Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлж, үлгэрийн мэт зураг төслүүд танилцуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл ихэнх нь цаасан дээр хэвээрээ, ашиглалтад орсон нь эхнээсээ иргэдийн шүүмжлэлд өртөж эхлэв. Заримаас нь дурдвал Чингис хаан музей, Андлалын өргөө, Сүхбаатарын талбайн усан оргилуур, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр гэх мэт.
Өнгөрсөн жилийн өдийд сошиал орчинд Хэнтий аймагт бүтээн байгуулсан “Андлалын өргөө”-тэй холбоотой олны шүүмжүүд өрнөсөн. Харин энэ жил Чингис хаан музейн барилга шүүмжлэл дагуулж эхэллээ.
Судлаачид "Монголд хэчнээн гайхамшигтай зураг төсөл хийлээ гэж бодоход барилгачид энийг хийж чадахгүй байна. Барилгын салбарт ийм боловсон хүчин, хүний нөөц дутмаг, техник технологи, ур чадвар хангалтгүй байна" хэмээн хэлж буй юм.
Монгол Улсын тэргүүлэх салбарын нэг бол барилга, бүтээн байгуулалт. Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж, өндөр шилэн барилгууд нэмэгдсээр. Бид барьж буй барилгын чанар стандартыг ярьж байснаас салбар дахь хүний нөөц, мэргэжлийн инженер, ур чадварын талаар сөхөж ярьдаггүй. Учир нь барилгын туслахаас эхлүүлээд инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн ажлыг хэн дуртай нь хийж, барилгын норм стандарт тогтоох болсон.
Улаанбаатар хотод монгол архитекторын зураг төслөөр хийсэн орчин үеийн чанар стандартад нийцсэн архитектурын бүтээл тун цөөн. Бараг байхгүй гэж хэлж болно. Архитектурын бүтээл хийхэд барилгачдын ур чадвар дутаж байна уу, төсөв мөнгөө хангалтгүй байдаг уу.
Энэ талаар Монголын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч, зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар ярихдаа “Улсын хэмжээнд архитектор мэргэжлээр бакалавраар суралцаж төгссөн залуус олон бий. Тэр дундаа салбартаа олон жил ажиллаж, мэргэшсэн архитекторууд ч байна. Ер нь энэ мэргэжлээр залуус хангалттай бэлтгэгдэж, суралцдаг. Ойролцоогоор 2000-3000 гаруй архитектор байгаа. Сүүлийн жилүүдэд барилгыг зураг төслийн дагуу барилга баригдахгүй байна гэдэг хөрөнгө санхүүгээс шалтгаалдаг.
Төсөв мөнгө нь дутагдалтай учраас зураг төсөлд тусгасан элемент хийцүүдийг хийж чадахгүй байгаа.Энгийн материалаар чанартай барилга барихгүй. Архитектор, барилгачдын ур чадварын хувьд хаана ч гологдохгүй. Сүүлийн жилүүдэд барьж буй орчин үеийн хийцтэй барилгуудын ихэнхийг гадаадын архитекторын зураг төслөөр барьж байна. Энэ нь манай цаг уурын нөхцөл байдалд нийцэхгүй байгаа.
Манайхны өөрсдийн хийсэн барилгууд захиалагчгүй, хөрөнгө оруулагчгүй, төсөв муутай байдаг. Түүхэндээ анх удаа монголчууд өөрсдөө музейн барилга барьсан нь олны шүүмжлэл дагуулж буйг хэлсэн юм.
Тэрбээр олны шүүмжлэл дагуулж буй Чингис хаан музейн барилгын талаар хэлэхдээ “Музейн бүтээн байгуулалтын материалын сонголтоо архитекторын төлөвлөснөөр хийхгүй, архитектор нь эргээд хяналтаа тавьж чадахгүй. Тийм учраас сүүлийн жилүүдэд барилгуудыг аргацаасан байдлаар барьж байна. Уг нь үндэсний уламжлал, соёлыг тусгасан дахин давтагдашгүй урлагийн бүтээл бүтээн байгуулах ёстой” гэв.
Хэнтий аймагт барьсан “Андлалын өргөө”-ний зураг төслийг мэргэжлийн архитектор бус уран барималчид хийснийг архитекторууд хэлж байв. Мөн барьж эхлэхээр газар чөлөөлж буй Үндэсний их театрын барилгын зураг төслийг уран барималч хийснийг мэргэжлийн архитекторууд барилга болгохоор хоёр жил шахам “ноцолдож” байгаа сурагтай.
Монгол Улсын зөвлөх архитектор, гавьяат барилгачин Я.Шархүү “Хүмүүсийн шүүмжлэл дагуулаад байгаа Чингис хаан музейн барилгыг Туркийн музейн барилгатай яг адилхан барьсан байна. Эмээл хийцтэй том төв цэнгэлдэх барина гээд байсан. Яг тийм цэнгэлдэх хүрээлэнг Хятадад барьчихсан байна. Энэ мэтчилэн оюуны өмчид хамаагүй халдаж, архитектурын бүтээл хуулбарлаж болохгүй. Гадаадын архитектурын бүтээл хуулсан хүмүүс олширчээ.
Монголд барилгыг урлаг талаас нь барьж чадахгүй байна. Барилгачдын ур муу байна. Мөн захиалагчид энүүгээр яах юм бэ гээд төсвийг нь хасчихдаг. Өнөөдөр эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс энд тэндгүй хөшөө дурсгал, барилга дур дураараа барьж байна. Улсдаа ганц хүүхдийн парк асар том орон зай эзэлж байгаа ч тэнд ногоон байгууламж, орон зайн урлаг ерөөсөө байхгүй. Бүхэл бүтэн хүрээлэн ажиллаж байж тэр том орон зайг бий болгоно шүү дээ” гэв.
Холбоотой мэдээ