүй, саад бэрхшээлгүй ажиллах боломж бүрджээ хэмээн дүгнэхэд буруудахгүй болов уу. Дээр нь, “Алсын хороо 2050” хөгжлийн хөтөлбөрт “Сонгуулийн үр дүнгээс үл хамааран төрийн албан хаагч тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албаны шатлан дэвшүүлэх тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлнэ” хэмээн тэмдэглэн хуульчилсан нь төрийн албыг улс төрийн хамаарлаас ангид байлгах, зэрэгцээ хоёр замаар тус тусын газартаа хүрэх боломж өндөр болж байгаагийн илрэл болов уу.

Түүнчлэн төрийн албанд өөр нэг зүйл ёсоор бичих, ярих ёстой шинэчлэлийн хөшүүрэг бол сургалт, сургалт бас дахин сургалт. Энэ нь төрийн албанд орсон л бол гарах зам байдаггүй, яг л тэр байрандаа тэр албандаа хадагддаг тухай хуучинсаг ойлголт нь тэртээ зуунд үлдсэн бодит түүхийн эсрэг сөргүүлэн тавих баримт нотолгоо. Төрийн албаны зөвлөлийн зүгээс боловсон хүчнээ сургах, хөгжүүлэх хүрээнд чамгүй ажил хийж ирсний нэг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу 2016-2020 онд төрийн албан хаагчдын хамрагдан сургалтын тухай бодит мэдээлэл. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөр, байгууллага хоорондын санамж бичиг, буцалтгүй тусламжийн хүрээнд 1195 албан хаагчийг дэлхийн 30 гаруй орны тэтгэлэгт сургалтанд хамруулсан байна. Тэдний 38 хувь нь сургалтаа дуусгаад эх орондоо ирж ажил албаа үргэлжлүүлсэн бол 68 хувь нь дараагийн шатны эрдмийн зэрэг горилох сургалтанд хамрагдаж байгаа аж.

Мөн зөвхөн хилийн чинадад гэхгүйгээр дотооддоо гэхэд Удирдлагын академитай хамтран түшмэлийн мэргэшүүлэх багш сургалтад 31, эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 159, ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтад 2530, төрийн албан хаагчид, төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалтад 643, мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад 473, төрийн албан хаагчийн мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад 571, зорилтот богино хугацааны сургалтад 1058 төрийн албан хаагчийг тус тус хамруулжээ. Эндээс харахад хэрэв залуус та бүхэн зорилгоо тодорхойлж, төрийн албаны шинэчлэлээр дамжуулан нийгмийн шинэчлэлд идэвх зүтгэлтэй, гол нь үр дүнтэй оролцохыг хүсвэл төрийн албанаас шантрах бус харин урагшаа зүтгээд үзээрэй. Яагаад гэхээр төрийн алба шинэчлэгдэх зайлшгүй шаардлага нь залуу таны болон ирээдүйн Монгол Улсын хөгжил дэвшлийн үндсэн суурь бөгөөд XXI зууны Монголын төрд Таны оролцоо хувь нэмэр хэмжээлшгүй хэрэгтэй гэдгийг эцэст нь уламжлая. XXI зууны төрийн ЭРЧИМТ ХӨДӨЛГӨӨН буюу шинэ үеийнхний давлагаа хүч түрэг ээ.

Д.ЦЭНГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж